
Монголын блогчдын холбооноос “Виртуал ертөнцийн авьяастнууд” цуврал уралдааны эхнийх нь болох “Найз” нэртэй уралдаан зарлалаа. Дэлхийн өнцөг булан бүрээс цахим тэмдэглэл хөтөлдөг залуус тус уралдаанд оролцох боломжтой ба “Найз” сэдвээр нийтлэл, шүлэг, өгүүллэг, гэрэл болон гар зураг, түүнчлэн 2D болон 3D компьютер график ашигласан бүтээл, дуу болон миксүүд, гар урлал, видео гэх зэрэг бүтээлийг ч тус уралдаанд ирүүлж болох ажээ. Залуусын iD брэнд, Монголын блогчдын холбоо, monkey.mn сайт, Монголын компьютер графикийн холбооноос хамтран зохион байгуулж буй тус уралдаан энэ сарын 23-наас 2011 оны нэгдүгээр сарын 23-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд ялагч нь нэгдүгээр сарын 31-нд тодрох юм байна.
Уралдаанд ирүүлэх бүтээлийг www.monkey.mn сайтын уралдааны бүтээл хүлээж авах хэсэгт оруулна. Тэмцээний ялагчийг Blackberry Curve смартфоноор шагнаж урамшуулах бол хоёрдугаар байрт шалгарсан блогчийг Live Modem, харин гуравдугаар байрын эзнийг iD брэндийн азын дугаараар шагнах ажээ.
С.Цэлмэг