“Шударга ёсны үнэлэмж ба шүүхийн шинэтгэлийн өнөөгийн өнгө төрх”

Хуучирсан мэдээ: 2010.04.04-нд нийтлэгдсэн

“Шударга ёсны үнэлэмж ба шүүхийн шинэтгэлийн өнөөгийн өнгө төрх”

МУИС-ийн багш, хууль зүйн ухааны доктор Ш.Цогтоогийн Ардчилсан хүчний холбооны анхдугаар Их хуралд тавьсан хавсралт илтгэл УИХ-ын Байнгын хороон дарга, АХХ-ны Ерөнхийлөгч, УИХ-ын эрхэм гишүүн Зандаахүүгийн Энхболд үнэн үгтэй, зарчимч байр суурьтай асуудал дэвшүүлсэн сайхан илтгэл тавьж, олон хүнд ирээдүйдээ итгэх итгэлийн гал өглөө. “Ардчилал” арай ч ингээд дуусчихаагүй Монгол үндэстэнд хөгжлийн их боломж байгааг, шударга ёс-ардчилсан ёс дэглэмийг жинхэнэ утгаар нь сэргээн босгох арга замууд нээлттэй байгааг нотлон харуулсанд гүн талархалтай байна.
Хүн төрөлхтөний түүх бол шударга ёсны төлөө тэмцлийн түүх юм. Шударга ёсны төлөө хүмүүс нийгмийн зохион байгуулалтад орж, төрийг бий болгосон. Шударга ёсны төлөө тэд хуулийг бий болгосон. Шударга ёсны төлөө шүүхийг бий болгож, түүнийг шударга ёсны баталгаа хэмээн дэлхий дахинаараа хүлээн зөвшөөрөөд олон зуун жил болжээ.
Тэгвэл Монгол Улсад хэний ч нөлөөнд үл автах, бусдаас хараат бус байх тангарагтай шүүх эрх мэдэл маань шударга ёсны баталгаа болж чадаж байна уу? Хуучин цагийн МАХН-ын дохио зангаагаар ажиллаж ирсэн практик хэр зэрэг өөрчлөгдсөн бэ? Эсвэл улам дордсон уу? гээд олон асуулт энэ нийгмийг, энэ нийгмийн иргэд, олон нийтийн сэтгэлийг түгшээсээр байгаа нь нууц биш ээ. Үүнтэй холбогдуулж өдгөө шүүх ямар төвшинд ажиллаж байна вэ? Цаашдын чиг хандлага нь ямархуу байвал зохистой вэ зэрэгт тус нэмэр болох зарим нэгэн асуудлыг хөндөе. Үүнд:
Нэг. Шүүгчийн хараат бус байдлыг хангана гэж олон жил ярьсан. Гэтэл бид нэг зүйлийг мартсан байна. Энэ юу вэ гэвэл шүүгч хүн хариуцлагатай байх явдлыг мартжээ. Шүүгч хараат бус байхын зэрэгцээ хариуцлагатай байх ёстой юм байна. Энэ бол шүүхийн шинэтгэлийн үзэл баримтлалын нэг чухал хэсэг гэдэгт эргэлзэхгүй байна.
Шүүх хариуцлагагүй байгаагийн олон жишээг дурдаж болно. Наад захын хамгийн энгийн жишээг хэлэхэд, шүүгч шийдвэрийнхээ биелэлтийг хариуцдаг байх хэрэгтэй байна. Шийдвэрийнхээ биелэлтийг шүүгч, шүүхийн байгууллага хариуцахгүй юм бол шийдвэр гаргаад яах юм бэ. Нийгмийн удирдлага ба засаглалын аль ч шатны байгууллага гаргасан шийдвэрээ өөрөө хариуцдаг нь хүний нийгмийн тогтсон ёс ямар ч маргаангүй хэв хууль шүү дээ.
Шүүх шийдвэрээ хариуцаж чадахгүй байгаа учраас энэ хариуцлагагүй байдалд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагууд “Биелүүлэх аргагүй шийдвэрийг бид гүйцэтгэж чадахгүй тэр шүүхдээ очиж хэл” хэмээн олон ч хүнийг хохироож байна, шүүхийн нэр хүндийг ч навс унагаж байна.
Иймд шүүгчийг хариуцлагатай шийдвэр гаргадаг болгох, гаргасан шийдвэрээ хариуцсан шиг хариуцдаг болгох асуудал шүүхийн шинэтгэлийн гол концепци байх ёстой. Судалгаанаас үзэхэд шүүх үйлчлүүлэгч нартаа байнга л хардах сэжим төрүүлж байгаа нь хариуцлагагүйн жишээ. Маш өндөр хувьтай давж заалдаад байна гэдэг бол шүүгчид гомдож, итгэл алдсарсны тодорхой жишээнүүд шүү дээ.
Өөрөөр хэлбэл хариуцлагагүй шүүгчийн хариуцлагагүй алдаанд Улсын дээд шүүх болон Шүүхийн ерөнхий зөвлөл хариуцлага тооцох чадваргүй байна. Харин бүр эсрэгээр нь алдаа дутагдал гаргасан шүүгчдээ далдуур хамгаалж, ядарсан хүмүүсийг нийлж хавсайддаг шударга бус явдал захиргааны ба иргэний хэрэг дээр нэлээдгүй газар авчээ.
Шүүхийн шийдвэрийг эрх мэдэлтнүүд бүх төвшиндээ гуйвуулж байхад шүүхүүд хууль зөрчигчидтэй, өөрийнх нь шийдвэрийг завхруулагчидтай, төв орон нутгийн хууль зөрчсөн дарга сайд нарт ая тал засч, ядарсан, ганцаардсан, хавчигдсан иргэдийн эрх зүйн байдлыг дордуулсан дээр нь улам дордуулж байна. Шүүх мэдсэн ч мэдээгүй мэдээгүй юм шиг дүлий дүмбэ оргидог болсон байна. Үүнийг хараад дуугүй суух олон түмний тэвчээр туйлдаа хүрчээ.
 
Хоёр. Шүүхийн шийдвэрийг албан тушаалтнууд үл ойшоож, жирийн төрийн албан хаагчдыг ноцтой хохироож байгаа талаар олон зуун гомдол, мэдээлэл Ардчилсан Хүчний холбоонд байнга ирж байгаагийн дотроос зарим нэг нийтлэг маягийн жишээг та бүхний сонорт хүргэе. Тухайлбал,
а. Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлгийн дарга Г.Оюунжаргалыг зөвтгөж, гурван шатны шүүх, түүний дотор Улсын дээд шүүхийн шийдвэр гарсан боловч аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Дамдинсүрэн гэгчийн санкцаар Г.Оюунжаргалын орлогч даргаар нь нэгдүгээр гарын үсэг зуруулж дээрэлхдэгээс гадна “Чи манай намын хүн биш, бид сонгуулиа бодож байна, чи зайл” гэж байнга дарамталдаг байна. Уг нь С.Ламбаа сайд “Дамдинсүрээн чи яасан ёс суртахуунгүй хүн бэ. Шүүхийн шийдвэрийн эсрэг үйлдлээ зогсоо” гээд л болох зүйл. Зогсохгүй бол хариуцлага тооцох л асуудал. Гэтэл С.Ламбаа сайд өнөө хүртэл ийм алхам хийхгүй байгаагаас ардчилсан үзэл бодолтойгоосоо болж монголын хязгаар нутгийн нэгэн сэхээтэн хэлмэгдэн хохирч, төрсөн нутагтаа ажиллаж, амьдарч болохгүйд хүрээд байна.
б. Өвөрхангай аймгийн Төгрөг сумын сургуулийн захирал А.Чулуунмөнхийг сумын Засаг дарга, ИТХ-ын дарга, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ИТХ-ын дарга, аймгийн засаг даргын дэргэдэх Боловсролын газрын дарга Б.Мөнхжаргал нарын бүлэг албан тушаалтнууд улс төржүүлэн хавчиж, шүүхээс сумын засаг даргын захирамжийг түдгэлзүүлэн зогсоочихоод байхад хүртэл ажлыг нь хийлгэхгүй, хажуугаар нь өөр хүн томилон даажигнадаг байна. А.Чулуунмөнхийн хүний эрх, улс нийгэмдээ шударгаар хөдөлмөрлөх эрхийг хэрхэн хөсөрдүүлж, ажлаас нь хүчээр бас хууль бусаар халсныг яривал хэтэрхий бүдүүлэг, ардчилсан нийгэмд байж боломгүй олон асуудал өрнөх учраас тэр бүрийг нуршилгүйгээр товчхон хөндөхөд ийм байна.
в. Нийгмийн даатгалын ерөнхий газрын /НДЕГ/ хэлтсийн дарга асан С.Отгоныг гурван шатны шүүх, УДШ-ийн Ерөнхий шүүгч С.Батдэлгэрийн нэрийн өмнөөс ажилд нь оруулчихаад байхад, одоогийн НДЕГ-ын Тамгын хэлтсийн дарга Баттөмөрийн Энхбаяр гэгч этгээд “Шүүхийн шийдвэр биелүүлээгүй хүнийг чи муу яах юм бэ? Чамайг гаалийн Цогтоо шиг болгоно шүү. Арван жил хохироод л хоцордог юм даа. Чиний наад цаасыг чинь яг биелүүлж харагдаач” гэж шүүх хурал дээр болон ажил албан дээрээ хэд хэдэн удаа давтан хэлж, шүүгчид, өмгөөлөгчид, нэхэмжлэгчид, хөндлөнгийн бусад хүмүүсийг сайд Ц.Нямдоржоор сүрдүүлэн ил цагаан зүхэн доромжилж, иргэн С.Отгоныг ажилд нь оруулахгүй, гэр бүл, үр хүүхдийг нь давхар хохироож, давхар доромжилж байх жишээтэй. Б.Энхбаяр гэгч энэ үл бүтэх этгээд төрийн албанд байх ёс суртахуунтай хүн мөн үү? Үүнд Монгол Улсын төрийн албаны зөвлөл шалган хариу өгч, иргэн С.Отгоны гомдлыг барагдуулах байх.
Энэ бол эцсийн дүндээ төрийн албаны ёс зүйн хэм хэмжээг дээд зэргээр гуйвуулан завхруулж буйн жишээ бөгөөд эдгээр шүүхийн шийдвэр биелүүлдэггүй нэр бүхий дарга нарт Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн дарга  Д.Зүмбэрэллхам ажлаас халуулах хүртэл арга хэмжээ авч, МУ-ын төрийн алба хууль зөрчигчдийн талбар болоогүй, авлигал, албан тушаалын худалдаа наймаанд идэгдээгүй байгаа гэдгийг монголын олон нийтэд харуулах ёстой гэж үзэж байна /алга ташив/.
Гурав. Шүүхийн шийдвэрийг хөлийн уландаа гишгэж, төрийн албаны ёс зүйг удаа дараа бүдүүлгээр зөрчсөн УНДЕГ-ын Тамгын хэлтсийн дарга Б.Энхбаяр, Хөвсгөл аймгийн ЭМГ-ын дарга Л.Дамдинсүрэн, Өвөрхангай аймгийн Боловсрол соёлын газрын дарга Б.Мөнхжаргал, Төгрөг сумын Засаг дарга Х.Гэрэлмаа нарын төрийн албаны ямар ч ёс суртахуунгүй даварсан албан тушаалтнуудад хариуцлага тооцон, эрх хэмжээгээ хэтрүүлсэн хууль бус үйлдлийг нь нэн даруй зогсоож, эрх мэдэлтнүүдийн байнгын дарамт шахалтад сэтгэл зүйн болоод материаллаг хохирол амсч, зовж шаналж яваа жирийн төрийн албан хаагчдын эрх ашгийг хамгаалж өгөхийг энэ Их хурлын индэр дээрээс Монгол Улсын Төрийн албаны зөвлөлд албан ёсны хүсэлт болгож байна.
Хосолмол хам шинж өвчтэй болсон шүүх засаглалын доройтол, төрийн албаны ялзрал, албан тушаалтнуудын дур зоргын ааш авирт зэвүүцэж, дургүйлхсэн олон түмэн, зарим улс төрчид “цустай, цусгүй” хувьсгал, зөөлөн ширүүн “төрийн эргэлт”, “бослого тэмцэл”- эсэргүүцлийн хөдөлгөөнийг санал болгож байгаа нь нууц биш болжээ. Даварсан албан тушаалтнуудад хариуцлага хүлээлгэхийн төлөө хамтдаа тэмцэж, шударга ёсыг тогтооцгооё.
Ардчилсан үзэл бодолтойгоосоо болж хохирч байгаа иймэрхүү жишээ хэдэн зуугаараа байгаа бөгөөд ардчилсан үзэл бодолтой шударга ёс зарчимтайгаас болж нөхөр нь, эхнэр нь, хүү нь гурвуулаа ажлаас халагдсан жишээ Говьсүмбэр аймагт гарчээ. Ардчиллын төлөө хүмүүс тэр энэ нам гэлтгүйгээр золиослогдож байхад АН-ын удирдлагуудын байр суурь тун ойлгомжгүй байна.
Товчдоо бол МАХН, АН-ын зарим сайд, дарга нар албан тушаалтнуудын даварсан, дураараа дургисан ааш авирыг улам дэврээж, хууль бус үйлдлийг нь таслан зогсоохгүй байгаа гол буруутны нэгийг хамтарсан Засгийн газар мөн гэдэгт шударга ёсыг эрхэмлэгч монголын олон нийт, түүний дотор МАХН, АН-ын мянга мянган гишүүд туйлаас зэвүүцэн дургүйцэж буйг онцлон тэмдэглэе.
Аль ч утгаар нь аваад үзсэн таван хүний амь нас, таван зуу гаруй хүний хэлмэгдлийг тавхан сайдын суудалтай дүйцүүлж, хүний эрх эрх чөлөөг бүдүүлгээр зөрчиж буй шударга бус үйлдэлд ардчилсан нам халхавч болж болохгүй гэж үзэж байна /алга ташив/.
Энэ улс төрийн алдаатай бодлого, буруу чиг хандлагаас АН нэн даруй татгалзаж, монголын ард түмэнд 1,5 сая төгрөгийг нэхэх, нэхэмжлэх боломж бололцоо олгомоор байна. “Гүйх нохойд гүйхгүй нохой саад” гэдэг шиг МУ-ын иргэдийг 1,5 сая төгрөгөө Засгийн эрх баригч намаас авахад нь АН тээг болохынхоо оронд бидэнтэй хамт нэхэлцэж, шударга ёсны төлөө тэмцэж, хүчээ нэгтгэхийг АН-ын сайд нарт уриалж байна/алга ташив/.
Нөгөөтэйгүүр шүүхийн шийдвэрийг гуйвуулдаг, завхруулдаг албан тушаалтнуудтай шүүх өөрөө хатуу хариуцлага тооцдог болох, шийдвэрээ биелүүлж чаддаггүй шүүгчид өөрт нь хариуцлага тооцохыг Ардчилсан Хүчний Холбоо байнга шаардаж байх болно. Ингэж байж шүүх сая шударга ёсны баталгаа гэдэг тэр сайхан нэрээ хадгалж үлдэх байх аа. Шүүхэд хийх ёстой ажлыг нь сануулж, шаардаж байх нь шударга ёсны төлөө тэмцэгч АХХ-ны нэн тэргүүний үүрэг мөн байх болно.
