Дөрөвдүгээр сарын 4 | News.MN

Хуучирсан мэдээ: 2010.04.04-нд нийтлэгдсэн

Дөрөвдүгээр сарын 4

Дөрөвдүгээр сарын 4-ний баяр

Улаан өндөгний баяр. Христийн дахин амилсан гэх үйл явдал нь загалмайтнуудын агуу баярын нэг юм. Нүгэл, үхлийг ялан дийлж, ертөнцийн эзэн Исус Христийн ариутган бадраасан хорвоод оршихын эхлэл гэсэн утгыг энэ баяр илэрхийлнэ. Хадан гэрээс тэнгэрт халих өдөр энэ хэрэг болсон гээд түүнийг христийн ертөнцийнхөн Пасха гэж нэрлэдэг ажээ.
Ихээхэн тарчлаан ба үхлийнхээ гурав дахь өдөр буюу бямба гаригийн шөнө Исус Христос өөрийн тэнгэрлэг ид шидээр амилан хүн төрхөөс хувирч асар том чулуунд дарагдсан авснаасаа чулууг хөдөлгөлгүйгээр, харуулынханд мэдэгдэлгүйгээр, тамга тэмдэгийг нь эвдэлгүйгээр тэнгэрт заларсан гэнэ. Тэр цагт  харуул түүнийг мэдэлгүйгээр хоосон авсыг манаж байсан гэнэ. Гэнэтхэн агуу газар хөдлөлт болон тэнгэрээс сахиусан бурхан бууж ирээд авсыг тагласан чулууг зайлуулаад түүн дээр суужээ. Түүний хувцас нь цав цагаан, аянга мэт төрхтэй байв. Харуулд байсан дайчид эхлээд ухаан алдан унацгааж дараа нь сэрээд зугтжээ. Энэ өдөр буюу долоо хоногийн эхээр Мария Магдалина, Мария Иаковлева, Иоанна, Саломия зэрэг эмэгтэйчүүд ертөнцийн эзний цогцосыг оршуулахад нь угаан тослох аритгалаа хийгээгүй тул ёслолыг гүйцээхээр Исусын  булш руу явжээ. Тэд Исусын булшинд харуул тавиад агуйг нь тамгаласныг мэдэлгүй, авсыг тагласан том чулууг хэн зайлуулж өгөх бол гэж ярилцан явцгаажээ. Мария Магделана бүхнээс түрүүлэн тэнд ирэхэд үүр бүрэн цайгаагүй харанхуй байв. Чулууг авснаас зайлуулсаныг харсан тэрээр Петр, Иоан хоёрт гүйн очоод “Бурханыг авснаас нь аваад явжээ. Хаана байгааг мэдэхгүй нь” гэж хэлсэн аж. Тэднийг эргэн гүйж ирэхэд чулуун дээр дээр сууж байсан Сахиусан тэнгэр харагдаад “Бүү ай, та нар цовдлогдсон Исусийг хайж буйг мэдэж байна. Тэр энд байхгүй. Түүний байсан газар ороод үз. Дараа нь түүний шавь нарт очин түүнийг дахин амиласныг дуулга” гэж хэлсэн гэдэг.
Пасхийн баяр жил бүрийн өөр өөр өдөр тэмдэглэгдэх боловч тэмдэглэх хугацаа нь дандаа ням гаригт таардаг ажээ.

Интернэтийг ивээгч хувилгаан Исидорын өдөр. Севилийн католик хувилгаан Исидор (Isidore of Seville), Севилийн тэргүүн хамба (560-636) өөрийн буянаас гадна шинжлэх ухаанд дуртай байснаараа алдартай. Тэрээр шавьжны тухай анхны номуудын нэгийг бичсэн ба Аристотелийн бүтээлийг анх Испанид таниулж өгсөн өргөн мэдлэгтэй хүн байжээ. Мөн түүнийг сурагч ба оюутнуудыг ивээгч гэдэг. 1999 онд Ромын хамба лам II Иоанн Павел интернэт ба компьютер хэрэглэгчдийг ивээчээр Исидорыг зарласан юм.

Үйл явдал

1147 он. “Москва” гэсэн нэр анх дуулдсан байна. Ван Юрий Долгорукий Черниговын ван Святослав Ольговичийг уулзахаар урихдаа “Приди ко мне, брате, в Москов” гэж бичсэн нь Москвагийн тухай анх хэлэгдсэн гэж тооцогддог. Үүнээс нь үүдээд Юрий Долгорукийг Москва хотыг үндэслэгч гэх болжээ.

1856 он. Дэлхийн хамгийн ховор шуудангийн маркийн адал явдал эхэлжээ. Колонийн шуудангийн хэрэгслийг ачин ирсэн усан онгоц хожигдсоноор Британийн Гвиана колони буюу өнөөгийн  Гайанагийн хоршооллын улсын хэвлэх үйлдвэрт цорын ганц хувиар, гар аргаар уг маркийг хэвлэсэн байв. 1876 онд нэгэн хүү аавынхаа захидлын дугтуйнаас маркийг олон ууранд барин хуулж аваад хөршийнхөө марк цуглуулагчид зургаан шиллингээр худалдсан байлаа. Таван жилийн дараа тэр марк Европт хүрч иржээ. Баахан наймаалагдсан маркийг
1980 онд Америкийн тэрбумтан Жон Дюпон 935000 доллараар худалдан авсан байна. Одоо хаа байгаа нь тодорхойгүй нууц. Дюпон 1997 онд олимпийн чөлөөт бөхийн аварга Дейв Шульцийг хөнөөсөн хэргээр 30 жилийн ял аван шоронд байгаа ажээ.

1932 он. Америкийн биохимич Чарльз Глен Кинг анх удаагаа С амин дэмийг гарган авсан байна. 1927 онд Унгарын биохимич Альберт Сент-Дьёри нэгэн бодис ялгаж авсаныг хожим Кинг цинга өвчнөөс урьдчилан сэргийлэхэд хэрэгтэй гэж нотолсон аж. Уг амин дэмийн бүтцийг тогтоож, таван жил ажиллаж байгаад аскорбины хүчлийг гаргаж авчээ.

1949 он. Европын орнуудын тусгаар тогтнолд гарсан аюул, Чехад болсон төрийн эргэлт, баруун Берлиныг бүслэн хаасан зэрэг нь Баруун Европын орнуудад хамтын хамгаалалтын байгууллага байгуулах  түлхэц болсон байна. 1948 онд Брюсселийн гэрээ байгуулсан Бельги, Их Британи, Люксембург, Нидерланд, Франц анхлан эвсэл байгуулаад дараа нь АНУ ба Канадтай Хойд Атлантын эвсэл НАТО-г байгуулах хэлэлцээр хийсэн байна. 1949 оны энэ өдөр Вашингтон хотноо Европ болон Хойд Америкийн 12 орон Хойд Атлантын эсвэл байгуулах гэрээнд гарын үсэг зурснаар НАТО байгуулагджээ.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж