Гишүүд сонирхлын зөрчлөө даван гарч чадах уу

Хуучирсан мэдээ: 2010.12.27-нд нийтлэгдсэн

Гишүүд сонирхлын зөрчлөө даван гарч чадах уу

Эргэлзээтэй л асуулт. Эрхэм гишүүд өөрсдөө сонирхлын зөр­чилтэй байж, өөрийнхөө эсрэг хууль батлах уу гэсэн үг шүү дээ. Бараг л үгүй болов уу. Хуулийн төсөл санаачлагчид харин энэ асуултад итгэлтэйгээр “тийм” гэж хариулж байгаа. Өөрөөр хэлбэл, гишүүд өөрсдөө хэчнээн ашиг сонирхлын зөрчилтэй бай­сан ч улс орныхоо ирээдүйг бо­доод гар өргөх ёстой аж. Их л эр зориг шаардах асуудал байх. Угаасаа хуулийн төслийн зохицуулалт нь ч тэр ерөөсөө л улс төрийн соёл, эр зориг шаардах юм билээ. Харин манай өнөөгийн нөхцөлд улс­төрч­дийн соёл, ёс суртахуун ямар байгааг хэн бүхэн харж байгаа биз. Ийм нөхцөлд эр­хэм гишүүд өөрсдийнхөө со­нирхлын эсрэг хууль батална гэдэг юу л бол. Үнэхээр хуу­лийн төсөл санаачлагчдын хэлс­нээр болж, хуулийн төсөл батлагдлаа гэхэд хэрэгжих бо­лов уу. Шуудхан л “үгүй” гээд хэлчихэд хилсдэхгүй биз. Ашиг сонирхлын зөрчлийн тухай хууль уг нь улс орны ирээдүйд үнэ­хээр хэрэгтэй. Гэхдээ яагаад “хэрэгжихгүй” хэмээн тодот­гож байгааг тайлбарлая. Нэгдүгээрт, сонирхлын зөрчил гэдэг зүйлийг яаж зохицуулах вэ гэсэн асуулт байна. Энэ асуудал хуулиар биш, хувь хүний зориг, улс төрийн соёлоор зохицуулагдах аж. Өөрөөр хэлбэл, хуулийн төсөлд үнд­сэн­дээ яг ямар зүйлийг ашиг сонирхлын зөрчил гэх вэ гэдгийг тодорхойлох юм бай­на. Тэгээд тухайн албан ту­шаал­тан, төрийн албан хаагч тэр тодорхойлолтын да­гуу өөрийгөө сонирхлын зөр­чилд орлоо гэдгийг мэдээд, сайн дураараа тухайн үйл ажилла­гаа­наас гарах хүсэлтээ бичгээр өгнө гэж байгаа.

Өнөөдөр манай улсад төрийн болон төрийн бус бүхий л үйл ажиллагаа, тендер уралдаан гээд сонирхлын зөрчилд “дарагд­сан” гэдэг. Үүнийг хууль гар­гас­наар зохицуулна гэж ярьж бай­гаа нь сайн л даа. Гэхдээ одоо яригдаж байгаа хуулийн төсөл шиг “тунхаг” шинж чанартай байвал зохицуулж чадахгүй л болов уу. Үндсэндээ ямар ч хариуцлагын тогтолцоо байх­гүй. Төрийн албан хаагч­дын сонирхлын зөрчлийн мэ­дүүл­гийг дээд шатных нь бай­гууллага албан ёсоор хянаж байх юм гэсэн. Тэгээд алдаа байвал хэлэх үг нь ердөө л “энэ чинь сонирхлын зөрчил шүү, ингэж болохгүй” юм байна. Түүнийг мэдсээр байж тухайн төрийн албан хаагч зориудаар сонирхлын зөрчилтэй үйлдэл хийвэл дараагийн удаад түүн­тэй ижил үйл ажиллагаанд орол­цох эрхээсээ өөрийн хү­сэл­тээр татгалзана гэж бай­гаа. Энэ нь тухайн төрийн ал­бан хаагч, улс төрийн албан хаагчийн улс төрийн соёл, ёс суртахуун, нөгөөтэйгүүр улс төрийн зоримог шийдэл шаар­дах асуудал болж байна. Тэр хэрээрээ энэ хууль батлагдсан даруйдаа хэрэгжээд л, улстөр­чид мундаг соёлтой болчихно гэдэг юу л бол. Ядахдаа тийм сонирхлын зөрчил гаргаад тийм тендер будлиантуулсан бол тийм хариуцлагатай гэсэн зүйл энэ хуулийн төсөлд ха­раг­дахгүй байгаа юм. Хэлэл­цүүлгийн явцад өшөө сайжраад явна гэж тайлбарлаж байна л даа. Гэхдээ хуулийн төслийн үнд­сэн үзэл баримтлал тэр чи­гээ­рээ өөрчлөгдөхгүй биз. Ядах­даа хариуцлага, хяналтын тогтолцоог арай тодорхой, ойл­гомжтой болгох байх гэж найдъя. Тэгэхгүй бол яг өнөөд­рийнх шигээ зүгээр л  сайн ду­раа­раа сонирхлын зөрчлөөс татгал­зах маягтай хууль батлагдвал хэзээ ч хэрэгжихгүй гэдэг нь тодорхой. Хэрэгжихгүй нь тодор­хой ийм хууль гаргаж, өөрсдийгөө хуурах хэрэг байна уу, эрхэм гишүүд ээ.
Гэхдээ хууль санаачлаад, юм хийх гээд явж байгаа хүмүүсийг эсэргүүцэж байгаа хэрэг биш л дээ. Хамгийн гол нь сайжруулах хэрэгтэй. Хууль гаргасны дараа бас хэрэгжүүлэх үүрэг нь хууль хяналтын байгууллагынханд биш, эрхэм төрийн түшээд, улс­төрчдөд ноогдож байгаа юм. Тийм ч учраас хэрэгжихэд хэ­цүү, бараг хэрэгжихгүй гэж хэлээд байгаа юм. Төсөл санаач­лагч­дийн нэг нь хэлэхдээ “Би сонирхлын зөрчилтэй байж болохгүй гэдэг зүйл нийгмийн стандарт болох ёстой. Тэр стандартыг нь бид хуульчилж байна” хэмээн хэлсэн удаатай. Үнэхээр тийм болчихвол сай­хан л байна. Цаг хугацаа ха­руулах биз ээ. 

Б.Эрдэнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж