Биеийн тамир, спортын тухай хууль | News.MN

Биеийн тамир, спортын тухай хууль

Хуучирсан мэдээ: 2010.02.27-нд нийтлэгдсэн

Биеийн тамир, спортын тухай хууль

БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ТУХАЙ


НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

Нийтлэг үндэслэл

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1. Энэ хуулийн зорилт нь биеийн тамир, спортын зохион байгуулалт, эдийн засаг, эрх зүйн үндсийг тодорхойлж, түүнд оролцогчдын хооронд үүссэн харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Биеийн тамир, спортын тухай хууль тогтоомж

2.1. Биеийн тамир, спортын тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл. Хуулийн нэр томъёоны тодорхойлолт

3.1. Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1. “биеийн тамир” гэж нийгмийн соёлын бүрэлдэхүүн хэсэг бөгөөд хүний бие бялдрыг хөгжүүлэх, эрүүл мэндийг бэхжүүлэх, хөдөлгөөний идэвхийг сайжруулах зорилгоор оюуны болон материаллаг үнэт зүйлийг бий болгох үйл ажиллагааг;

3.1.2. “спорт” гэж биеийн тамирын хөгжлийн үр дүнд бий болсон тэмцээн, түүнд тусгай журмын дагуу бэлтгэж, оролцох үйл ажиллагааг;

3.1.3. “мэргэжлийн спорт” гэж үзэгчдийн болон мэргэжлийн спортын байгууллагын ашиг сонирхлыг хангах, ашиг олох үндсэн зорилготой зөвхөн мэргэжлийн тамирчид оролцдог спортыг;

3.1.4. “үндэсний спорт” гэж ард түмний уламжлал, зан заншилд тулгуурлан хөгжсөн үндэстний онцлог шинжийг агуулсан спортыг;

3.1.5. “тамирчин” гэж спортоор системтэй хичээллэж, тэмцээнд оролцдог этгээдийг;

3.1.6. “өндөр зэрэглэлийн тамирчин” гэж спортын тодорхой төрлөөр системтэй хичээллэж, үндэсний болон олон улсын тэмцээнд тогтмол оролцдог, спортын төрөл, цол, зэргийн нэгдсэн ангиллын дагуу спортын мастераас доошгүй цол авсан тамирчныг;

3.1.7. “мэргэжлийн тамирчин” гэж спортын тодорхой төрлөөр мэргэшиж, түүгээрээ дагнан хичээллэн, тэмцээнд бэлтгэж оролцсоныхоо төлөө контрактын дагуу цалин хөлс, бусад мөнгөн урамшуулал авдаг тамирчныг;

3.1.8. “биеийн тамир, спортын байгууламж” гэж иргэн, тамирчид биеийн тамир, спортоор хичээллэх, тэмцээн явуулах зориулалттай заал, танхим, талбайг;

3.1.9. “ажилтан” гэж биеийн тамир, спортын байгууллагад ажиллаж байгаа болон биеийн тамир, спортын үйл ажиллагаа эрхэлж байгаа этгээдийг.

4 дүгээр зүйл. Төрөөс биеийн тамир, спортын талаар  баримтлах бодлого, зарчим

4.1.Төрөөс биеийн тамир, спортын талаар дараахь бодлогыг баримтална:

4.1.1. биеийн тамир, спорт нь төрийн анхаарал, ивээл, зохицуулалт, төр, олон нийтийн хяналтад байх;

4.1.2. биеийн тамир, спортыг орчин үеийн шинжлэх ухааны ололт, үндэсний уламжлалд тулгуурлан хөгжүүлэх таатай орчныг бүрдүүлэх;

4.1.3. биеийн тамирыг хүн амын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, тэднийг хүмүүжүүлэх, эрүүл аж төрөх ёсыг хэвшүүлэх, ажиллах чадварыг дээшлүүлэх үндэс болгон хувь хүний хөгжлийг хангахад чиглүүлэх;

4.1.4. спортын бодлогын үндэс нь тамирчдын сургалт-дасгалжуулалтыг үр өгөөжтэй явуулж, ур чадварыг нэмэгдүүлэн улс, олон улсын тэмцээнд амжилттай оролцох, Монгол орныг дэлхий нийтэд сурталчлахад чиглэх.

4.2. Төрөөс биеийн тамир, спортын талаар дараахь зарчмыг баримтална:

4.2.1. иргэдэд биеийн тамирын хүмүүжил олгох үйл явц тасралтгүй, залгамж шинжтэй байх;

4.2.2. биеийн тамир, спортыг хөгжүүлэхдээ биеийн тамир, спортын үйлчилгээ үзүүлэх байгууллагуудын бие даасан, өмчийн олон хэлбэрт тулгуурласан байдлыг хангах;

4.2.3. биеийн тамир, спортын бодлого, арга хэмжээ нь төрийн бүх шатны,  биеийн тамир, спортын байгууллага болон бусад байгууллага, аж ахуйн нэгж, иргэний нэгдмэл үйл ажиллагаагаар хэрэгжих.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

Биеийн тамир, спортын удирдлага, тогтолцоо

5 дугаар зүйл. Биеийн тамир, спортын төрийн удирдлагын тогтолцоо

5.1. Биеийн тамир, спортын төрийн удирдлагын тогтолцоо нь Улсын Их Хурал, Засгийн газар, биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллагын удирдлагаас бүрдэнэ.

6 дугаар зүйл. Улсын Их Хурлын бүрэн эрх

6.1.  Улсын Их Хурал нь биеийн тамир, спортыг дэмжих талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

6.1.1. биеийн тамир, спортын үндэсний бодлогыг тодорхойлох;

6.1.2. биеийн тамир, спортын асуудлаар олон улсын гэрээнд Монгол Улс нэгдэн орох, гарах асуудлыг шийдвэрлэх;

6.1.3. хуульд заасан бусад бүрэн эрх.

7 дугаар зүйл. Засгийн газрын бүрэн эрх

7.1. Засгийн газар нь биеийн тамир, спортыг дэмжиж хөгжүүлэх талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

7.1.1. биеийн тамир, спортын үндэсний бодлогыг хэрэгжүүлэх;

7.1.2. биеийн тамир, спортыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр баталж, хэрэгжүүлэх;

7.1.3. насанд хүрэгчдийн үндэсний шигшээ багийг байгуулан ажиллуулах;

7.1.4. олимпийн наадам, дэлхий, тивийн аварга шалгаруулах тэмцээнд амжилт гаргасан тамирчныг шагнаж урамшуулах болон үндэсний хэмжээний тэмцээний мөнгөн шагналын хэмжээ, түүнийг олгох журмыг тогтоох;

7.1.5. Монгол Улсад зохиогдох олон улс, дэлхий, тивийн болон  үндэсний хэмжээний спортын тэмцээн, наадам зохион байгуулах талаар шийдвэр гаргах;

7.1.6. хуульд заасан бусад бүрэн эрх.

8 дугаар зүйл. Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх

8.1. Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

8.1.1.биеийн тамир, спортын тухай хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

8.1.2. биеийн тамир, спортын үндэсний бодлогыг боловсруулах;

8.1.3. биеийн тамир, спортыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжилтийг хангах;

8.1.4. биеийн тамир, спортын мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх бодлого боловсруулах, биеийн тамир, спортын анагаах ухааныг хөгжүүлэх;

8.1.5. биеийн тамирыг өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрүүл аж төрөх ёс болгон хэвшүүлэх ажлыг зохион байгуулах;

8.1.6. хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

9 дүгээр зүйл. Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын эрх

9.1. Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны  байгууллага нь биеийн тамир, спортын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, биеийн тамир, спортыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах үйл ажиллагааг улсын хэмжээнд эрхлэн зохион байгуулах Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг мөн.

9.2. Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь аймаг, нийслэл, дүүрэгт биеийн тамир, спортын хороо, суманд биеийн тамир, спортын орон тооны бус арга зүйчтэй байна.

9.3. Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь дараахь эрхийг хэрэгжүүлнэ:

9.3.1. биеийн тамир, спортын тухай хууль тогтоомж, төрийн бодлогыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

9.3.2. бүх насны ангиллын биеийн тамир-чийрэгжүүлэлтийн нормативыг боловсруулан батлах;

9.3.3. улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулах эрх олгох;

9.3.4. биеийн тамир, спортын улсын мэдээллийн санг бүрдүүлэх;

9.3.5. хууль тогтоомжид заасан бусад эрх.

10 дугаар зүйл. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг  даргын бүрэн эрх

10.1. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга биеийн тамир, спортын талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

10.1.1. нутаг дэвсгэртээ биеийн тамир, спортын хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах;

10.1.2. тухайн нутаг дэвсгэрийн хүн ам, байгууллага, хамт олныг биеийн тамир, спортын арга хэмжээнд оролцуулах, түүнд шаардагдах хөрөнгийг жил бүрийн төсвийн төсөлд тусгах;

10.1.3. аймаг, нийслэл, дүүргийн Засаг дарга нь аймаг, нийслэл, дүүрэгт биеийн тамир, спортын хороог байгуулан ажиллуулах ба биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай  зөвшилцөн тухайн биеийн тамир, спортын хорооны удирдлагыг томилж, чөлөөлөх;

10.1.4. сумын Засаг дарга нь биеийн тамир, спортын орон тооны бус арга зүйчийг гэрээ байгуулан ажиллуулах, чөлөөлөх;

10.1.5. хүн амын дунд биеийн тамирын хөдөлгөөн өрнүүлэх, спортыг хөгжүүлэх хөтөлбөр гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулах;

10.1.6. нутаг дэвсгэртээ биеийн тамир, спортын материаллаг бааз, боловсон хүчний чадавхийг сайжруулах арга хэмжээ авах, орон нутгийн онцлогт тохирсон спортын төрлүүдийг түлхүү хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлэх;

10.1.7. биеийн тамир, спортын төрлүүдийг хөгжүүлэх чиглэлээр биеийн тамир, спортын холбоо болон бусад байгууллагатай хамтран ажиллах.

ГУРАВДУГААР БҮЛЭГ


Биеийн тамир

11 дүгээр зүйл. Боловсролын байгууллага дахь  биеийн тамир

11.1. Бүх шатны боловсролын байгууллага нь хичээлийн агуулга, төлөвлөгөөндөө биеийн тамирын хичээлийг оруулна. Биеийн тамирын хичээлийн  хугацааг боловсролын стандартаар тогтооно.

11.2. Бие бялдрын хувьд сул, эрүүл мэндийн магадлагаатай суралцагсдад тэдний бие бялдарт тохирсон тусгай хөтөлбөрийн дагуу биеийн тамирын хичээлийг заана.

11.3. Бүх шатны боловсролын байгууллага нь биеийн тамир, спортыг хөгжүүлэх зорилгоор дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:

11.3.1. хичээлээс гадуурх биеийн тамир, спортын сургалтын ажлыг секц, дугуйлангийн хэлбэрээр зохион байгуулж, энэ арга хэмжээнд зориулсан хөрөнгийг жил бүрийн төсөвтөө тусгах;

11.3.2. оюутан, сурагчдын дунд төрөл бүрийн тэмцээн, наадам зохиох, тэднийг улс, аймаг, нийслэл, бүс нутгийн болон сум, дүүргийн тэмцээнд оролцоход туслалцаа үзүүлэх;

11.3.3. биеийн тамир, спортыг хөгжүүлэх хөтөлбөр гарган хэрэгжүүлэх.

12 дугаар зүйл. Аж ахуйн нэгж, байгууллага дахь биеийн тамир

12.1. Аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага нь зохион байгуулалт, өмчийн хэлбэр харгалзахгүйгээр ажиллагчдыг биеийн тамираар хичээллүүлэх зорилгоор дор дурдсан арга хэмжээг хөдөлмөрийн болон хамтын гэрээнд тусган хэрэгжүүлнэ:

12.1.1. ажиллагчдын биеийн тамир, спортоор хичээллэх бололцоог ханган, биеийн тамир, спортын тэмцээн зохион байгуулах;

12.1.2. өөрийн өмчлөл, эзэмшилд байгаа биеийн тамир, спортын байгууламж, тоног төхөөрөмж, хэрэгслийг ашиглуулах, шаардлагатай тохиолдолд биеийн тамир, спортын байгууллагын ажилтан ажиллуулж зохих цалин хөлс, урамшуулал олгох;

12.1.3. байгууллага, хамт олны ажил мэргэжлийн онцлогтой уялдуулан биеийн тамираар хичээллэх хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэх;

12.1.4. ажиллагчдын ажиллах чадавхи, эрүүл мэнд, бие бялдрын түвшинд үнэлгээ өгч, түүнийг сайжруулах арга хэмжээ авах.

12.2. Аж ахуйн нэгж, байгууллага нь биеийн тамир, спортын арга хэмжээнд шаардагдах хөрөнгийг жил бүр төлөвлөн санхүүжүүлж байна.

12.3. Амралт, сувиллын байгууллага, хүүхдийн зуслан нь биеийн тамир, спортын байгууламж, тоног төхөөрөмжтэй байж, биеийн тамир-чийрэгжүүлэлтийн ажлыг биеийн тамир, спортын байгууллагын ажилтны оролцоотойгоор зохион байгуулна.

13 дугаар зүйл. Гэр бүл дэх биеийн тамир

13.1. Гэр бүлийн гишүүд эрүүл мэндээ хамгаалах зорилгоор биеийн тамираар хичээллэж, хүн амын дунд зохиож буй биеийн тамирын арга хэмжээнд идэвхтэй оролцоно.

13.2. Эцэг, эх нь хүүхдийг биеийн тамираар бие даан  хичээллэх нөхцөл, бололцоогоор хангах журамт үүрэгтэй.

14 дүгээр зүйл. Зэвсэгт хүчин, хууль сахиулах байгууллага дахь биеийн тамир, спорт

14.1. Монгол Улсын зэвсэгт хүчин, цагдаа, тагнуул, гамшгаас хамгаалах болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, хилийн цэргийн биеийн тамир, спорт нь  цэргийн сургалт, бие бүрэлдэхүүний хүмүүжил, бэлэн байдлын салшгүй хэсэг болно.

14.2. Бие бүрэлдэхүүний биеийн тамир, спортын арга хэмжээг зохион байгуулах, мэргэжлийн удирдлагаар хангах үйл ажиллагааг тухайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай хамтран хэрэгжүүлнэ.

14.3. Энэ хуулийн 14.1-д дурдсан байгууллагад биеийн тамир, спортын арга хэмжээ зохион явуулах салбар нэгж байгуулж болно.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ


Спорт

15 дугаар зүйл. Тамирчны эрх, үүрэг, үйл ажиллагааны зохион байгуулалт

15.1. Тамирчин дор дурдсан эрх эдэлнэ:

15.1.1. тэмцээнд оролцох үедээ зохих журмын дагуу биеийн тамир, спортын барилга байгууламж, техник хэрэгсэл, эрүүл мэндийн үйлчилгээ, байр, хоолоор хангагдах;

15.1.2. тэмцээнд бэлтгэх, оролцох хугацаанд үндсэн ажил, сургуулиас санхүү, эдийн засгийн болон биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний хамтран баталсан журмын дагуу чөлөөлөгдөх;

15.1.3. Монгол Улсын хууль тогтоомжид заасан бусад хөнгөлөлт, баталгаа, урамшууллыг эдлэх.

15.2. Тамирчин дор дурдсан үүрэг хүлээнэ:

15.2.1. өөрийн улс, харьяа биеийн тамир, спортын байгууллагыг олон улс, улс, орон нутгийн тэмцээнд нэр хүндтэйгээр төлөөлөн оролцох;

15.2.2. эх оронч үзэлтэй байж, тамирчны ёс зүйн хэм хэмжээ, эрүүл ахуйн шаардлагыг сахиж, спортын болон олимпийн хөдөлгөөний мэдлэг эзэмших;

15.2.3. спортын шударга өрсөлдөөнийг эрхэмлэх;

15.2.4. биеийн тамир, спортыг идэвхитэй сурталчлагч байх;

15.2.5. биеийн тамир, спортод хориглосон эм, сэргээш болон хориотой мэх, арга барил хэрэглэхгүй, хүний нэр төрийг гутаан доромжлохгүй, эрүүл мэндэд хортой эм, сэргээш худалдахгүй байх.

15.3. Тамирчны үйл ажиллагаа нь өөрийн харьяалагддаг байгууллагын удирдлагатай байгуулсан гэрээгээр тодорхойлогдоно. Тамирчны ур чадварын түвшнээс хамаарч тухайн тамирчинтай контракт байгуулан ажиллаж болно.

15.4. Тамирчны үйл ажиллагааны гэрээг бичгээр байгуулна.

15.5. Тамирчны үйл ажиллагааны гэрээнд оролцогч талуудын эрх, үүрэг,  тэмцээнд бэлтгэх, оролцох нөхцөл, хөдөлмөрийн хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал, тамирчин өөр клуб, багт шилжих, гэрээг сунгах, дуусгавар болгох болон харилцан тохиролцсон бусад нөхцөлийг тусгана.

15.6. Тамирчны үйл ажиллагааны гэрээний талаар энэ хуулийн 15.5-д заасан шаардлага нь дасгалжуулагчтай байгуулах гэрээнд нэгэн адил хамаарна.

16 дугаар зүйл. Улс, олон улс, бүс нутаг, аймгийн тэмцээн, наадам

16.1. Монголын хүүхдийн, оюутны, үндэсний, бүх ард түмний спортын их наадмыг дөрвөн жил тутам тус тус зохион байгуулна.

16.2. Улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулах байгууллага нь тэмцээн зохион байгуулах арга хэмжээний хуваарь, зааврын төслийг биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад тэмцээний өмнөх жилийн тавдугаар сард багтаан ирүүлнэ.

16.3. Улс, олон улс, бүс нутаг, аймгийн тэмцээн, наадам зохион байгуулах, санхүүжүүлэхтэй холбогдсон журмыг санхүү, эдийн засгийн болон биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.

16.4. Үндэсний их баяр наадам, түүнийг зохион байгуулахтай холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.

17 дугаар зүйл. Спортын цол, зэрэг

17.1. Спортын төрөл, цол, зэргийн нэгдсэн ангилал /цаашид “цол, зэргийн нэгдсэн ангилал” гэх/ тогтоох болон цол, зэрэг олгох журмыг биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага батална.

17.2. Цол, зэргийн нэгдсэн ангиллын болзлыг биелүүлсэн тамирчинд спортын цол, зэргийг энэ хуулийн 17.1-д заасан журмын дагуу олгоно.

17.3. Цол, зэргийн нэгдсэн ангиллын болзлыг биелүүлсэн тамирчин, шүүгчдэд тухайн орон нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж мөнгөн урамшуулал олгож болно.

17.4. Спортын мастер, олон улсын хэмжээний мастер цол хүртсэн тамирчинд харьяа байгууллага нь цолны нэмэгдэл хөлсийг сар бүр өөрсдөө тогтоон олгож болно.

18 дугаар зүйл. Үндэсний шигшээ баг

18.1. Үндэсний шигшээ багийн тогтолцоо нь насанд хүрэгчдийн үндэсний шигшээ, залуучуудын, оюутны, өсвөр үеийн шигшээ багаас бүрдэнэ.

18.2. Насанд хүрэгчдийн үндэсний шигшээ багийг олон улсын олимпийн хорооны ивээл дор явагдаж байгаа болон олон улсын шинжтэй тэмцээнд Монгол Улсыг төлөөлж оролцох тамирчдыг бэлтгэх зорилгоор биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын харьяанд байгуулна. Насанд хүрэгчдийн үндэсний шигшээ багийн тамирчин нь биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай тамирчны үйл ажиллагааны гэрээ байгуулан ажиллана.

18.3. Насанд хүрэгчдийн үндэсний шигшээ багийг бүрдүүлэх, тамирчдыг сонгон шалгаруулах журмыг биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага батална.

18.4. Насанд хүрэгчдийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчийг сонгон шалгаруулалт зарлан шалгаруулах бөгөөд биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай байгуулсан гэрээний биелэлтээр ажлыг нь дүгнэнэ. Насанд хүрэгчдийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчийн сонгон шалгаруулах журмыг биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага батална.

18.5. Залуучуудын шигшээ багийг спортын зургаагаас доошгүй төрлөөр  зохион байгуулах бөгөөд үйл ажиллагаандаа энэ хуулийн 18.2-18.4 дэх хэсгийг баримтална.

18.6. Оюутны шигшээ багийг спортын зургаагаас доошгүй төрлөөр нийслэлийн Засаг даргын дэргэд байгуулна.

18.7. Оюутны шигшээ багийн тамирчны сургалтын болон оюутны байрны төлбөрийг төр хариуцах бөгөөд залуучуудын шигшээ багийн тамирчинтай ижил хэмжээгээр цалинжина.

18.8. Өсвөр үеийн шигшээ багийг наймаас доошгүй төрлөөр аймаг, дүүрэгт аймаг, нийслэлийн Засаг дарга зохион байгуулна.

18.9. Аймаг, нийслэлийн Засаг дарга нь өсвөр үеийн шигшээ багийн хичээл, сургуулийг спортын хэрэглэл, материалаар иж бүрэн хангах, шигшээ багийн багш, дасгалжуулагчийн орон тоог тогтоох, тамирчин сурагчдыг спортын хувцсаар хангах асуудлыг шийдвэрлэж, цалинжуулна.

18.10. Өсвөр үеийн шигшээ багийг бүрдүүлэн ажиллуулах журмыг аймаг, нийслэлийн  Засаг дарга, оюутны шигшээ багийг бүрдүүлэн ажиллуулах журмыг нийслэлийн Засаг дарга тус тус батална.

19 дүгээр зүйл. Мэргэжлийн спорт

19.1. Мэргэжлийн спортын зохион байгуулалтын бүтэц нь тухайн спортын төрлийн онцлогоор тодорхойлогдох бөгөөд мэргэжлийн спортын байгууллага,  тамирчдын үйл ажиллагаанаас бүрдэнэ.

19.2. Мэргэжлийн тамирчдын үйл ажиллагаа нь мэргэжлийн спортын байгууллагатай байгуулсан контрактаар тодорхойлогдоно.

ТАВДУГААР БҮЛЭГ
Эдийн засгийн харилцаа

20 дугаар зүйл. Биеийн тамир, спортын санхүүжилт

20.1. Биеийн тамир, спортын арга хэмжээг хэвийн явуулахад шаардагдах хэмжээний төсвийг Улсын Их Хурал, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална.

20.2. Биеийн тамир, спортын зардлыг улсын болон орон нутгийн төсөвт бие даасан зүйл болгон батална.

20.3. Энэ хуулийн 7.1.2, 7.1.3, 7.1.4, 9.3, 16.1, 16.3, 18.5-д заасан үйл ажиллагааг улсын төсвөөс, 10.1.2, 10.1.4, 10.1.5, 18.7, 18.9-т заасан үйл ажиллагааг орон нутгийн төсвөөс, бусад үйл ажиллагааг биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон аймаг, нийслэл, дүүргийн биеийн тамир, спортын хорооны өөрийн үйл ажиллагааны орлогоос санхүүжүүлнэ.

20.4. Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, аймаг, нийслэл, дүүргийн биеийн тамир, спортын хорооны өөрийн үйл ажиллагааны орлогын хэмжээтэй холбогдуулан улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх хөрөнгийн хэмжээг багасгаж болохгүй.

20.5. Олон нийтийн үүсгэл санаачлагаар “Биеийн тамир, спортыг хөгжүүлэх сан” байгуулж болно.

20.6. Нийтийн биеийн тамирын үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага нь ашгийн төлөө бус байна.

21 дүгээр зүйл. Биеийн тамир, спортын барилга, байгууламжийг өмчлөх, эзэмших, ашиглах

21.1. Биеийн тамир, спортын барилга байгууламж нь бүх төрлийн өмчийн байж болно.

21.2. Бүх шатны боловсролын байгууллагын барилгыг биеийн тамир, спортын байгууламжгүй барих, ашиглалтад хүлээн авах, төрийн өмчлөлд байгаа биеийн тамир, спортын байгууламжийг адил байгууламж барихгүйгээр буулгахыг хориглоно.

21.3. Хот байгуулалтын баримт бичгийг боловсруулахдаа иргэдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн биеийн тамир, спортын байгууламжийг зохистой хүрээнд барихаар тусгана.

21.4. Биеийн тамир, спортын  байгууламжийг сургуулийн өмнөх насны хүүхэд, сурагчид, оюутан, тахир дутуу иргэд, ахмадуудад ашиглуулахдаа тухайн байгууллага нь хөнгөлөлт үзүүлнэ.

21.5. Биеийн тамир, спортын арга хэмжээ зохион байгуулахдаа тухайн барилга байгууламжийн тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны шаардлагыг хангах, иргэдийн эрүүл мэнд, нэр төр, алдар хүндэд гэм хор учруулах, харгис хэрцгий байдал, хүчирхийллийн илэрхийлэл үүсэхээс урьдчилан сэргийлэх үүргийг барилга байгууламжийг эзэмшигч, ашиглагч болон тухайн арга хэмжээг зохион байгуулагчид хүлээнэ.

22 дугаар зүйл. Ажилтан, тамирчны нийгмийн баталгаа

22.1. Ажилтан дор дурдсан нийгмийн баталгаагаар хангагдана:

22.1.1. хөдөлмөрийн нөхцөл, мэргэжлийн онцлог, гүйцэтгэсэн хөдөлмөрийнхөө чанар, хэмжээнд тохирсон цалин, нэмэгдэл хөлс, нөхөн олговор, тусламж, шагнал, урамшуулал авах;

22.1.2. орон нутгийн онцлогийг харгалзан нутгийн захиргааны байгууллага болон аж ахуйн нэгж, байгууллагаас нэмэгдэл цалин, урамшуулал, бусад дэмжлэг авах.

22.2. Тамирчин дор дурдсан нийгмийн баталгаагаар хангагдана:

22.2.1. тамирчин олимпийн наадам, дэлхий, тивийн аварга болон улсын аварга шалгаруулах тэмцээнд өндөр амжилт үзүүлбэл Засгийн газраас мөнгөн шагнал болон бусад байгууллагын урамшуулал авах;

22.2.2. үндэсний шигшээ багийн тамирчин цалин хөлс авах. Энэ заалт дасгалжуулагчид хамаарна;

22.2.3. тэмцээнд оролцох явцад эрүүл мэнд нь хохирсон тохиолдолд эмчлүүлэх зардлыг хөдөлмөрийн гэрээний дагуу тамирчны харьяалагдах байгууллага гаргах.

23 дугаар зүйл. Гадаадын иргэн, харьяалалгүй хүний  биеийн тамир, спортын эрх

23.1. Хуульд өөрөөр заагаагүй бол гадаадын иргэн, харьяалалгүй хүн  Монгол Улсын харьяат иргэн болсноор Монгол Улсын нэрийн өмнөөс олон улс, тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, олимпийн наадамд оролцох эрх эдэлнэ.

23.2. Гадаадын иргэн, харьяалалгүй хүн нь Монгол Улсын хэмжээнд зохиогдож буй тэмцээнд зохих журмын дагуу оролцож болно.

23.3. Мэргэжлийн болон өндөр зэрэглэлийн гадаадын тамирчин, дасгалжуулагчийг  биеийн тамир, спортын байгууллага  гэрээгээр ажиллуулж болох бөгөөд энэ харилцаа нь олон улсын спортын байгууллагаас гаргасан дүрэм, журам, зааварт нийцсэн байна.

24 дүгээр зүйл. Биеийн тамир, спортын тухай хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага

24.1. Биеийн тамир, спортын тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол дор дурдсан захиргааны шийтгэлийг хууль тогтоомжоор тусгайлан эрх олгосон улсын байцаагч болон шүүгч ногдуулна:

24.1.1 энэ хуулийн 11.1-ийг зөрчсөн албан тушаалтныг 40000-60000, байгууллагыг 150000-200000 төгрөгөөр торгох;

24.1.2. энэ хуулийн 12.1-ийг зөрчсөн албан тушаалтныг 30000-50000, аж ахуйн нэгж, байгууллагыг 100000-150000 төгрөгөөр торгох;

24.1.3. энэ хуулийн 15.2.5-ыг зөрчсөн тамирчныг 30000-50000 төгрөгөөр торгож, спортын тэмцээнд оролцох эрхийг хасах эсэх асуудлыг зохих спортын холбооны дүрмээр зохицуулах;

24.1.4. энэ хуулийн 21.2, 21.5-ыг зөрчсөн албан тушаалтныг 40000-60000, аж ахуйн нэгж, байгууллагыг 200000-250000 төгрөгөөр торгох.

24.2. Биеийн тамир, спортын албан ёсны бэлтгэл, сургуулилт, тэмцээний явцад иргэний эрүүл мэндэд учруулсан гэм хорыг холбогдох хууль тогтоомжийн дагуу гэм буруутай этгээд арилгана.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА  С.ТӨМӨР-ОЧИР

2003 оны 10 дугаар сарын 31-ний өдөр

Улаанбаатар хот

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

dashnyam 2010-02-27 203.194.115.113

like

Avatar

Д.Атарболд 2010-02-27 202.126.91.35

Хамгийн сүүлийн үеийн мэдээ мэдээллийг суулгаж өгнө үү Японд болсон жүдо бөхийн тухай гээд лл зөндөө байна шүүдээ

Avatar

Д.Атарболд 2010-02-27 202.126.91.35

Хамгийн сүүлийн үеийн мэдээ мэдээллийг суулгаж өгнө үү Японд болсон жүдо бөхийн тухай гээд лл зөндөө байна шүүдээ

Avatar

Д.Атарболд 2010-02-27 202.126.91.35

Хамгийн сүүлийн үеийн мэдээ мэдээллийг суулгаж өгнө үү Японд болсон жүдо бөхийн тухай гээд лл зөндөө байна шүүдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж