”Сайншанд”-ын зөвлөхүүд ирэх сард тодорно

Хуучирсан мэдээ: 2010.12.28-нд нийтлэгдсэн

”Сайншанд”-ын зөвлөхүүд ирэх сард тодорно

Байгалийн баялаг нөөцтэйгээс гадна өмнөд хөрштэй хийх худалдаа, эдийн зас­гийн төвлөрсөн суурин болсон Дорноговь аймагт Сайншандын аж үйлдвэрийн цогцол­бор барихаар төлөвлөж буй. Энэ ажлын хүрээнд Тавантолгойгоос Чой­бал­сан хот хүртэл 1100 км төмөр зам тавьж, ОХУ-ын Транссибирийн төмөр замтай холбосноор далайн боомт руу гарах шинэ гарц нээгдэх юм. Улмаар Тавантолгойн нүүрс, Дарханы төмрийн хүдэр, Оюутолгой, Цагаан суваргын ордоос олборлох зэсийн баяжмалыг төмөр замаар зөөн Сайншандад төвлөрөх үйлдвэрүүдэд хайлуулж боловсруулан, бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд нийлүүлэх боломж бүрдэнэ хэмээн тооцож буй. Цогцолборыг байгуулахад 10 гаруй тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай төдийгүй кокс, төмөрлөг, зэс хайлуулах, барилгын материал, газрын тос боловсруулах, тэдгээрийг найдвартай үйл ажиллагаагаар хангах тоног төхөөрөмжийн үйлдвэр бүхий байгууламжуудыг хувийн хөрөнгө оруулалтаар цогцлооно.

Ашиглалтад орсноор нийт 5000 гаруй ажилчин, инженер мэргэжилтнийг ажлын байраар хангах төлөвлөгөө бүхий Сайншандын аж үйлдвэрийн цогцолборын бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр Үндэсний хөгжил, шинэтгэ­лийн хорооноос хоёр ч тендер зарлаж, үнэлгээг нь хийж байна. Энэ талаар тус хорооны Салбарын хөгжил, хөрөнгө оруулалтын бодлогын газрын дарга Б.Ганбаатараас тодруулснаа хүргэе.

-Дээрх хоёр тендерийг олон улсын хэмжээнд зарлах болсон шалтгаан нь юу вэ?

-Сайншандын аж үйлдвэрийн цогцол­бор байгуулах нь Монгол улсад үйлдвэрлэлийг хөгжүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн гаргах зорилго бүхий нэлээд ач холбогдолтой төсөл. Энэ төрлийн томоохон үйлдвэрүүд байгуулах тухай асуудлыг Үндэсний хөгжлийн цогц бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр зэрэгт тусгасан   учраас хэд хэдэн баримт бичгүүд гарсан юм. Тухайлбал, тэргүүлэх ач холбогдолтой төслүүдийг хэрэгжүүлэх 320 дугаар тогтоол байна. Энэ  дагуу Сайншандын аж үйлдвэрийн цогцолборыг байгуулах шийдэлд хүрсэн. Улмаар хоёр ч томоохон ажлын хэсэг байгуулагдсан. Нэг нь, Монгол улсын Ерөнхий сайдаар ахлуулсан Сайншандын төслийг хэрэгжүүлэх Удирдах зөвлөл. Тус зөвлөл нь аж үйлдвэрийн цогцолбортой холбоотой асуудлуудыг хэлэлцэж, шийдвэр гаргах эрх бүхий хэсэг. Түүний дор Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатараар ахлуулсан Ажлын хэсэг мөн байгуулагдсан. Ингээд Ажлын хэсэг, Удирдах зөвлөлийн ерөнхий штаб буюу ажлын алба нь манай Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо болон ажиллаж байна. Төсөл өөрөө нэлээд өргөн хүрээнд хэрэгжих учраас ийм том бүтэц гарсан хэрэг. Ер нь “Эрдэнэт” үйлдвэрээс хойш Монгол улсад ийм томоохон хэмжээний бүтээн байгуулалт өрнөсөн түүх байхгүй. Тэр ч байтугай “Эрдэнэт”-ийг бодвол боловсруулах зорилготой үйлдвэрүүд байгуулах гэж байна. Тухайлбал, зэс, төмөр хайлуулж бүтээгдэхүүн үйлдвэрлэх, газрын тос боловсруулах гэх мэтээр 4-5 том үйлдвэрийн асуудал энд яригдаж байгаа юм. Тиймээс яг ажлаа эхлүүлэх гэхээр бидэнд туршлага дутаж байгаа учир хоёр төрлийн зөвлөх авч ажиллуулах хэрэгтэй гэж шийдсэн.

-Сайншандын аж үйлдвэрийн цогцол­борын бүтээн байгуулалтын техник талын зөвлөхөөр олон улсын компани ажиллана гэсэн үг үү?  

-Тийм ээ. Эхний зарласан тендер бол “Сайншанд” төслийн техникийн зөвлөхийг сонгон шалгаруулах. Нэгэнт Монголд ийм томоохон хэмжээний үйлдвэрүүд баригдаж байгаагүй учраас дотоодын компаниуд Засгийн газарт зөвлөгөө өгч ажиллахад түвэгтэй. Тиймээс олон улсын зөвлөх компаниудыг сонгон шалгаруулна гэж зарласан.  Энэ зөвлөх нь тухайн төслийн техник, эдийн засаг, технологийн судалгаануудыг хийх, ерөнхий төлөвлөгөө боловсруулах үүрэг хүлээх юм. Тиймээс инженерийн компани шалгарах болов уу. Өмнө нь аж үйлдвэрийн томоохон паркуудыг барьж байсан туршлага бүхий компани байх ёстой.

-Хуулийн зөвлөх компани шалгаруулах тендерийн тухайд?

-Төслийг хувийн хөрөнгө оруулалтаар байгуулна гэж байгаа. Тиймээс энэ мэт асуудалд гэрээ байгуулах хууль эрх зүйн орчны тал дээр хамтарч ажиллах зөвлөх консорциумыг сонгох юм.

-Тендерийн ажил одоо ямар шатандаа явж байна?

-Бид тендерийнхээ нээлтийг аравдугаар сарын сүүлч, арваннэгдүгээр сарын дундуур хийж, зарласан. Ингэхдээ Монгол улсын өдөр тутмын сонинууд, The Mongolian Mining Journal, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны вэб хуудас болон ГХЯ-аар дамжуулан Элчин сайдуудын хүрээнд,  мөн Дэлхийн банкны шугамаар, Financial times сонинд  нийтэлж, олон улсад нээлттэй зарласан.
Одоогоор хоёр тендерийн үнэлэх явц үргэлжилж байна.

-Хэчнээн компани саналаа ирүүл­сэн талаар мэдээлэл авч болох уу?

-Нийт долоон компанийн материал хүлээж авснаас зургаа нь үнэлгээнд оролцож байна. Тэдний дөрөв нь инженер, техникийн зөвлөгөө өгөх сонирхлоо илэрхийлсэн бол үлдсэн хоёр нь хуулийн зөвлөх үйлчилгээгээрээ тендерт оролцож байна.

-Тодруулбал?

-Хуулийн зөвлөх үйлчилгээний тендерт хоёр компаниас бүрдсэн ‘Hogan Lovells Lee & Lee’ консорциум болон гурван компанийн хамтарсан ‘Liberty Partners’ консорциум өрсөлдөж байна. Харин техникийн зөвлөх үйлчилгээний өрсөлдөөнд АНУ-ын ‘Bechtel’ корпораци, ‘Flour INC’, ‘Worley Parsons’, ‘Hatch’ корпорациуд оролцож байгаа.

-Үнэлгээний дүн хэзээ гарах бол?

