Мэргэжлийн сумогийн дэвжээнээ гялалзаж, арлын Японд эх орныхоо дуурсгаж яваа ёкозуна Хакухо М.Даваажаргал 2010 оны Японы мэргэжлийн спортын шилдэг тамирчнаар тодорчээ. МҮОХ-ны тэргүүн дээд шагнал гардуулах “Бөртэ чоно-2010” наадмын шилдэг 10 тамирчны нэгт багтсан их аварга Хакухогийн хувьд 2010 он ээлтэй байж, зургаан башёгийн тавд нь түрүүлэхдээ дөрвөн удаад нь нэг ч өвдөг шороодолгүй 15-0 гэсэн амжилтаар түрүү авсан билээ. Түүнчлэн Хакухо М.Даваажаргал дараалан 63 давж, сумогийн бүх цаг үеийн түүхэн амжилтын хоёрдугаарт эрэмбэлэгдсэн юм. Их аварга Хакухог өнгөрсөн долоо хоногт Японы Ерөнхий сайд Наото Кан хүлээн авч, шагналыг нь гардуулан өгсөн байна.
Японы мэргэжлийн спортын шилдэг тамирчин болон шилдэг багийг Токио дахь хэвлэл мэдээллийн 54 спортын сэтгүүлч, сурвалжлагчдын саналаар тодруулжээ. Их аварга Хакухогийн тухайд оны шилдэг тамирчнаар тодорсон тав дахь сумоч болж байна. Өмнө нь 1970 онд Тайхо, 1988, 1989 онд Чиёнофүжи, 1992 онд Таканохана, 2004, 2005 онд Асашёорюү их аварга оны шилдгээр тодорч байжээ.
С.Цэлмэг