Хуучирсан мэдээ: 2010.12.28-нд нийтлэгдсэн

Нууцгүй цахим ертөнц

Цахим ертөнц гэрлийн
хурдаар хүч түрж байна. Яг энэ үед дэлхий даяар шуугиан тарьсан үйл
явдал өрнөж цахим ертөнцийн сайн, муу талыг илчилж орхилоо. Энэ бол
Ассанжийн өдөөсөн дуулиан. Нууцыг задлахын тулд тэр нууцад нэвтэрсэн.
Компьютер нууцыг хадгалагч биш гэдгийг бүгд мэддэг боллоо. Дэлхийн
хамгийн том гүрний нууцад захын залуус ороод улс хоорондын томоохон
асуудлыг дэлгэлээ. Үүнийг олны хүртээл болгосноороо Жулиан Ассанж хэмээх
эрхэм өөрийнхөө сайттай хамт од болж чадлаа. Гэхдээ арга нь хулгайчаас
нэг их ялгаагүй. Түүнийг АНУ-ын төрийн департаментын сайт руу нэвтэрсэн
гэж буруутгаж байгаа. Тэрээр АНУ-ын гадаад улс орнуудад сууж байгаа
дипломатуудын төрийн департментдаа бичсэн захидлуудыг анх ил болгож
тавьсан нь шуугиан тарьсан ч цахим ертөнц гэдэг нууцыг хадгалагч биш
гэдгийг нотолсон хэрэг юм. Өнөөдөр манайхан интернэтээр дураараа аялж
хүссэн мэдээллээ олж авч дэлхийн аль өнцгөөс хэнтэй л бол хэнтэй харьцаж
байна. Нэг талаас нь харвал даяарчлал гэдгийг жинхэнэ утгаар нь
илэрхийлж байгаа зүйл бол яах аргагүй цахим ертөнц. Болдогсон бол өөр
гариг руу ч мэдээллийн ертөнцийн орон зайг ашиглаж дураараа бичиж
болмоор.

Компьютер сайн мэддэг хүмүүст бол
(хакерууд) цахим ертөнцөд нууц гэж алга. "WikiLeks" сайтын эзний хэрэг
явдал ч нэг иймэрхүү л түүхээс эхтэй гэж таамаглаж байгаа. Хүн
төрөлхтний нээсэн ололтууд тухайн үедээ гайхамшигтай байвч заавал нэг
сул тал дагуулсаар ирсэн. Интернэт ч мөн адил. Хурдан шуурхай, хоёрыг
учруулж, холыг ойртуулдаг энэ дэвшил хэдийгээр гайхалтай ч сул тал олон
байна. Хакер гэж мэргэжилтнүүд интернэтийн хаашаа л бол нэвтэрч, юуг л
бол юуг хийж байна. Тэдний хараанаас юу ч мултрахын арга алга. Нэг
ёсондоо нууц гэж байхгүй болжээ. Дэлхийн хаанаас ч хэний ч нууцад
нэвтэрч таныг шоглож болох нь. Ертөнцийн нөгөө өнцгөөс ч дураараа нулимж
доромжилж болох нь.

Хурдан шуурхай, тэр дор нь мэдээлчихдэг
сайн тал телевиз, компьютерт байна уу, байна. Гэвч интернэт дахь энэ
мэдээллийн эзэн хариуцагч гэж хаана байна. Таагүй мэдээллийг тарааж
орхичхоод дараа нь авчихна.

Дээр нь интернэтэд байдаг сэтгэгдэл гээч
нь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг олгож байгаа боловч нөгөө талаараа
хэнийг ч яаж ч доромжилж болох талбар болжээ. Үүнийг чөлөөт хэвлэл гэж
нэрлэх нь арай л утгагүй юм. Иймэрхүү гүтгэлэг доромжлолын хариуцлагыг
хэн ч үүрэхгүй байна. Сайтын эзэн гэх нөхөр "Би мэдэхгүй. Хүмүүс л
сэтгэгдлээ бичсэн" гээд л амыг чинь таглана.Сэтгэгдэл нэрээр тухайн
бичигчийг эрээ цээргүй доромжилж гүтгэх явдал хаа сайгүй байна. Нэр
хаяггүй буцах хаяггүй буух эзэнгүй энэ мэдээллийн цаана үзэн ядалт, эрээ
цээргүй доромжлол үнэртдэг. Хэн ч тэр доромжилсныхоо үнэн, худалд
хариуцлага хүлээхгүй байна.

Бичсэн зүйлийнх нь утга санаа,
агуулгатай биш бичсэн эзний нас, хүйс, гадаад байдал, хувийн амьдрал, ер
юуг л бол юуг нь доромжилж байна. Тэд хөвөнд боосон чулуугаар балбаж
байж л санаагаа амрааж байна. Ёстой л үзэн ядалт өшөө хорслоо, эрээ
цээргүй балмад үгээр булж байж тайлж байна. Сайтад сэтгэгдэл бичиж
байгаа хүн доромжилж буй нөхөр өөрийгөө "би тэр байна" гэж хэлж
зүрхэлдэггүй. Ингээд бодохоор цахим ертөнц дэх мэдээллийг чөлөөт хэвлэл
гэх үү гэсэн асуулт гарч ирж байна. Үүнийг чөлөөт хэвлэл гэх юм бол
чөлөөт хэвлэлд хэн итгэх юм бэ?

Ямар ч хариуцлага хүлээдэггүй. Юу ч гэж
донгосож болдог, нууцыг хадгалдаггүй, интернэтийн энэ сул талыг дэлхий
нийтээрээ мэдэж эхэлж байна. Цаасан хэвлэл тиймээс зах зээлд хүчтэй
хэвээрээ байгаа юм. Баримттай, буух эзэнтэй буцах хаягтай цагаан дээр
хараар нэр хаягтайгаа байдгаараа онцлог. Хариуцлагатай сэтгүүл зүй гэдэг
бол энэ. Хэвлэл мэдээлэл тэр чундаа чөлөөт хэвлэл гэдэг хэн дуртай нь
хүссэнээрээ хүнийг гүтгэж доромжилж байдаг зүйл биш. Шуурхай байна гэдэг
худал хэлэхийн нэр биш.

Дэлхийн чиг хандлага цаасан хэвлэлээс
татгалзахгүй, харин ч бүр цаасан хэвлэлийн хэрэглээ өсөх хандлагатай
байгаа нь дэлхийн хэвлэлийнхний томоохон хурлын үеэр яригдсан судалгаанд
дурдагдсан байна лээ. Бичсэн эзэн, хариуцах эзэнтэй, гарт баригдаж,
баримт болж үлддэгээрээ сайн хэмээх дураараа дургигчдаас өөр, Цаасан
хэвлэл бол ид шидийн мэт баригддаггүй, харагддаггүй ертөнцөөс хамаагүй
амьд. Орон сууц байр байршил нь тодорхой. Харин цаасан сониныг долоон
буудлын Должин эмээ ч олж ирж чадна. Ертөнц дэлхий ер бусын хурдтай
өөрчлөгдөн хувьсаж байгаа ч цаасан сонины хэрэгцээ өссөөр л байна.

Эх сурвалж: "Компьютер таймс"

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж