
-Энэ хуулийг гаргах гол шаардлага нь юу вэ?
-Монгол Улсад өнөөдөр далд эдийн засгийн хэмжээ ДНБ-ий 30 хүртэл хувийг эзэлж байгаа нь эрдэмтдийн судалгаанаас харагддаг. Тиймээс эрх зүйн зохицуулалт хийх зайлшгүй шаардлагатай болж байгаа юм. Бэлэн ба бэлэн бусаар хийх төлбөр тооцоонд хяналт тавих тогтолцоог бий болгох нь далд эдийн засгийг бууруулах чиглэлээр төрийн байгууллагуудаас хийж болох томоохон ажлуудын нэг яах аргагүй мөн.
-Чухам ямар шалтгаанаар энэ хуулийг батлах явц удаашраад байгаа юм бол?
-Уг нь төр засгийн зүгээс огт тоохгүй байгаа юм биш. Хуулийн төслийг өргөн барьсны дараа Засгийн газар ихээхэн ач холбогдол өгч Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2010 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд “Татвар хураалтын үйл ажиллагааг боловсронгуй болгох, бэлэн ба бэлэн бусаар хийж байгаа төлбөр тооцоог бүртгэлжүүлж, далд эдийн засгийн нөлөөллийг багасгах арга хэмжээ авч хэрэгжүүлэх”-ээр заасан. Мөн холбогдох байгууллагуудаас санал авч, хуулийн төслийг боловсронгуй болгох ажил үргэлжилж байна. Энэ хуулийг аль болох цаг алдалгүй батлах юм бол эдийн засагт үзүүлэх үр дүн тэр хэмжээгээр өндөр байх нь тодорхой.
-Өнөөдөр далд эдийн засгийн сөрөг нөлөө хэр мэдрэгдэж байна вэ?
-Татварын ямар ч зохицуулалтгүй, стандартын наад захын шаардлага хангаагүй албан бус орчинд бий болж байгаа бүтээгдэхүүн, үйлчилгээ нь зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцэхгүй. Мөн тэнд ажиллаж буй хүмүүсийн нийгмийн даатгалд хамрагдах боломжийг хязгаарладаг. Төсвийн орлогын эх үүсвэр болох татварын хэмжээг бууруулж, үндэсний хуримтлалын нөөцийг хомсдуулж, улс орны эдийн засгийн чадавхийг дээшлүүлэх боломжийг хаадаг. Тиймээс далд эдийн засгийн тухай ойлголт, мөн чанар, үр дагаврыг сайтар танин мэдэж, сөрөг нөлөөллийг арилгахад бүх нийтийн анхаарлыг төвлөрүүлэх шаардлагатай.
-Тодорхой тоо, баримт байдаг биз дээ?
-Байлгүй яах вэ. Жишээ нь, зөвхөн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт л гэхэд “Нарантуул”, “Да хүрээ”, “Сандэй плаза” зэрэг томоохон зах, худалдааны төвүүд байрладаг. Энэ худалдааны төвүүдэд нийтдээ 7400 хүн ажиллаж байгаа ч тэдний дөнгөж 40 хувь нь татварт хамрагдаж, бусад нь татварын гадуур үлддэг гэсэн судалгааны дүн бий. Мөн улсын бүртгэлд бүртгэлтэй нийт хуулийн этгээдийн 90 орчим хувь нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаа татварын албанд тушаадаг боловч 50 орчим хувь нь алдагдалтай ажилласан гэж тайлагнасан байна. Энэ мэтчилэн аж ахуйн нэгж, хувь хүн татвараа төлөхгүй байх, бага хэмжээгээр төлөх, аль болохоор татвараас зайлсхийх үзэгдэл арилахгүй байх жишээтэй.
-Дээрх хуулийг баталснаар энэ байдлыг арилгаж чадах уу?
-Энэхүү хуулийг батлуулан мөрдсөнөөр цахим засаглалыг хэрэгжүүлэх, татварын бааз суурь нэмэгдэх, төсвийн орлогын бүрдүүлэлтийг сайжруулах гээд олон талын ач холбогдолтой. Үүнээс гадна эдийн засгийг эрүүлжүүлэх, авлига хээл хахуулийг таслан зогсоох, бэлэн мөнгөний гүйлгээг хяналтад оруулах боломж бүрдэх юм.
-Иргэдийг идэвхжүүлэх, урамшуулах талаар хуульд хэрхэн тусгасан бэ?
-Төлбөр тооцооны гүйлгээний улирал тутмын мөнгөн дүн 500 мянган төгрөг ба түүнээс дээш болсон тохиолдолд үнийн дүнгийн хоёр хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгох, үйлчлүүлэгч этгээд нь төлбөр тооцооны тасалбарын дугаараараа татварын албанаас зохион байгуулах хонжворт сугалаанд оролцох боломжтой. Түүнчлэн тасалбар олгоогүй зөрчлийг татварын албанд мэдүүлж, уг зөрчил нотлогдсон тохиолдолд тухайн гүйлгээний дүнгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний урамшуулал олгосноор иргэдийн хяналт сайжрах боломжтой.
Ч.ДАШДЭЛЭГ

"Улс төрийн тойм" сонин