УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс хойшхи хуралд өнгөрсөн баасан гарагийн ирцээр ажиллаж байгаа 60 гишүүний 14 нь сууж Засгийн газраас хөдөлмөр эрхлэлтийн талаар баримтлах бодлого, хэрэгжүүлж буй арга хэмжээний талаархи мэдээллийг сонслоо. Гэвч энэ үед УИХ-ын нэгдсэн чуулганы танхим дахь дэлгэцэнд хуралд нийт 39 гишүүн оролцож байна гэсэн ирц бүртгэгдсэн байв. Уг нь УИХ-ын Дэгийн тухай хуульд нийт гишүүдийн 50-иас дээш хувь буюу 37-гоос олон гишүүн хуралд оролцож байж нэгдсэн чуулган хуралдах ёстой байдаг билээ. Энд ийн ирцээ бүртгүүлсэн 39 гишүүний дунд үдээс өмнөх чуулганы хуралдаанд ч харагдаагүй гишүүдийн нэрс ч цохиж явав. Уг мэдээллийг хөтөлбөр ёсоор Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд хийх ёстой байсан ч түүнд илүү чухал ажил гарсан бололтой. Түүний оронд дээрх мэдээллийг НХХ-ийн сайд Т.Ганди, ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай нар мэдээлэл хийсэн юм. Хурлын эхэнд НХХ-ийн сайд Т.Ганди Хөдөлмөр эрхлэлтийн талаархи Засгийн газраас баримтлах бодлого, хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцууллаа. Энэ мэдээллийг танилцуулах үеэр УИХ дахь МАН-ын бүлгээс ГХ-ны сайд Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Д.Дондог, Ц.Батбаяр, С.Бямбацогт, Р.Буд, Д.Оюунхорол, Х.Жекей, Н.Ганбямба, Ж.Сүхбаатар нар чуулганы танхимд байсан юм. Харин УИХ дахь Ардчилсан намын бүлгээс БОАЖ-ын сайд Л.Гансүх, УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, Ц.Сэдванчиг, Г.Баярсайхан нар л байлцлаа. Хөдөлмөр эрхлэлийн талаарх асуудал хөндөгдөхөд хамгийн их анхаарлын төвд байдаг асуудал нь яах аргагүй ажлын байр. Харин энэ асуудлын төлөө эрх баригчид огт санаа тавихгүй байна хэмээн давтан давтан ярьж, өөрсдийгөө энэ Засгийн газрын сөрөг хүчин хэмээн нэрлэдэг З.Алтай, Д.Энхбат, С.Оюун нар ч байсангүй. Хэрвээ энэ удаагийн чуулганаар Оюутолгой, Тавантолгой гэх мэт асуудал яригдаж байсан бол эрхэм гишүүд ийн үл тоохгүй байсан биз. Харин хөдөлмөр эрхлэлт гэдэг гишүүдийн хувьд тэдгээр ордуудаас дээгүүр тавих асуудал биш бололтой. Энэ удаагийн чуулганы хурлаар эдийн засгийн өсөлт болон хөдөлмөр эрхлэлтийн өсөлтийн хооронд тэнцвэрт бус байдал бий болсон тул Засгийн газраас энэ тал дээр нэлээд анхааралтай ажиллах шаардлагатай болж байгаа талаар мэдээлсэн юм. Тиймээс Засгийн газраас хөдөлмөрийн зах зээлийн судалгааны дүнд тулгуурлан нийслэлийн болон орон нутгийн зам, барилга, уул уурхайн салбарын нийт 87 аж ахуйн нэгжид 3185 иргэнийг хамруулах эрхийг нь олгож байна.
