Улсын хэмжээнд малын нийт тоо 2009 оныхоос 35 сум, 1 дүүрэгт өсч, 294 сум, найман дүүрэгт тус тус буурчээ.
Нийт мал сүргийн дотор адуу 5.8 хувь, үхэр 6.7 хувь, тэмээ 0.8 хувь, хонь 44.1 хувь, ямаа 42.5 хувийг тус тус эзэлж, өмнөх оныхтой харьцуулахад ямааны эзлэх хувь 2.1 пунктээр буурч, харин адуу, үхэр, тэмээ, хониных 0.2-0.8 пунктээр өссөн байна.
Хамгийн олон мал тоолуулсан эхний таван аймагт Хөвсгөл (3072.1 мянга), Төв (2699.4 мянга), Архангай (2631.8 мянга), Булган (2211.3 мянга), Хэнтий (2014.3 мянга) аймгууд орж байна. Малын тооны өсөлтийг төрөл тус бүрээр авч үзвэл:
Адууны тоо 2 аймагт өсч, 19 аймаг, Улаанбаатар хотод буурсан бөгөөд адууны тоогоор Төв (200.1 мянга), Архангай (190.7 мянга), Булган (177.1 мянга), Хөвсгөл (146.3 мянга), Сүхбаатар (140.9 мянга) аймгууд эхний таван байрт орж байна.
Үхрийн тоо 3 аймагт өсч, 18 аймаг, Улаанбаатар хотод буурсан бөгөөд үхрийн тоогоор Хөвсгөл (309.2 мянга), Архангай (293.6 мянга), Булган (172.8 мянга), Төв (171.8 мянга), Хэнтий (156.5 мянга) аймгууд эхний таван байрт орж байна.
Тэмээний тоо долоон аймагт өсч, 14 аймагт буурав. Өмнөговь аймаг хамгийн олон буюу 83.4 мянган тэмээ тоолуулсан байна.
Хонины тоо хоёр аймагт өсч, 19 аймаг, Улаанбаатар хотод буурсан байна. Хонины тоогоор Хөвсгөл (1348.6 мянга), Төв (1345.1 мянга), Архангай (1308.6 мянга), Булган (1130.5 мянга), Хэнтий (971.0 мянга) аймгууд эхний таван байрт орж байна. Ямааны тоо 1 аймагт өсч, 20 аймаг, Улаанбаатар хотод буурлаа. Ямааны тоогоор Хөвсгөл (1265.8 мянга), Баянхонгор (1185.3 мянга), Төв (980.1 мянга), Өвөрхангай (874.7 мянга), Ховд (845.8 мянга) аймгууд эхний таван байрт орж байна.