Их хэмжээгээр орсон цасны улмаас шар усны болоод уруйн үер нүүрлэх магадлал маш өндөр байгааг мэргэжлийн байгууллагынхан анхааруулсаар байгаа. Одоогоос сар гаруйн өмнө хотын мээр албан даалгавар гаргаж, дүүрэг, ажил хариуцсан байгууллага бүр үерээс сэргийлэх ажлыг зохион байгуулахыг үүрэг болгосон байна. Энэ дагуу хамгийн идэвхтэй ажиллаж байгаа нь Баянгол дүүрэг гэнэ. Тус дүүргийн засаг дарга захирамж гаргаж, дүүргийнхээ нутаг дэвсгэр дээрх үерийн далан сувгийн хог шороог цэвэрлэж эхэлжээ. Мөн Чингэлтэй дүүргийн нутаг дахь далан сувгийг “Усны барилга байгууламж” компани цэвэрлэсэн байна. Уг компани Дэнжийн мянгын нэг, гуравдугаар шугамын мөсийг хагалж, Ногоон нуур орчмын даланг цэвэрлэжээ. Энэ жил нийслэлийн хэмжээнд далан сувгийн цэвэрлэгээнд 140 сая төгрөг төсөвлөсөн байна. Нийслэлийн хэмжээнд 30 гаруй км үерийн далан суваг, үерээс хамгаалах байгууламж байдаг ажээ.
Д.Цэцэн
Д.Цэцэн