Ахмадын холбоо мэдэгдэл гаргалаа

Хуучирсан мэдээ: 2010.04.04-нд нийтлэгдсэн

Ахмадын холбоо мэдэгдэл гаргалаа

Улс орны нийгэм эдийн засгийн амьдралын тулгамдсан олон чухал асуудлыг шийдвэрлэх түүхэн эгзэгтэй үе  манай төр засагт тулгараад байна.
Дэлхийн эдийн засгийн хямрал манай улсын эдийн засагт нөлөөлсөн нь төсөв, санхүүгийн байдал тогтворжиж чадахгүй байгаагаас харагдаж байна.
Ард түмэн түүний дотор ахмадууд бид улс орныхоо эдийн засаг эрүүлжих цаг хугацааг мэдэрч хүлээцтэй байгаа билээ.
4 дүгээр сарын 5-нд болох жагсаал цуглааныг зохион байгуулагчдын зүгээс төрийн эрхийг хүчирхийллийн аргаар булаан авах, цусан тангараг өргөх үүнд амь насаа үл хайрлана ч гэх шиг манай ард түмний цэрвэж цээрлэж явдаг зүйлсийг ярьж сурталчилж олон нийтийг өдөөн турхирч байгааг эсэргүүцсэн, түүнээс болгоомжилсон олон ахмад настнууд бидэнд хандаж байна.
Эх орны үнэт баялагийг ард түмнийхээ тусын тулд ашиглах их ажил олон жил саатсаны эцэст шийдвэрлэгдэж эхлэн, төр засгийн идэвхтэй үйл ажиллагаа өрнөж байгаа ийм эгзэгтэй үед дээрх агуулга бүхий жагсаал цуглаан болж байгаад олон нийт ч гайхан эмзэглэж байна.
Уур бухимдалыг урьтал болгон олон түмнийг турхирч, хүн ардын эв нэгдлийг бусниулах, улмаар Монгол төрийг хүчгүй болгох гэсэн санаархал бүхий явуургүй үйл ажиллагаа нь эцсийн дүндээ улс орны нийгэм эдийн засгийн амьдралд гай тотгор тарьж, олон түмэнд хохирол учирч болзошгүй гэж Монголын ахмадын холбоо үзэж байна.
Ахмадуудын амьжиргааны үндэс болсон тэтгэврийг нэмэгдүүлэх асуудлыг ойрын үед шийдвэрлэхээр бэлтгэж байгааг Монгол Улсын Засгийн газар, холбогдох яамнаас бидэнд удаа дараа мэдээлж байгаа бөгөөд үүнийг даруй ажил хэрэг болно гэдэгт манай холбоо найдаж байна.
Энэ бүхнийг үндэслэн дээрх жагсаал цуглаанд Монголын ахмадын холбооны бүх шатны байгууллага оролцохгүй гэдгээ мэдэгдэхийн хамт үндсэн хуульт ардчилсан төрт улсынхаа хууль ёсыг иргэн бүр хүндэтгэн аливаа асуудалд уужуу тайвуу, холч ухаанаар хандахыг Монголын ахмадын холбооноос ард түмэндээ хандан УРИАЛЖ байна.
МОНГОЛЫН АХМАДЫН ХОЛБОО
2010.04.04
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж