Г.Арслан 2012 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшинэ гэв

Хуучирсан мэдээ: 2010.04.04-нд нийтлэгдсэн

Г.Арслан 2012 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшинэ гэв

“Шударга иргэдийн фронт”-ын тэргүүн Г.Арслан өчигдөр С-1 телевизэд өгсөн ярилцлагадаа “2012 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшинэ” гэж мэдэгдлээ. Мөн тэрбээр Ерөнхий сайдын алба хаших болно гэдгээ ч онцлоод авлаа. Түүний хувьд улстөрд тууштай тэмцээд таван жилийн нүүр үзэж буй. Энэ хугацаанд Монгол Улсын үндэсний язгуур эрх ашгийн төлөө тууштай тэмцэж ирсэн бөгөөд түүний үүсгэн байгуулсан “Шударга иргэдийн фронт”-ын ард аль нэг улстөрийн нам, хүчин, эвсэл, гадаадын эрх мэдэлтэн аль ч нь ч байхгүй гэж хэллээ. Өөрөөр хэлбэл, Монголд үйл ажиллагаа явуулж байгаа олон хөдөлгөөнүүдээс “Шударга иргэдийн фронт” нь бор зүрхээрээ явж байгаа ардаа санхүүжүүлэгч эзэнгүй, хөдөлгөөн гэж тодотгосон юм.
Түүнчлэн Амлалт нэхэх ард түмний холбооноос маргааш Сүхбаатарын талбайд зохион байгуулах жагсаалд оролцохоо мэдэгдлээ. Гэхдээ зохион байгуулалтад нь оролцохгүй гэлээ. Учир нь Амлалт нэхэх ард түмний холбооны ард Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр байгаа учраас гэж тэрбээр тодотгов. Мөн боломж олговол ард түмэндээ хандан үг хэлэх бөгөөд Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг хүчингүй болгуулахын төлөө, УИХ-ыг тараахын төлөө тууштай тэмцэнэ гэдгээ хатуу мэдэгдсэн юм.
Бас нэг мэдээ дуулгахад “Шударга иргэдийн фронт” хөдөлгөөн нь байгуулагдаад таван жилийн нүүр үзэж байгаа ч өнөөг хүртэл тамга тэмдэгтэй болж чадаагүй аж. Үүний учрыг хөдөлгөөний тэргүүн тайлбарлахдаа “Хууль зүйн яам манай хөдөлгөөнийг бүртгэж авдаггүй. Тиймээс бид нам байгуулахаар шийдсэн. Нам байгуулаад 2012 оны сонгуульд өрсөлдөж, улс эх орныхоо язгуур эрх ашгийн төлөө тууштай тэмцэнэ” гэж мэдэгдэв.
Г.Дарь
   

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж