Японы мэргэжлийн сумо бөхийн дэвжээнд ид хаваа гайхуулан барилдаж буй
озэки Харумафүжи Д.Бямбадорж эх орондоо ирээд байгаа билээ. Тун удахгүй
Япон руу буцаж, нэгдүгээр сарын хацү башёгийн бэлтгэлдээ орох гэж буй
озэки Харумафүжи өчигдөр сэтгүүлчдэд хандан хэвлэлийн бага хурал хийж,
телевизийн реалити шоу зохион байгуулах болсон талаараа мэдээлэл өглөө.
Хэвлэлийн хуралд Харумафүжи Д.Бямбадорж, түүний том ах Д.Баасандорж
болон сумо бөхийн тайлбарлагч Д.Алтанхуяг нар оролцсон юм.
“Монголын
нууц товчоонд нэвтрэхүй” нэртэй түүхэн сэдэвт уралдаант нэвтрүүлгийг
реалити шоу хэлбэрээр зохион байгуулах бөгөөд супер ялагчийг Японд хоёр
жил хэлний сургуульд суралцах эрхээ шагнах ажээ. Озэки Харумафүжи
Д.Бямбадоржийн тухайд тус шоуг дэмжин монгол хүн бүр үүх түүхээ мэддэг,
түүгээрээ бахархдаг байгаасай гэсэн үүднээс хамтран ажиллахаар болж,
шоуны супер ялагчийн Японд суралцах зардлыг хувиасаа даахаар болсон
байна.
“Монголын
нууц товчоонд нэвтрэхүй” реалити шоуны гол түлхүүр нь Монголын нууц
товчоо байх ба шоунд оролцогчид Монголын нууц товчоонд дурдсан байдаг
Монголын түүхийн холбогдолтой асуултад хариулах ёстой. Эхний шатны
оролцогчдод тавих асуултыг вэбсайтаар дамжуулан олон нийтэд зарлах юм.
Харин дараа дараагийн шатанд асуултууд улам бүр хүндэрч, Монголын нууц
товчоог зөвхөн унших бус гүн гүнзгий ойлгож, өөрийн гэсэн ойлголт
дүгнэлттэй болсон оролцогчид тунан үлдэх ажээ. Улмаар сүүлийн шатанд
шалгарсан 100 оролцогчоос шилдэг 10-ыг шалгаруулахаас гадна супер
шагналын эзэнг тодруулах юм. Дашрамд дурдахад, зохион байгуулагчдын
зүгээс тус уралдаант шоунд ихэвчлэн оюутан залуус оролцоно гэсэн үүднээс
шилдэг 10 оролцогчийг бүтэн жилийн сургалтын төлбөрөөр шагнаж,
урамшуулах гэнэ.
“Монголын нууц товчоонд нэвтрэхүй” шоунд
зориулж, зохион байгуулагчид нь “Мөнхийн үсэг” хэвлэлийн компанитай
хамтарч, шоунд зориулсан Монголын нууц товчоог худалдаанд гаргах ба тус
номыг худалдан авснаараа шоунд оролцох эрхтэй болох аж.