Төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэхэд хамтрахаар болов

Хуучирсан мэдээ: 2010.04.04-нд нийтлэгдсэн

Төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэхэд хамтрахаар болов

Улс эх орныг хөгжүүлэх олон  асуудлыг төр,  хувийн хэвшлийнхэн
хамтраад амархан шийдэж болно гэдгийг хаа хаанаа олж харж,  2010 оныг
Төр,  хувийн хэвшлийн харилцааг хөгжүүлэх жил болгоод буй. Энэ хүрээнд
Монголын Ажил Олгогч Эздийн  нэгдсэн Холбоо /МАОЭНХ/,  Татварын ерөнхий
газар /ТЕГ/  өнгөрсөн баасан гаригт хамтран ажиллах санамж бичигт гарын
үсэг зурлаа. Тус санамж бичигт Татварын багц хуулиудыг амжилттай
хэрэгжүүлэх, Татварын албаны шинэчлэл ил тодын хөтөлбөрийн хүрээнд
үндэсний татварын албаны үйл ажиллагаа үйлчилгээний талаарх мэдээллийг
бизнес эрхлэгчдэд хүргэх, мэдээллийн ил тод нээлттэй зарчмыг
хэрэгжүүлэх,  татвар төлөгчдийн өмнө тулгарч байгаа хүндрэл бэрхшээлийг
хамтран шийдвэрлэх, татварын хууль тогтоомжинд бизнес эрхлэгчдийн
саналыг оруулах, бизнесийн таатай орчинг бүрдүүлэхийг гол зорилго
болгожээ.  
Хоёр тал гарын үсэг зурсны дараа МАОЭНХ-ны гүйцэтгэх захирал Х.
Ганбаатар
”Бид татварын албаны ажлыг тодорхой хэлбэрээр дэмжиж байдаг. Татварын
орлогын дийлэнхийг бүрдүүлдэг манай ажил олгогч эзэд, хувийн хэвшлийнхэн
өнөөдөр Үндэсний татварын албаныхны хэрэгжүүлж байгаа шинэчлэл ил тодын
хөтөлбөрийн үр дүнг анхаарч,  шат шатанд хийж байгаа өөрчлөлт
шинэчлэлт, хэрэгжүүлж байгаа ажил арга хэмжээ, өнөөгийн чиг хандлагыг
сайшаан дэмжиж байдаг. Татвар төлөгчдөд нэг цэгийн  үйлчилгээ үзүүлж,
зөвлөгөө өгч, цахим тайлангийн систем нэвтрүүлсэн нь бидэнд тустай,
зардал чирэгдэл хүнд суртлыг халсан сайн ажил болсон. Бид татварын хууль
тогтоомжийг сурталчилж,  татвар төлөгчдийн татвараа төлөх үүрэг,
оролцоог нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана”   гэлээ. ТЕГ-ын дарга Ц.
Оюунбаатар “Бидний зорилго бол татварын таатай орчинг бүрдүүлж, татварын
хууль тогтоомжийг нэг мөр дагаж мөрдөх, зөв хэрэгжүүлэх, иргэд татвар
төлөгчдөд татварын боловсролыг олгох, ирээдүйн татвар төлөгчдийг бэлтгэх
нэн тэргүүний зорилтоо амжилттай хэрэгжүүлж, хоёр тал хамтран татвар
төлөгчдийг аливаа эрсдэлд орохоос хамгаалж, татвар төлөх үүрэг
хариуцлага болон тайлан мэдээ гаргахтай холбоотой санамж зөвлөмж,
аргачлал боловсруулан тэдэнд эзэмшүүлэх, зөвлөгөөн хэлэлцүүлэг зохион
байгуулах зэргээр тусалж, татварын албаны зүгээс авилга хүнд сурталгүй 
тэгш шударгаар төрийн үйлчилгээг үзүүлнэ”   гэв.
Энэхүү санамж бичиг гарын үсэг зурсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр
үйлчлэх бөгөөд гэрээний үндсэн дээр Татварын хууль тогтоомжийг ажил
олгогч эздүүдэд сурталчлан таниулах үүргийг МАОЭНХ-нд шилжүүлж байгаа
ажээ.        
Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж