Коби 90 сая ам.доллараар үнэлэгдэх гурван жилийн хугацаатай гэрээнд үзэглэв

Хуучирсан мэдээ: 2010.04.04-нд нийтлэгдсэн

Коби 90 сая ам.доллараар үнэлэгдэх гурван жилийн хугацаатай гэрээнд үзэглэв

NBA-ын супер оддын нэг Коби Брайнт “ЛА Лейкерс”-тэй гэрээгээ байгуулсан гэрээгээ шинэчилж, өнгөрөгч баасан гаригт гэрээнд үзэглэжээ. Шинэ гэрээ ирэх улирлын төгсгөлөөс эхлэн хүчин төгөлдөр болох ба гурван жилийн хугацаатай, 90 сая ам.доллараар үнэлэгдэх гэнэ. Ингэснээр Коби Брайнт 2013-14 оны улирлыг дуустал “ЛА Лейкерс”-ийн бүрэлдэхүүнд байх юм. Тэрбээр энэ улиралд “Лейкерс”-ээс 23 сая ам.долларын цалин авах ба харин ирэх улиралд түүний цалин 24.8  саяд хүрэх ажээ. “Лейкерс” 106:92 харьцаагаар “Юта Жазз”-ыг буулган авсны дараа Коби “Аливаа тоглогч бүхий л карьерынхаа туршид нэг багт тоглоно гэдэг маш ховор тохиолдол. Тиймээс би үнэхээр сэтгэл хангалуун байгаа” гэжээ. Шинэчилсэн гэрээний дагуу Коби 2011-12 оны улиралд 27.4 сая, дараагийн жилд нь 30.2 сая, харин гэрээний сүүлийн жилд 32 сая ам.долларын цалин авах гэнэ. Харин тэр үед Коби Брайнт 35 настай байх юм. Энэ гэрээ эцсийнх үү гэсэн сэтгүүлчийн асуултад тэрбээр “Би эргэлзэж байна. Гэхдээ юмыг яаж мэдэх вэ, магадгүй л юм” хэмээн хариулжээ.

Харин “ЛА Лейкерс”-ийн тухайд урдаа барьдаг хоёр тоглогчоо юутай ч гартаа оруулж авлаа. Тэд Брайнтаас гадна төвийн тоглогч По Газольтой мөн гэрээгээ сунгасан билээ. Газоль өнгөрөгч арванхоёрдугаар сард гурван жилийн хугацаатай гэрээнд гарын үсэг зурсан юм. Тэрбээр энэ улиралд 16.5 сая, ирэх улиралд 17.8 сая ам.долларын цалин авах ба харин шинэ гэрээний 2013-14 оны улирал дуустал жил бүр 20 сая ам.долларын цалинтай “Лейкерс”-т тоглох ажээ.

Коби Брайнт энэ улиралд нэг тоглолтод дунджаар 27.2 оноо, 5.3 удаагийн самбараас бөмбөг авалт, 5.1 удаагийн оновчтой дамжуулалт гүйцэтгэж байгаа юм. Тэрбээр өнгөрсөн хугацаанд “Лейкерс”-ийн хамт дөрвөн удаа NBA-ын аваргын цом хүртсэн билээ. Түүний шинэ гэрээний талаар дасгалжуулагч Фил Жэксон “Би Кобиг зөвшөөрнө гэдгийг гадарлаж байсан. Энэ нь түүний хувьд ч, багийн хувьд ч ашигтай, зөв сонголт учраас” гэжээ. Гэхдээ Фил Жэксон өөрөө энэ улирлын тоглолтууд дуусгаад их спортоос өрх тусгаарлах бодолтой байгаа юм. Тэрбээр ирэх есдүгээр сард 65 насны ойн баяраа тэмдэглэхийн сацуу дасгалжуулагчийн ажлаа орхиж, зодог тайлах ёслолоо давхар хийхээр төлөвлөж байгаа гэнэ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж