УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Ж.Сүхбаатар, Ж.Энхбаяр нар өнгөрсөн тавдугаар сард авлигын асуудлаар нээлттэй сонсгол зохион байгуулахад энэ чиглэлийн зохицуулалт хангалтгүй байгаа нь харагджээ. Тиймээс дээрх гишүүд Авлигын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар болж, судалгаа хийсэн бөгөөд энэ явцад төрийн албанд ажиллагсдын ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах шаардлагатай нь харагдаж, Нийтийн албанд нийтийн болон хувийн сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төслийг боловсруулах шаардлага тулгарсан байна.
Тус төсөлд зааснаар төрийн албаныхан сонирхлын зөрчлөө мэдүүлдэг болно. Тухайлбал, УИХ-ын гишүүн сонирхлын зөрчлийн мэдүүлгээ УИХ-ын Ёс зүйн дэд хороонд гаргаж өгнө. Харин УИХ-ын гишүүн хэрнээ Засгийн газрын гишүүн бол Авлигатай тэмцэх газарт энэхүү Сонирхлын зөрчлийн мэдүүлгээ гаргаж өгөхөөр тус бүр заажээ. Түүнчлэн хаанаас, хэнээс ямар бэлэг авснаа ч мэдүүлдэг болно. Ингэснээр тухайн хүн сонирхлын зөрчилтэй асуудал дээр шийдвэр гаргахаас аль болох өөрөө сайн дураараар татгалздаг болж, тэр хэрээр нийгэмд хэвийн үзэгдэл болчихоод байгаа сонирхлын зөрчлийг хязгаарлахад илүү хялбар болно гэж төсөл санаачлагчид үзжээ.
Дашрамд дурдахад дээрх хуулийн төсөл батлагдан гарснаар төрийн албаны тухай хуульд ч мөн томоохон өөрчлөлт орох шаардлага зүй ёсоор тавигдах юм байна.