Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс ирүүлсэн мэдээгээр энэ оны эхний 11 сарын байдлаар улсын хэмжээнд 36 мянга 741 халдварт өвчин бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 1880 тохиолдол буюу 5.4 хувиар илүү байжээ. Энэхүү ихсэлтэд гол нөлөөлсөн өвчин нь гар хөл амны өвчин 2320 буюу 10 дахин, хоолны хордлого 505 буюу 4.5 дахин, вируст хепатит А 6004 тохиолдол буюу 15.7 хувиар нэмэгдсэнтэй холбоотой гэнэ. Үүнээс вируст гепатитын өвчлөл Хөвсгөл, Говь-Алтай, Баянхонгор, Дорноговь, Дорнод, Хэнтий, Дархан-Уул, Өвөрхангай, Баян-Өлгий аймгууд болон Улаанбаатар хотод улсын дунджаас өндөр гарчээ. Энэхүү вируст гепатит өвчний 86.8 хувь нь А хэлбэрийн вирусээр үүсгэгдсэн бөгөөд өвчилсөн хүмүүсийн 61.2 хувь нь 0-9 насны хүүхдүүд байсан аж. Эдгээр хүүхдүүдийн 71.8 хувь нь сургууль цэцэрлэгээс өвчилсөн бөгөөд зарим сургууль цэцэрлэгээс 3-47 тохиолдол голомтлон гарч байжээ.
Халдварт өвчин судлалын тандалтын багийнханы судалгаагаар аймаг, нийслэл, сум орон нутагт хүн амын унд, ахуйн хэрэгцээний усны хэрэгцээ, хангамж дутмаг, хүнсний аюулгүй байдал алдагдах, хөрс, ус, агаар орчны болон гэр орон сууц байрны, ясли, цэцэрлэг, сургууль, хоолны газар, дэлгүүр, зах, ажлын байр зэрэгт ахуйн бохирдолт их байгаасаас дээрх өвчлөлүүд гарч байна. Мөн сургууль, цэцэрлэг зэрэг хүүхдийн байгууллагын ачаалал норм хэмжээнээс 2-4 дахин ихсэснээс хүүхдүүдийн бие засах газар, гар угаах нөхцөл, ус, саван, ариутгах, цэвэрлэх бодис, материал зэрэг ариун цэврийн наад захын хэрэгслэлийн хүрэлцээ хангамж хангалтгүй болсон. Урьдчилан сэргийлэх, халдварт өвчний тандалт, эрт сэрэмжлүүлэх, илрүүлэн оношлох, тусгаарлах, голомтонд авах хариу арга хэмжээ, эмчлэх, диспансерийн хяналт тавих нь хангалтгүй байна гэж дүгнэжээ.