
Улсын дуурь бүжгийн эрдмийн театр хоёр өдөр хүүхдүүдийн хөлд дарагдлаа. Учир нь багачуудын хамгийн дуртай байдаг “Шелкунчик” буюу “Цөмөөхэй” бүжгэн жүжгийг зул сарын баярын өдөр тоглодог уламжлал ёсоор Улсын дуурь бүжгийн эрдмийн театрынхан арванхоёрдугаар сарын 25, 26-нд хоёр өдөр тоглов. Мэдээж “Цөмөөхэй”-г багачууд үзэх хамгийн дуртай. Тиймдээ өдөр, үдэш тус бүр тоглосон дөрвөн тоглолт үзэгч багачуудаар дүүрэн байлаа, ялангуяа өдрийн 13.00 цагийн тоглолт. Харин арванхоёрдугаар сарын 26-ны үдшийн тоглолт сонирхолтой зочдоор дүүрэн байлаа. Шинэ жилийн гял цал, гацуураар гоёсон бүжгэн жүжгийн гоёлыг Ерөнхий сайд С.Батболдын гэргий Х.Отгонтуяагийн тэргүүлдэг “Төгөлдөр” сан ивээн тэтгэж, зөвхөн бүжигчдэд л гэхэд 147 шинэ хувцас оёж бэлэглэсэн гээч. Тайз засал тэргүүтэн ч шинэ өнгөөр сэлбэсэн “Шелкунчик”-ийн үдэш дэгжин бөгөөд ганган байсан. Тиймээс сонгодог урлаг шимтэн бишрэгчдийн өмнөөс хатагтай Х.Отгонтуяад талархал илэрхийлэх нь зүйтэй болов уу. “Цөмөөхэй”-н спонсор болсон хатагтай Х.Отгонтуяа гэр бүлийнхнийхээ хамт өөрийн гоёсон “Шелкунчик”-ээ тухлан үзэв. Гэргийнхээ ажлыг дэмжихдээ сайн Ерөнхий сайд С.Батболд дуурь дууссаны дараа тайзны ардуур очиж, уран бүтээлчдэд тусгайлан баяр хүргэж байсан.
Мөн энэ үдэш дуурь, бүжгийн театрын байнгын зочид болсон хөгжмийн зохиолч Б.Долгион, Б.Ангирмаа, “Инээмсэглэл” хамтлагийн гэдэг “овогтой” “Оюутолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Ганболд, зураач С.Дэнзэн нарын хүмүүс ирсэн байна лээ. Басхүү Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, саяхан Сангийн дэд сайд болсон “Хас”-ны гэгддэг Ч.Гансүх гоолиг гэргийн хамт, УИХ-ын гишүүн С.Оюун бяцхан хүү охинтойгоо, “Номин талст” хамтлагийн дуучин Т.Хаянхирваа гэргийн хамт, “Киви”-гийн гурван бүсгүй олон зочид ирсэн байна лээ.
А.АНУ