
Call of Duty: Black Ops тоглоом борлуулалтаараа тэргүүлж, нэг тэрбум ам.долларын босгыг давлаа. Тус тоглоомыг хөгжүүлсэн Activision Blizzard студи дээрх мэдээллийг албан ёсоор зарласан бөгөөд худалдаанд гарснаасаа хойш ердөө зургаахан долоо хоног буюу сар хагасын хугацаанд нэг тэрбум ам.долларын орлого олж чадсан байна. Энтертайнментийн салбарт тэрбумын босго давсан цөөн хэдэн элитүүдийн эгнээнд ийнхүү видео тоглоом нэгдэж байна. Өмнө нь попын хаан Майкл Жэксоны “Thriller” цомог мөн 1997 онд дэлгэцнээ гарсан Жеймс Камеруны “Титаник” кино зэрэг сор болсон бүтээлүүд энэ амжилтын оргилд хүрч байжээ. Activision-ы ерөнхий гүйцэтгэх захирал Бобби Котик энэ амжилтын талаар “Зөвхөн Call of Duty болон Avatar л ийм богино хугацаанд нэг тэрбум ам.долларын орлого оллоо” хэмээжээ. Сонирхуулахад, дэлхийн хэмжээнд нээлтээ хийснээс хойш Call of Duty: Black Ops тоглоомыг интернэтээр нийт 600 сая цаг тоглосон байна.
С.Цэлмэг