
Mонголын нүүрсийг дэлхийн зах зээлд гаргах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс ирэх 2011 оны нэгдүгээр сарын дундуур Монголын нүүрсний аж үйлдвэрийн салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн төлөөлөгчид Тяньжин хотноо очиж Хятадын талтай зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулах гэнэ. Энэ үеэр боомтын нөхцөл байдлыг газар дээр нь үзэж танилцах юм байна. Үүнийг угтан Тяньжиний боомтоор олон улсын зах зээлд бүтээгдэхүүнээ гаргах сонирхол бүхий нүүрсний салбарын аж ахуйн нэгжүүдийн ажлын уулзалтыг Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Ашигт малтмалын газар, “Монгол нүүрс” ассоциаци хамтран ирэх оны нэгдүгээр сарын 6-ны өдөр зохион байгуулахаар болжээ. Ажлын уулзалтын үеэр БНХАУ-ын Тяньжин боомтоор нүүрс экспортлох нөхцөл бүрдүүлэх талаар өөрийн тодорхой төсөл, саналаа бэлтгэн ирж оролцохыг аж ахуйн нэгжүүдэд анхааруулж байна.
Ж.ГЭГЭЭ