-Энэ оны нэгдүгээр сард үнэлгээгээ дуусгаж, шалгарсан компани, консор­циумтай хэлэлцээрт орж, гэрээ байгуулах ёстой. Түүний дараагаар үйлдвэрүүдийн судалгаа хийгдээд эхэлнэ.
Дараа оны дундуур буюу долоо, наймдугаар сарын үед эхний үйлдвэрүүдийг байгуулах тендер зарлах төлөвлөгөө бий.

-Аливаа хэлэлцээр, хамтын ажиллагаа харилцан ашигтай байх нь ойлгомжтой. Тендерээр шалгарах компанийн үүрэг тодорхой, харин эрх нь ямар байх бол?

-Зөвлөх компаниуд өөрсдөө хөлсөөр ажиллана. Засгийн газар зөвлөх үйлчилгээ авсныхаа төлөө төлбөр төлнө. Тэд үнийн саналаа ирүүлсэн байгаа. Хоёрдугаарт, хэлэл­цээ­рийн явцад хоёр тал тохирох болно. Миний бодлоор тэдний сонирхол мэдээж нэгдүгээрт төлбөр хөлс, хоёрдугаарт өөр бусад сонирхол байгаа байх. Дэд бүтцийн томоохон төслүүдийг өөрсдөө хэрэг­жүүл­чихье гэсэн санаа зорилго байхыг үгүйсгэхгүй.

-Боловсруулах аль үйлдвэрийг хам­гийн түрүүнд барих төлөвлөгөөтэй байгаа вэ?

-Судалгаа хийгээгүй учир өнөөдрийн байдлаар тэр үйлдвэр гэж хэлэхэд хэцүү л дээ. Тухайлбал, газрын тос боловсруулах үйлдвэр гэхэд төмөр зам нь Чойбалсан хүрч байж эргэж тээвэрлэгдэх болчихоод байна. Энэ агуулгаараа газрын тосны үйлдвэрийн хувьд асуудал бий. Харин нүүрс боловсруулах үйлдвэрийн хувьд түрүүлэн барих боломжтой гэж үзэж байгаа. Коксын, нүүрс угаах, хийжүүлэх байж болно.

-Хувийн хэвшлийн хөрөнгө оруулал­таар цогцолборыг байгуулах төлөвлөгөө бий.  Тэдэнтэй чухам ямар байдлаар хамтрах вэ?

-Нэгдүгээрт, хувийн хэвшлийнхэнд хөрөнгө оруулалтаа оруулах тодорхой орчныг бий болгох хэрэгтэй байгаа юм. Хувийн хэвшил орж ирээд өөрөө бизнесээ хийж, ашигтай үйлдвэрлэлээ бий болгож чадах хэмжээний орчин хэрэгтэй гэсэн үг. Төр, хувийн хэвшлийн аль алинд ашигтай байх тэр нөхцөл. Нөгөө талаас төрийн зүгээс хувийн хэвшлийг үйлдвэрлэлээ явуулахад нь шаардлагатай материалаар хангаж өгөх, зуучлах хэрэгтэй. Тухайлбал, зэс хайлуулах үйлдвэрт Оюутолгойн зэс баталгаатай нийлүүлэгдэж байх тэр баталгааг гаргаж өгөх зохицуулалтыг нь хийж өгөх ёстой. Бүтээгдэхүүнээр тасрахгүй байх баталгаагаар хангах хэрэгтэй. Гуравдугаарт, хууль эрх зүйн орчин. Тодорхой хэмжээний давуу тал олгох, хөнгөлөлт үзүүлэх зэрэг нөхцөлийг бүрдүүлж байж хувийн хэвшлийнхнийг татна гэж төсөөлж байгаа. Хуулийн зөвлөх консорциум энэ асуудалд тодорхой зөвлөгөө өгөх ёстой.

Ярилцсан Э.Сайхантуяа.
The Mongolian Mining Journal

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж