Оросод ид өвлийн хүйтнээр бороо орж, Москвагийн нисэх буудлуудын нислэгүүд саатан, хот болон хотын ойр орчмын газруудад цахилгаан тасарчээ. Хүйтэн борооны улмаас модны мөчрүүд хөлдөж, хүндрэн цахилгааны шугамыг дарснаас цахилгаан тасарсан байна. Улмаар Домодево нисэх буудлын үйл ажиллагаа 10 гаруй цагийн турш саатаж, Москвагаас хөөрөх, буух 60 гаруй нислэг цуцлагдан, хэдэн мянган хүний ажил албыг саатуулжээ.
Түүнчлэн борооны улмаас хотын гудамжуудад мөсөн бүрхүүл тогтож, цахилгаанаар ажилладаг трамвай, тролейбус зэрэг тээврийн хэрэгслүүд зогсож, их хэмжээний замын түгжрэл үүсгэсэн байна. Эмч, эрүүл мэндийн ажилтнууд иргэдийг халтиргаатай гудамжаар явган зорчихгүй байхыг анхааруулж, болж өгвөл гэртээ байхыг зөвлөжээ. Оросын Ерөнхий сайд Владимер Путин хотыг хэвийн байдалд нь яаралтай оруулахыг холбогдох яамны сайдуудад үүрэг болгожээ. Шуурхай арга хэмжээ авсны дүнд ням гаригийн орой гэхэд цахилгааны шугамуудыг засч, хэвийн үйл ажиллагаанд нь оруулсан байна.
Б. Энхцэцэг