Өнгөрөгч амралтын өдрүүдэд нийслэлийн хүнсний захуудад ёстой л түм түжигнэж, бум бужигнав. Шинэ жилийн баяр хаяанд тулсан хойно арга ч үгүй биз. Харин танайх баяр тэмдэглэхэд бэлэн үү. Таны сарын цалин буух болоогүй, эсвэл хоол хүнсээ цуглуулах гэхээр хэдэн төгрөг тань арай л сэтгэлд хүрэхгүй байна уу. Тэгвэл танд хэрэгтэй нэг зүйл хэлье. Өөр хүнд битгий хэлээрэй. За хэлсэн ч яах вэ дээ. Ямар ч гэсэн таныг хүнсний зах орохоор явахад үнийн тал дээр ерөнхий чиг баримжаа өгөхүйц сурвалжлагаа хүргэе.
“Хүчит шонхор” зах дээр монголчуудын хүнсний гол бүтээгдэхүүн болох махны үнэ харьцангуй тогтвортой байлаа. Тухайлбал үхрийн ястай мах 3800-3900 төгрөг, үхрийн цул 4200-4500 төгрөг байв. Ер нь 3600 төгрөгтэй байхад л үхрийн нэг килограмм мах авчих боломжтой байна шүү. Өнгөрсөн 2009 онд монгол түмэнд А хүрээний H1N1 хэмээх айхтар ханиад нүүрлээдэхсэн. Тэр ханиаданд чухам л аарц, чацаргана, адууны мах нэн сайн гэснээс үүдээд адууны махны үнэ хаданд гарсан. Гэтэл одоо адууны мах 2900-3300 төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Гэхдээ л адууны мах сармис хоёрыг холиод идчихээр хамрын битүү, хоолойн сэрвэгнэх нь гайгүй болж байна гэж хүмүүсийн ярих нь оргүй биш дэг ээ. Хонины махны хувьд ястай нь 3600, цул нь 4200 төгрөг. Харин өнөөх хятадуудын анхаарлын төвд байгаа ямааны мах 2900-3300 төгрөг байна шүү. Манайхан ямааны мах идэхээр хүүхэд хөгшид сэрүүдээд хууч өвчин нь сэдэрчих гээд байдаг талтай. Ер нь ямааны махыг хятадууд авч байгаа нь харин ч сайн хэрэг биш үү. Ямаа чинь бэлчээрийн дайсан шүү дээ гэж үзэх хүн цөөнгүй болж. Энэ хүмүүсийн хүслээр болов уу, эсвэл хятадуудын худалдан авалтаас болсон уу бүү мэд. Ямааны тоо толгой буурсан гэсэн дүн гарчээ. Монгол Улсын мал тооллогын урьдчилсан дүнгээр нийт малын тоо 31.8 сая болжээ. Энэ нь өнгөрсөн онтой харьцуулахад 9.8 саяар буурсан үзүүлэлт болно. Өнгөрсөн оны байдлаас ямаа 6.1 саяар буурч, одоогоор 31.8 саяын 13.5 саяыг эзэлж байгаа юм.
Хамгийн сонирхолтой нь 14.8 саяд хүрч тоологдсон хонин сүргээс нэг саяаар илүү буурсан нь. Таван хошуу малын тоо ингэтлээ буурч байгаад нөлөөлөх хүчин зүйл олон. Зөвхөн хятадуудаас болж ямааны тоо толгой буураад байгаа ч юм биш. Ямаа их янгууч, хүйтэнд тэсвэр муутай учраас буурах үзэгдэл ажиглагдаж байгаа гэж малын тоо толгойн талаар учир мэдэх албаны хүмүүс хэлнэ. Бид бод малаас адуу, үхэр, богоос хонь, ямаагаар тогоо тосдож амьдарсаар олон ч жилийн нүүр үзлээ. Зах дээр явж байхнээ нэг содон зүйлтэй тааралдсанаа уншигч танд дуулгах нь зүйтэй болов уу. Юу гэвэл тэмээний мах 3000 төгрөг гэсэн байв. Энгийн нүдээр харахад өөх нь цав цагаан, мах нь ягаан байх юм. Зарж байгаа хүнээс тэмээний махыг аль аймгаас нийслэлд оруулж ирж байгаа вэ гэж зүгээр л худалдан авагч шиг сониучирхвал, тэмээтэй аймаг бүрээс л ирнэ шүү дээ гэж доогтой нь аргагүй инээв.
Тэмээний махны илчлэг чанарын талаар худалдагч эмэгтэйгээс арай хэдэн оймс илүү элээсэн болов уу гэмээр хөгшнөөс асуухад, тэмээний махыг бараг л ямааны махтай адилхан гэж болно. Харахад л ойлгомжтой байгаа биз. Өөх, мах нь дэндүү цайвар. Үүнтэй адууны махыг харьцуулаад үзье л дээ. Адууны махны өөх шаргалтаад л ай мөн ч сайхан. Тийм учраас чанасан адууны мах барагтай бол царцахгүй. Тэмээний мах сэрүүн чанарынхд тооцогдох учир амархан царцана гэв. 21 аймгийн дотроос Өмнөговь аймагт л тэмээ элбэг. Тиймдээ ч энэ оны мал тооллогын дүнгээр тус аймаг 83.4 мянган тэмээ тоолуулсан. Харин улсын хэмжээнд тэмээ 265.3 мянгаар тоологдсон. Гэвч энэ нь нийт мал сүргийн дунд дөнгөж л 0.8 хувийг эзэлж байгаа юм. Тэмээ ийм цөөхөн байхад заавал мах шөлийг нь зарж борлуулах хэрэг байгаа ч юм уу даа. Махны захаар явж, үнэ ханш судалсанаа энэ хүргээд өндөрлөе.
Л.Дөлгөөн