
-Таны бодлоор улс бүр өөрсдийн нууцыг хадгалах эрхгүй гэж үү?
-Аливаа улс оронд урт хугацааны туршид нуусаар ирсэн нууц гэж бий. Энэ нь байх ёстой зүйл ч хязгаар гэж бас байх ёстой. Харин хэвлэл мэдээллийнхэн олон нийтийн мэдэх шаардлагатай нууцыг дэлгэх эрхтэй. Тагнуулынхны хувьд өөрийн хүмүүс болон бусад нууцыг чандлан хадгалах ёстой. Яг юуг нууц болохгүй вэ гэхээр генералууд эсвэл Х.Клинтон тэргүүтэй улстөрчид өөрсдийн хүрээлэл эсвэл цэргийн үйл ажиллагааг нуун дарж болохгүй. Гэмт хэргийн хуулиар далимдуулан хүний үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хаах эрх тэдэнд байхгүй. Тиймээс дайны үнэн мөнийг дэлгэсэн сэтгүүлч, нийтлэлч нарыг зэвсэглэсэн цэрэг цагдаагийн хүчээр хорьж, зогсоож болохгүй.
-Тэгвэл АНУ болон бусад улсын харилцаанд сэв суулгахуйц мэдээллийг нууцлахгүй байж болохгүй гэсэн үг үү?
-Бидэнд дөрвөн жилийн түүх, нийтлэх туршлага бий. Манай байгууллагынхан ялангуяа Wikileaks-ийн Ерөнхийлөгч, Ерөнхий эрхлэгч миний бие XXI зуунд чухам юу болоод байгааг харж, учир начрыг нь ойлгодог. Хамгийн гол нь энгийн хүмүүс өртөж, хохирч болзошгүй ганцхан удаагийн тохиолдолд ч бид анхаарлаа хандуулдаг. Тиймээс л Пентагоны алдаатай бодлого, буруу алхмыг бид шүүмжилдэг юм.
-Та өөрийнхөө нийтлэлээс болж, АНУ-аас хариу цохилт авах вий гэхээс эмээж байгаагүй гэж үү?
-Вашингтоны эрх баригчид манай нийтлэлийн талаар өдөр бүр олон нийтэд хандан мэдэгдэл хийж байгаа шүү дээ. Тэд манай эх сурвалж, АНУ-ын Тагнуулын төв газрын шинжээч байсан Брэдли Маннинг гэдэг залууг хорьчихсон. Түүний өмгөөлөгч Дэвид Күйнс эрх баригчид Б.Маннингэд бие мах бодийн болоод сэтгэл санааны дарамт үзүүлж, бидний эсрэг мэдүүлэг өгөхийг шаардсан гэж мэдэгдсэн. Нэг үгээр бол энэ нь бидний эсрэг тагнуулынхны зохиож буй хуйвалдаан байхгүй юу. Тэд биднийг зогсоохын тулд өмнө нь хэний ч танил биш байсан Брэдлийг ашиглан өөрсдийнхөө ажил хэргийг гүйцэлдүүлж эхэллээ. Чухам яагаад миний араас яваад байна вэ гэхээр, тэд маш их сандарч мэгдсэндээ тэр шүү дээ. АНУ-ын Төрийн департмент, Зэвсэгт хүчин өөрсдийнх нь булхай илэрсэнд ихээхэн ичсэндээ нэрээ засах гэж чадах бүхнээ хийж байна. Ичсэн хүн яадаг билээ. Хүн алдаг шүү дээ.
-Вашингтон таныг шилжүүлж авах гэж хөөцөлдөж байгаа ийм үед танд юу бодогдож байна. Таны төгсгөл Америкийн шоронд ирж болох юм биш үү?
-Би ганц үүнээс л айж байна. АНУ намайг Англиас эсвэл Шведээс шилжүүлж авах байх л даа. Ер нь би явж, явж шоронд дуусах байх.
-Таны гол бай Америк. Харин бусад улсын тухайд?
-Бид бусадтай хамгийн ойр болон хамгийн авлигад идэгдсэн улсыг эхний байгаа болгосон юм. Нэг үгээр бид дөнгөж эхэлж байна. Дэлхий нийт АНУ-ыг хамгийн нээлттэй, шударга улс гэж төсөөлдөг. Гэвч тийм биш. АНУ бол хамгийн том хандивын эзэнт гүрэн бөгөөд үүндээ бусад улс орныг татан оролцуулчихсан. Үнэн хэрэгтээ тус улс хамгийн хаалттайгаас гадна бусад улс орнуудыг тагнуулынхаа эрхшээлд оруулсан гэж болно. Тиймээс л хамгийн ноцтой нууцыг хадгалж байгаа юм. АНУ хоёр ч дайныг зэрэг эхлүүлж, хамгийн түгээмэл бус хуулийг дотооддоо хэрэгжүүлдэг зэрэг шалтгаан Вашингтоныг эхний байгаа болгоход бидэнд нөлөөлсөн. Манай байгууллагын үйл ажиллагаа тус улсын хүн ам тэр тусмаа сайн хүмүүсийн сайн сайхны төлөө ажилладаг. Бид бусдын илгээснийг л нийтэлдэг. Гэвч АНУ-аас л өнөөх нууц материалууд чинь ирж байгаа шүү дээ.
-Тэгвэл та бусдад адилхан хандаж, Хятад эсвэл Хойт Солонгосын материалыг нийтэлж болох байсан юм биш үү?
-Бид Хятадын талаар бодож байгаа. Тус улсаас материалууд ирдэг. Хятадад интернэтийн сүлжээ илүү нээлттэй болохоор Умард Солонгосыг бодвол их материал ирж байгаа. Интернэт бидний гол багаж учраас хамгийн хаалттай оршдог Умард Солонгосоос бараг материал ирүүлдэггүй.
-Та авсан материалынхаа төлөө мөнгө төлдөг үү?
-Үгүй. Бидэнд мөнгө төлөх шаардлага байхгүй.
-Танд мөнгөний хэрэгцээ бий шүү дээ. Материал авахад зардал гарахгүй юм чинь багагүй ашиг олдог байх нь ээ?
-Надад мөнгөний хэрэгцээ бий. Гэхдээ энэ жилийг хүртэл найзууд маань манай бүх үйл ажиллагааг санхүүжүүлдэг байсан. Тэд сэтгүүл зүйг бусдад мэдрүүлэхийн төлөө гар татдаггүй юм. Манай байгууллага ямар нэгэн Засгийн газар, томоохон бизнесийн байгууллагын хүчээр байгуулагдаагүй учраас уншигчид болон зар сурталчилгааны хүчээр л санхүүжиж байна.
-Мэдээж та өөрийнхөө явуулж буй үйл ажиллагааг эргэцүүлэн бодож байсан байх. Таныг болон үйл ажиллагааг чинь анархист гэж нэрлэж болох уу?
-Үгүй. Тэгж тайлбарлах боломжгүй.
-Яагаад?
-Бид баримт, материал дээр тулгуурлаж, дэлхий нийтэд хэн нэгний бурууг илчилж, үнэнийг харуулдаг. Энэ чинь анархи биш шүү дээ. Анархи гэдэг бол иргэний нийгэмд хууль журам тогтоож, эрх мэдлээ нэмэхийг хүсдэг хууль хяналтынхны хүч түрсэн алхам.
-Таны эсрэг үйл ажиллагааг хэн удирдаж байгаа бол. Энэ талаар юу гэж бодож байна?
-АНУ-ын Засгийн газрын үзүүлж буй шахалтын улмаас Мастер карт, Виза, Пэйпол, Амазон, Швейцарийн банк гээд бүгд л санхүүгийн тал дээр хохирлоо шүү дээ. Гэвч энэ нь хууль ёсны шахалт бус ердөө ширээний ард суудаг хэдхэн эрхмээс гарч байгаа шахалт. Тэгэхээр юу болоод байна вэ. Хэн энэ бүхнийг удирдаад байна вэ гэдэг нь тодорхой. Энэ бол Вашингтоны сүлжээ. Бизнесийнхэн, улстөрчид, цэргийнхний найз нөхөд, хувьцаа эзэмшигчдийн сүлжээ шүү дээ. Энэ бүхний ард Вашингтон байгаа. Зөвхөн америкчууд биш барууны ертөнц тэр чигээрээ холбоотой.
-Нууц материал дэлгэснийхээ төлөө та өнөөдөр хамгийн их эрсдэл үүрч, бэлгийн дарамт үзүүлсэн хэрэгт буруутгагдаж, бүр баривчлагдлаа шүү дээ. Гэхдээ нөгөө талаараа та өөрөө л бусдыг өөрийнхөө эсрэг босгосон юм биш үү?
-Үгүй ээ. Огт тийм биш. Өнөөдрийн нөхцөл байдлыг аюултай гэхэд ч багадна. Манай байгууллага энгийн хүмүүсийг хамгаалдаг. Тэдгээр хүмүүс аль нэгэн хүчирхэг хүрээнийхний хохирогч болж байна. Уг хүчирхэг хүрээнийхэн Шведийн цагдаагийн газар, хүчирхийллийн эсрэг алба, магадгүй тагнуулын албаныхныг миний эсрэг үйл ажиллагаандаа татаж оролцуулсан байх. Ялангуяа тэдний үйлдэл сүүлийн хэдэн өдрийн турш хэрээс хэтэрлээ. Хүчирхэг хүрээнийхэн миний тухай сөрөг мэдээллийг хэвлэлд гаргаж, башир арга хэрэглэж, ертөнцийг гажуудуулж байна.
-Яагаад Шведийн Засгийн газар таны хэрэгт хуруугаа дүрсэн юм бол?
-Шведийн улстөрчид саяхан болсон сонгуулийн үеэр Афганистанаас цэргээ гаргана гэж ард түмэндээ амалж байсан. Харин тэд АНУ-ын талд өөрөөр ханддаг. Шведийн эх сурвалжийн хэлснээр нэг улстөрч АНУ-ын Элчин сайдтай уулзаж, Афганистанаас цэргээ гаргах талаар санаа зоволтгүй, тийм зүйл болохгүй гэх зэргээр ярьсан гэсэн. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр Швед АНУ-ын үгийг дагадаг учраас надтай холбоотой гэмт хэргийг сөхсөн гэсэн үг.
Т.ОТГОНБАТБАЯР

"Улс төрийн тойм" сонин