Дөрөв. Шүүхийн шинэтгэлтэй эн зэрэгцэн хийх ёстой өөр нэг реформ бол шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагын өнөөгийн тогтолцоогөөрчлөх явдал мөн гэдгийг судалгаа байнга нотолсоор байна. Өөрөөр хэлбэл Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газар Засгийн газрын бүтцэд харъяалагдаж байгаа нь буруу байна. Түүний харъяа байгууллагууд аймаг, нийслэлийн засаг даргын хараа хяналтан дор байгаа нь бүр ч утгагүй асуудал.
Яагаад? Яагаад гэвэл хүнийи эрх, эрх чөлөөг хэн зөрчдөг билээ? Төрийн байгууллага. Хүний эрх, эрх чөлөөг хэн хязгаарладаг билээ? Төр. Хуулийг хэн зөрчдөг, гуйвуулдаг, завхруулдаг  билээ? Аль нэг намын нэр барьсан улс төржсөн этгээд. Хэн чиг үүргээ умартаж, эрх хэмжээгээ хэтрүүлдэг билээ. Албан тушаалтнууд шүү дээ.
Ийм нөхцөлд сайд, дарга нарын хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн эсрэг шүүх шийдвэр гаргалаа ч Засгийн газрын бүтцэд буй шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага сайд ба агентлагийн дарга нартай холбоотой хэргийг гүйцэтгэж чадахгүй нь ойлгомжтой шүү дээ.
Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын өнөөгийн тогтолцоо, харъяаллыг өөрчилж, уг албыг хувьд гаргах, эсвэл шүүхэд нь харъяалуулвал зохино. Хуучны ял эдлүүлэх газрыг өнөөгийн ШШГБ-тай хольж хутгаж болохгүй бөгөөд энэ нь эцсийн дүндээ шүүхийн шийдвэр биелэгдэхгүй байх системийн гажиг үүсгэж, нийгэм дэх шударга ёсны үнэлэмжийг алдагдуулж байна.
Тав. Шүүхийн ерөнхий зөвлөлийн одоогийн бүтэц, бүрэлдэхүүн, харъяаллыг өөрчлөхгүйгээр шүүхийн харилцаанд ямар ч өөрчлөлт гарахгүй гэдгийг хэлмээр байна. Ялангуяа шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнд ХЗДХ-ийн сайд, бусад гүйцэтгэх эрх мэдлийн төлөөлөгчид байгаа нь хүний эрх, эрх чөлөө, иргэдийн ашиг сонирхлыг хамгийн ихээр гажуудуулдаг албан тушаалтнууд хаацайлагдаж өнгөрөх жинхэнэ бусармаг хөрс нь болж өгөхөд хүргэж байгаа билээ.
Нөгөөтэйгүүр төрийн эрх мэдлийг хуваарилж хязгаарласан гурван салаа мөчир “Харилцан бие биедээ тэнцвэртэй, харилцан хяналт тавьж байх алтан зарчим, агуулга мөн чанар, онол практикийн нэгдэл алдагдах тул элдэв “комисс”, “зөвлөл” нэрэн дор тэдгээрийг өөр хооронд нь хольж хутгалдуулах ёсгүйг анхаарвал зохино.
Иймд Шүүхийн ерөнхий зөвлөлийг албан тушаалтнуудаар биш, төрийн эрх мэдлийн аль ч салаа мөчирт үл хамаарах шударга сайн хуульч мэргэжилтнүүд, нэрд гарсан шударга шүүгчдээр бүрдүүлж, Ерөнхийлөгчийн дэргэдэх байгууллага-иргэний нийгмийн төлөөлөл хэлбэрээр ажиллуулах боломж олгохыг санал болгож байна.
Анхаарал тавьсанд баярлалаа. Сайн үйлс дэлгэрэх болтугай.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж