Ш.Чуданжий 100 тэрбумын хохирол учруулжээ

Хуучирсан мэдээ: 2010.12.27-нд нийтлэгдсэн

Ш.Чуданжий 100 тэрбумын хохирол учруулжээ

Энэ онд гарсан онц ноцтой зарим нэг гэмт хэргийн явц,  түүнийг шүүх хэрхэн шийдвэрлэсэн талаар товч єгүүллээ.

Хурцын шүүх хурал ирэх онд болно

Манай улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны  дарга Б.Хурц Их Британд  хүн хулгайлах гэмт хэрэгт сэжигтнээр татагдаж, саатуулагдаад байгаа. Түүний холбогдсон хэргийн бэлтгэл шатны сүүлийн шүүх хурал нь энэ сарын 8-нд болсон бөгөөд анхан шатны шүүх хурал нь ирэх сарын 5-ны өдөр болохоор товлогдоод байгаа юм. Түүнийг батлан даалтад гарсан талаар зарим албаны эх сурвалж мэдээлсэн.

Хар тамхичдад 12 жилийн ял өглөө

Хятад улсад бүх насаараа хоригдох ял сонсоод байгаа Л.Байгальмааг хар тамхины хэрэгт уруу татан ороцуулсан мөн хар тамхи зөөвөрлөсөн хэргээр Л.Гантуул, Ё.Оюунчимэг нарын таван иргэнийг Эрүүгийн хуулийн 182 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн. Тэдний хэргийг нийслэлийн Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн шүүхийн танхимд өнгөрсөн баасан гарагт хэлэлцэж, Л.Гантуул, Ё,Оюунчимэг нарт 12 жилийн ял өглөө. Энэ шүүх хуралд Л.Байгальмаагийн нөхөр Г.Батсуурь гэрчээр оролцсон бөгөөд тэр “Л.Гантуул, Ё.Оюунчимэг  нарт бүх насаар хорих ял өгөх ёстой” гэж үзэж байгаа юм.

Д.Сүрэнхор амгалангийн хориход очоод удаагүй байна

Үйлдвэр, худалдааны яамны төрийн нарийн нарийн бичгийн дарга асан Д.Сүрэнхорд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3-аар албан тушаалаа урвуулан ашиглаж, яамныхаа ажилчдын цалин болох 93 сая төгрөгийг завшсан. Мөн гадаад руу оргон зайлсан буюу бусдын эд хөрөнгийг завших үрэгдүүлэх гэсэн зүйл ангиар буруутгагдаж долоон жилийн хорих ял оногдуулснаас гурван жил нь өршөөлийн хуульд хамрагдаж үлдсэн дөрвөн жилийн нь биеэр эдлэхээр болсныг гурван шатны шүүхээр баталгаажуулсан. Тиймээс түүнийг Амгалан дахь хорих анги руу энэ сард хуваарилсан байгаа.

Ц.Жаргалсайханы хэргийг оноос өмнө шийдвэрлэнэ гэв

УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцааны зөвлөхөөр ажиллаж байсан Ц.Жаргалсайханд УИХ-ын даргын айлчлалтай холбоотой материалыг гадаадын тусгай албаны ажилтнуудад удаа дараа дамжуулсан хэрэгт буруутгасан юм. Түүнд анхан болон давж заалдах шатны шүүхээс 17 жил чанга дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн.Үүнийг Ц.Жаргалсайхан эсэргүүцэж Монгол улсын дээд шүүхэд давж заалдах гомдол гаргаад байгаа билээ. Түүний хэргийг Дээд шатны шүүхээр он гарахаас өмнө хэлэлцэх юм байна. Ц.Жаргалсаны өмгөөлөгч С.Жанцан, Г.Оюунцэцэг, Д.Батсүх нар “Ялын зүйлчлэл тохироогүй, анхан шатны шүүхээс оноосон ял давж заалдах шүүх хурал дээр хүндэдсэн” гэж үзсэн байгаа.

“Зоос” банкны захирал батлан даалтад байна

“Зоос”
банк их хэмжээний чанаргүй зээл олгосноос болж төлбөр гүйцэтгэж
чадахгүйд хүрсэн. Тиймээс тус банкийг төр мэдэл­дээ авсан төдийгүй
хол­бог­дох байгууллагууд шалгаад зарим хүмүүст эрүүгийн хэрэг үүсгэсэн.
Тухайлбал, тус банкны гүйцэтгэх захирал Ш.Чуданжий болон ТУЗ-ийн гишүүн
Ш.Алтанцаг нарын хүмүүсийг энэ хэрэгт буруутай хэмээн “Ганц худаг”-т
хэсэг саатуулс­ны эцэст батлан даал­тад гаргаад байгаа. Одоогоор
Ш.Чуданжий, Ш.Алтанцаг нарын хүмүүс нь иргэдэд 100 гаруй тэрбум
төгрөгийн хохирол учруулсан болохыг тогтоогоод байгаа гэнэ.

400 гаруй сая залилсан С.В.Новожилов олдооогүй аж

Тээвэр хөгжлийн банкны гүйцэтгэх захирал С.В.Новожилов албан тушаалаа урвуулан ашиглаж банкны өргөтгөлд зарцуулах хөрөнгөнөөс 400 гаруй сая төгрөгийг хувьдаа завшсан гэх хэрэгт сэжигтнээр татагдсан. Гэвч тэрбээр нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхээс оргон зайлсан байгаа. Түүнийг Эрүүгийн цагдаагийн газраас эрэн сурвалжилж байна.

15 настай охины амийг хөнөөсөн хэргийг гурван жил шүүх нь

15 охиныг санаатайгаар амийг хөнөөсөн хэрэг 2008 онд гарсан. Тус хэрэгт Ө.Хэрлэнчимэг, Ж.Очбадрах, Ж.Очмандах, С.Гантуяа, Д.Отгонжаргал,  Ү.Ганболд, К.Тэмүүжин нарын 18-22 орчим насны залуус сэжиглэгдээд байгаа юм.Тэдэнд холбогдох хэргийн анхан шатны шүүх хурал Сүхбаатар дүүрэгт өнгөрсөн сард болж, хэргийг мөрдөн байцаалтад буцаасан байгаа. Харин үүнийг хохирогчийн аав Ц.Гончиг эсэргүүцэж “Нэгэнт тодорхой болсон хэргийг ингэж сунжруулж байгаа нь хуулийнхан шударга байж чадахгүй байгаагийн илрэл” хэмээн цөөнгүй удаа хэлвлэл мэдээллийн хэрэгсэлд хандсан. Харин үүний хариуд Ц.Гончигоос хуулийн зарим хүмүүс шударга бус ажилласнаа хүлээн зөвшөөрч, түүнээс уучлалт гуйсан. Энэ хэргийг шийдвэрлэж дуустал наанадаж гурван жил болох нь тодорхой болоод байгаа юм.

С.В.Паушокын хэрэг хөнгөрч магадгүй гэнэ

“Алтан дорнод Монгол” компанийн ерөнхий захирал С.В.Паушок манай улсад гэнэтийн ашгийн татвар төлөөгүй, мөн “Анод”, “Зоос” гэсэн арилжааны банкыг ашиглан залилангийн шинжтэй үйл ажиллагаа явуулж, ихээхэн хэмжээний хөрөнгө завшсан нь илэрхий болсон байгаа.Түүнийг дээрх хэрэгт сэжигтнээр татах үед хил гарсан байсан учир түүнээс нэг ч удаа байцаалт аваагүй байгаа. Түүнчлэн С.В.Паушок нь манай улсыг олон улсын шүүхэд өгсөн байгаа. Харин С.В.Паушокыг хянаж байгаа прокурор түүний хэрэг ирэх оноос хөнгөрөх магадлалтай байгааг хэлсэн. Учир нь гэнэтийн ашгийн татварын тухай хуулийг ирэх оны нэгдүгээр сараас хэрэгсэхгүй болгох юм. Тиймээс С.В.Паушок манай улсад ирж хэргээ шийдвэрлүүлэх сонирхолтой байгаа талаар зарим хүмүүс хэлж байсан.

Д.СҮХ

Зохиогчийн эрх:


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж