“Суралцагч байгууллагыг хөгжүүлэх манлайлал” сэдэвт онол практикийн бага хуралд сургалтад хамрагдсан менежерүүдийн есөн баг илтгэл бичиж, хэлэлцүүлсэн юм. Хуулийн байгууллагын менежерүүдийн туршлагын талаар “Жендэр болоод манлайлал” илтгэл, мэдээлэл ярилцлагыг аймгийн прокурор Г.Бат-Очир, “Цагийн менежмент” аймгийн төвийн сургуулиудын менежерийн туршлагаас Соого-Сейко сургуулийн захирал С.Оюунбилэг, “Байгууллагын өөрчлөлтийн динамик” сэдвээр Баацагаан сумын менежерүүдийн туршлагын талаар соёлын төвийн эрхлэгч Д.Мөнхцэцэг нарын тавьсан илтгэл оролцогчдын сонирхолыг татаж байлаа. Энэхүү бага хурлын зорилго нь ерөнхий менежерүүдийн манлайлалын сургалтад хамрагдсан болон бусад менежерүүд харилцан мэдээлэл солилцож, туршлагаа хуваалцах замаар аймаг, сум, байгууллагаа хөгжүүлэн, төлөвшүүлэхэд оршиж байгааг зохион байгуулагчид онцлон хэлэв. Мөн Монгол улсын төрийн албаны шинэтгэлийн дунд хугацааны стратегийг хэрэгжүүлэхэд чиглэгдэж байгаа аж.Тус бага хурлын зохион байгуулалт, ач холбогдол, үр дүнгийн талаар оролцогчдоос санал асуулга авчээ. Менежерүүдийн олонхи нь уг онол практикийн бага хурлын ач холбогдол өндөр, жил бүр уламжлал болгон зохион байгуулахыг хүсэж байна гэж хариулжээ.
Дашрамд дуулгахад энэхүү онол практикийн бага хурал Монгол улсад Төрийн албаны зөвлөл үүсэн байгуулагдсаны 15 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд зохиогдож байгаа ажээ.
Б.Батгэрэл
Онол практикийн бага хурал болов
Баянхонгор аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөл “Суралцагч байгууллагыг хөгжүүлэх манлайлал” онол практикийн бага хурлыг зохион байгууллаа. Энэ сарын 23-нд болсон бага хуралд аймгийн удирдлагууд, сумын ИТХ-ын дарга, Засаг дарга, төсвийн байгууллагуудын ерөнхий менежер зэрэг 140 шахам хүн оролцлоо.