Жил бүр шинэ жилийн баярыг үзэж харах юм муутайхан үдэх нь олонтаа. Хүүхдүүдээ тоглуулах, хосууд зугаалах газар байхгүйтэй адил байсан болохоор арга ч үгүй биз. Олон нийтийг хамарсан ханиад томуу дэгдэж Сүхбаатарын талбайдаа ч ёслолын буудлага хийлгүй өнгөрч байсан тохиолдол бий. Харин Үндэсний соёл амралтын хүрээлэн шинэ өнгө төрхөөр үүдээ нээж Монголдоо хаана ч байхгүй мөсөн хотхоноор хүүхэд багачууддаа бэлэг барьсан билээ. Учран золгож буй 2011 он ургахад ердөө гуравхан хоног үлдлээ. Хүүхдүүд байтугай томчуудын харцыг булаах Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу Хүүхдийн паркыг зорьсон юм.
Идэр есийн жавар хацар хайрах ч цовоо сэргэлэн хүүхдийн инээд энд тэндгүй цалгисаар. Хүүхдүүдээ дагуулсан эцэг эх, залуу хосын царайд баярын мишээл дүүрэн харагдана. Шар, цэнхэр, улаан, цагаан өнгийн гэрлүүд нүд гялбуулан алаглаж, энд тэндгүй гоёл чимгээ зүүсэн гацуур модны гэрэл асчээ. Бас хүүхэд бүрийн бэлэг авахаар хүсэн хүлээдэг Санта өвөө, сүйх тэрэг гээд үлгэрийн гэмээр орчин энд л байна. Хүүхэд бүрийн харцыг эрхгүй татах зүйл бол мөсөөр урласан ертөнцийн долоон гайхамшиг. Эрх чөлөөний талбай, Эйфелийн цамхаг, Египетийн пирамид, Хятадын цагаан хэрэм, Таж Махал, Сиднейн алдарт Дуурийн театр гээд дэлхийн гайхамшигийг мөсөөр урласан нь олны нүдийг булаах аж. Үүнээс холгүй хөнгөн хөгжмийн хэмнэлд нисэх мэт мөсөн дээр гулгах багачуудтай таарлаа. Энэ гулгуурын талбай дөрвөн улирлын турш ажилладаг гэдгээрээ олон улсын стандартад нийцэж. Мөсөн гулгуураар гулгах дуртай хэн бүхэн энд дөрвөн улирлын турш саатаж болох нь. Цааш явбал асар дотор шинэ жилийн үзэсгэлэн худалдаа болж байна. Ширээн дээр, машин дотроо байрлуулах зориулалттай жижигхэн гацуураас эхлээд 2-3 метр өндөр сүлд мод, өнгө өнгийн чимэглэл, бэлэг дурсгал, амттан шимттэн гээд байхгүй юм алга. Шинэ оноо угтах торгон мөчид сүрлэг гэгч сүлд модоо гэрийнхээ хойморт засах гэсэн хүмүүсийн цуваа тасраагүй хэвээр. Харин шинэ он гарахад хэдхэн хоног үлдсэн болохоор худалдаалж буй зүйлсийнхээ үнийг бууруулжээ. Жишээ нь гацуур мод 140-350 мянган төгрөг, бөмбөлгөн чимэглэл нэг ширхэг нь 500-2500, чимэглэлийн тууз 2500-3000, бэлэгний оймс 2000-4000, саан чимэглэл ширхэг нь 300-500 төгрөгийн үнээр зарагдаж байлаа.
Хүүхдийн паркад өдөр бүр ёслолын буудлагатай
Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн хамт олон энэ сарын 21-нээс эхлэн шөнийн парк, мөсөн хотхоноор зочилсон хүмүүстээ зориулж 19.00 цагаас ёслолын буудлага буудаж байгаа аж. Хүрэлцэн ирсэн хүүхэд багачуудаа баярлуулах нэгэн бэлгийг энэ хамт олон бас бодож олжээ. Энэ бол хайртай дотны хүндээ LOVE гэсэн мессежийг 157275 дугаарт илгээж азтан болох боломж. Хамгийн олон мессежийг илгээсэн хүнийг шагнал хүлээж байгаа гэсэн шүү. Бас Хүүхдийн паркаар үйлчлүүлэхдээ авч буй 1000 төгрөгийн тасалбарын азтаныг энэ сарын 30-ны 20.00 цагаас зарлахаар болжээ. Бас л том шагналтай энэ сугалаанд 1000 төгрөгийн тасалбар авсан хүн бүр азаа үзэх боломжтой.
Он солигдох мөчид…
Та он солигдох мөчийн гайхалтай ёслолын буудлагыг үзэхийг хүсвэл Хүүхдийн паркыг зориорой. Сүхбаатарын талбайд болдог байсан ёслолын буудлага энэ удаа Шөний мөсөн паркад болно. Тэнд урлагийн оддын тоглолт, циркийн үзүүлбэр, супер салют шоу зохион байгуулахаар бэлтгэсэн гэж байлаа.
Тансаг сүйх тэрэгтэй өвөө
Энэ тэрийг сонирхож явтал чамин тансаг сүйх тэрэг хөлөглөсөн нэгэн өвөө хүүхдүүдийг сүйх тэргэндээ суулгаж тун ч завгүй байгаа харагдлаа. Цас мөсний орноос сүйх тэрэг хөлөглөн ирдэг өвлийн өвөө багачуудыг тоглож наадуулж байна уу гэмээр. “Цайз” зах дээр морин тэрэг хөлөглөн нүүрс түлээ зөөдөг морь, өвөө хоёр энэ удаа ачааны биш хүүхэд багачуудын сонирхлыг татсан тун чамин сүйх тэрэгтэй болчихож. Хэсэг ажиглаж зогсоход хоёр гурваараа бүр тав зургуулаа сүйх тэргэнд сууж, зарим сахилгагүй нэг нь морин дээр мордоно гэж зүтгэнэ. Нэг удаа сүйх тэргэндээ суулгаад талбайг тойроход 1000 төгрөг. Зарим нэг нь дахин дахин суух гэж хорхойсон аав, ээждээ зэмлүүлж байгаатай ч таарав. Сүйх тэрэгтэй өвөөг амсхийх зуур шинэхэн бас сонирхолтой ажлынх нь талаар хөөрөлдлөө. Түүний нэрийг Б.Даваатөмөр гэдэг. Төв аймгийн малчин юм билээ.
-Хүүхдүүд сүйх тэргэнд тань суухаар хошуурч байна уу?
-Тийм ээ. Хүүхэд гэдэг мал амьтанд хайртай, бас энэ сүйх тэрэг нь үлгэрийн орноос ирсэн мэт ганган болохоор жаахан хүүхдүүд их сонирхож сууж байна. Зарим нь сүйх тэргэнд биш морь унах гэж их сонирхоно. Өглөөдөө хүн багатай байж байгаад орой болохоор ийм л завгүй болчихдог доо.
-Та уг нь Цайз зах дээр ажилладаг гэсэн. Харин энд өдөрт хэдэн төгрөгийн орлого олдог вэ?
-Өдөртөө 10-12 мянган төгрөг олчихно оо. Харин энд бол нэг өдрийн 15 мянгаар тохиролцсон. Морины өвс тэжээлээ бас бэлтгүүлж байгаа болохоор арай хожиж байгаа гэх үү дээ. Ах нь энэ сарын 21-нээс эхлэн энд ажиллаж байгаа юм. Одоо 31-нд их олон хүн цуглах байх. Тэгэхээр өнөөдрөөс ч завгүй болох байх даа гэсээр дараагийн хүүхдүүдээ сүйх тэргэндээ суулгахаар яаран одлоо. Үргэлж нүүрс, түлээ ачин хурдалдаг Б.Даваатөмөр өвөөгийн морь дөрвөн хөлөө гоёмсог торгоор чимэглэжээ. Очих газар, үзэх юмтай он солигдох мөч ойртсоор…