
Эрх чөлөөний хөшөө, Эйфелийн цамхаг, Пирамид, Сиднейн алдарт Дуурийн театр. Эдгээр мөсөн урлал хэдий жижигхэн ч өөлөх юмгүй, тунгалаг харагдах аж. Дурсгалын зураг авахуулахаар зогссон хүмүүсийн цуваа ч тасрахгүй байлаа. Үндэсний соёл, амралтын хүрээлэн соёлч боловсон амарч зугаалах газар болж чаджээ. Чимхлүүр бүтээл байна шүү гэж долоон гайхамшигт дүгнэлт хийгээд цааш алхав. 30 метр явахад мөсөн гулгуурын талбайд ирлээ. Мөсөн каток гэхээр л машинаар ус зөөж асгаж хөлдөөгөөд, хэдэн банзаар хашлага хийчихдэг, хуучирч муудсан муухай тэшүүр түрээслэдэг гэх ойлголт энэ өвлөөс улирч байна. Монголд анх удаа дэлхийн стандартад нийцсэн талбай нээгдээд байгаа нь энэ юм. Гулгуурын талбай дөрвөн улирлын турш нээлттэй бөгөөд хурдацтай хөгжиж буй нанотехнологийн бүтээл аж. Охид хөвгүүд олноороо цуглажээ. Бас гадны киноноос л хардаг байсан кофешопд тухаллаа. Ингэхдээ мөсөн гулгуур руу харсан том цонхоор орчныг тольдож хүүхэд залуучууд талбайд хэрхэн эрч хүчтэйгээр гулгах, унах, инээсээр босч ирэхийг нь харна. Тэд ар араасаа зүүгдэн, ханаран унацгаана.
Үндэсний соёл, амралтын хүрээлэнгийн төвд жижиг цөөрөм, тод цагаан гэрлээр чимсэн цайз харагдана. Цайз одоохондоо ашиглалтад ороогүй байгаа ч гаднаасаа хэний ч анхаарлыг татам харагдана. Цайзад үзэсгэлэнт гүнж, аймшигт луу байдаг хэмээн үлгэр хүүрнэмээр өвлийн үдэш ийнхүү үргэлжилж байна. Бяцхан үрсээ хөтлөн ирсэн эцэг эхчүүд ийм үлгэрийг ярьж өгсөн гэдэгт эргэлзсэнгүй. Цөөрөмд мөсөөр урласан хоёр гулгуур харагдана. Хэт өгсүүр, өндөр биш тул бяцхан дүү нартаа, хүүхдэдээ санаа зовохгүй байж болох юм. Багачуудын дуу хадаж, амнаас нь уур савсах ч тэд огтхон ч даарсан шинжгүй чанга инээсээр.
“Анхаараарай, өдөр бүр 19 цагаас эхэлдэг “Салют шоу” яг одоо болох гэж байна” гэж бүгдийн анхаарлыг хэн нэгний дуу өөртөө татаад, гэнэт сонсогдсон шигээ гэнэт нам гүм болов. Нам гүмийг эвдэж гэрэлт паркад салют шоу эхэллээ. Өнгө өнгөөр солонгорон, өөр өөр хэлбэр дүрс үүсгэн одот тэнгэрт ёслолын буудлага болж байна. Бүгд гацуурын зүг алхацгаан салют харахаар явцгаав. Цагаан, ногоон гэрлэн чимэглэлтэй паркад цагаан, ногоон, улаан гэрлүүд тэнгэрт хэдэн хормын турш харвав. Энд төв талбайнхаас ч том гацуур байрлуулжээ. Том том бөмбөлгүүд өлгөсөн гацуурын дэргэд удаан зогсч болохгүй. Учир нь хэн нэгний татуулах дурсгалын зургийн кадрт орчих гээд тун түвэгтэй.
Зул сарын яармаг худалдаа харь гарагийн хөлгийн хажууд болж байна. Бөмбөгөр дээвэртэй саарал асарт улаан хослолтой худалдагчид нааш цааш хөлхөцгөөнө. Хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Эндээс өөрийн хүссэн хэмжээтэй гацуурыг худалдан авч болох нь. Бас өмнө нь харж байгаагүй том санта ч байна. Надаас нэлээд том. Санта саксофон хөгжим гартаа барьжээ. Магадгүй хөгжимддөг, бүжиглэдэг байх.
Мессеж центерт хамгийн олон “Love” гэсэн үг илгээсэн охид залуучуудыг шалгаруулж эхэллээ. Үл таних эрийн хоолой сонсогдож хэн нэгэн ялагчаа танилцуулж байна. Ялагч нь томоос том бэлэг хүртэх юм гэнэ. Хамгаас хайртай хүндээ хаягласан хамгийн олон “Love” ялагчаар тодорчээ.
Т.ЕСӨН-ЭРДЭНЭ

"Улс төрийн тойм" сонин