Цэцийн 4 гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болно

Хуучирсан мэдээ: 2010.12.28-нд нийтлэгдсэн

Цэцийн 4 гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болно

Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг өчигдөр өглөө 10 цагаас эхлэн хуралдлаа. Тус хуралдаанаар Бэлчээрийн тухай болон Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэх эсэх талаар бүлгийн гишүүд хэлэлцээд цаашид эдгээр хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн. Уг хуулийн төслийг дэмжих болсон шалтгаан нь сүүлийн хэдхэн жилд Монгол Улсын бэлчээрийн нийт 80 гаруй хувь нь дэлхийн дулаарлын нөлөөгөөр болон уул уурхайн зохисгүй үйл ажиллагааны улмаас хатаж цөлжсөн. Мөн ус, гол мөрний урсгал гольдрол байгалийн унаган төрхийг нь алдагдуулж, ой модыг хайр гамгүй тайрч устгах зэрэг хүний буруу үйл ажиллагааны улмаас ширгэж устаж үгүй болж байгаа.

Эдгээр асуудлаас үүдэн иргэдийн ахуй амьдралд шууд болон шууд бусаар олон олон бэрхшээл бий болж байгаа аж. Үүний тод илрэл нь манай орны малчид тариаланчдын үйл ажиллагаанд дулаарлын хүчин зүйл шууд нөлөөлж тариалан эрхлэгчид үрсэлгээ хийсэн талбайгаа усжуулах нь тун хүнд болоод байгаа гэнэ. Мөн малчид малаа тарга тэвээрэг авахуулахын тулд сүүлийн жилүүдэд өөр аймаг сумдад дамжин отор нүүдлээр их явах болсон. Гэтэл энэ байдлаас болоод малчид тухайн орон нутагт оршин сууж байгаа иргэдийн хооронд газар, бэлчээр булаацалдах маргаантай нөхцөл байдал багагүй гарах болсон. Уг асуудлаар зогсохгүй хадлан бэлтгэх газар булаацалдаж тухайн маргаантай нөхцөл байдлаас болоод хоорондоо тэмцэлдэн хүний халуун амь эрсдэх тохиолдол гарч байсан.

Нөгөөтэйгүүр уул уурхайн гаралтай ашигт малтмал олборлож байгаа компани малын бэлчээр болон өвс ургамал гарц сайтай газрыг хаших, нутгийн иргэдэд тухайн орчинд мал ахуйгаа бэлчээхийг хориглох зэрэг зохисгүй үйлдэл газар авах болсон болохоор өнөөгийн нөхцөл байдалд тохирсон хууль тогтоомж  боловсруулан батлах гарцаагүй шаардлага тулгараад байгаа гэнэ. Харин өчигдөр хуралдсан УИХ дахь АН-ын бүлгийн зарим гишүүд энэ бол байгалийн хүчин зүйл жам ёсны дагуу болж байгаа хэрэг. Тийм болохоор байгаль цаг уурын тухайд аливаа хүн хууль баталж, мөн хууль санаачиллаа гээд нэгэнт цөлжиж доройтсон байгалийг хуучин хэвэнд нь оруулна гэж байхгүй, байгаль өөрөө хуулиараа зохицуулна гэх бодолтой гишүүд байсан гэнэ. Гэвч Бэлчээрийн тухай болон Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд шинэ он гарсны дараагаар УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх нь тохиромжтой гэж санал нэгдсэн байна. Мөн намрын чуулган завсарласны дараагаар УИХ-ын гишүүд тойрогтоо очиж ажилладаг. Энэ үеэр орон нутгийн сонгогчид, малчин ардуудтай уулзаж санал сонсч байж нэг мөр хэлэлцэж шийдсэн нь оновчтой гэж үзжээ.

Мөн Монгол Улсын Засгийн газар, Хөгжлийн ассоциацийн хооронд байгуулсан хөтөлбөрийн талаар асуудлыг авч хэлэлцсэн байна. Тус хөтөлбөрийн дагуу 30 сая  ам долларын зээл авах, тухайн зээлийг бүтээн байгуулалтад зарцуулах тухай асуудлыг Ардчилсан намын бүлэг цаашид хэлэлцэх нь зүйтэй хэмээн санал нэгдсэн аж.

Хэлэлцэх асуудлын дараалал ёсоор Үндсэн хуулийн цэцийн зарим гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж байгаатай холбогдуулан цэцэд шинээр гишүүн томилох тухай асуудлыг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүлэх  тухай асуудлыг мөн авч хэлэлцсэн байна. 2011 оны нэгдүгээр сарын 13-наас 20-ны хооронд  Үндсэн хуулийн цэцийн нийт есөн гишүүнээс дөрвөн гишүүний бүрэн эрхийн хугацаа хуулийн дагуу дуусгавар болох аж. Эдгээр гишүүдээс гадна Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Бямбадорж нь “Хүний эрхийн үндэсний комисс”-ын даргын албанд тохоон томилогдсон учир түүний оронд М.Алтанхуягийг УИХ-аас нэр дэвшүүлж байгаа юм. 

Тэгэхээр одоогийн байдлаар Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн бүрэн эрхийн хугацаа хараахан дуусчихаагүй байгаа гэх асуудлын улмаас уг асуудлыг мөн л оны дараагаар хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналтай гишүүд байгаа аж.

Үндсэн хуулийн цэц нь дээр дурдсанаар нийт есөн гишүүнтэй эдгээр есөн гишүүдээс гурван гишүүнийг нь Монгол Улсын ерөнхийлөгч бүрэн эрхийн дагуу нэр дэвшүүлдэг байна. Харин үлдсэн зургаан гишүүдийг мөн л гурав гурваар нь УИХ болон Улсын дээд шүүхийн зүгээс Үндсэн хуулийн цэцийн гишүүний албанд нэр дэвшүүлдэг аж. Энэ удаад Үндсэн хуулийн цэцийн гишүүний бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж байгаа дөрвөн гишүүний гурав нь Монгол Улсын ерөнхийлөгчийн томилсон гурван гишүүн байгаа гэх тайлбарыг УИХ дахь АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг хэлж байсан юм. Тодруулж хэлбэл Үндсэн хуулийн цэцийн гишүүн Н.Жанцан, Ж.Болдбаатар, Д.Наранчимэг нар нь Монгол Улсын ерөнхийлөгчийн харъяа хүмүүс гэнэ. Мөн Улсын дээд шүүхийн харъя Ж.Амарсанаагийн үндсэн хуулийн цэцийн гишүүн байх хуулийн хугацаа нь дуусгавар болж байна. 

Тиймээс эдгээр цэцийн гишүүдийн асуудлыг Үндсэн хуулийн цэцийн даргад нэр дэвшээд байгаа М.Алтанхуягтай цуг шинэ он гарсны дараагаар хэлэлцэн шийдвэрлэх  ёстой гэж АН-ын бүлгийн гишүүд үзжээ.

Б.Алтансүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж