“Төрийн мэдээлэл” эмхэтгэл хэвлэгдлээ

Хуучирсан мэдээ: 2010.12.27-нд нийтлэгдсэн

“Төрийн мэдээлэл” эмхэтгэл хэвлэгдлээ

“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2010 оны сүүлчийн дугаарт Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг нийтэллээ. Засгийн газрын тусгай сан дахь Эрүүл мэндийг дэмжих сангийн хөрөнгөөр тамхи, архины хяналт, эрүүл мэндийг дэмжих төсөл хөтөлбөр, тамхи, архинаас үүдэлтэй өвчнөөс урьдчилан сэргийлэх, хор хөнөөлийн талаар мэдээлэл, сурталчилгаа явуулах зэрэг үйл ажиллагааг санхүүжүүлдэг билээ. Харин дээрх хуульд оруулсан нэмэлтээр Эрүүл мэндийг дэмжих сангийн хөрөнгөөнөөс нийтийн биеийн тамир, хүн амын идэвхитэй хөдөлгөөнийг дэмжихэд чиглэсэн төсөл, хөтөлбөрт дэмжлэг үзүүлэхээр болж байна. Түүнчлэн анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухааны дэвшилтэт технологийг эзэмшүүлэх зорилгоор эмнэлгийн мэргэжилтнийг гадаадад сургах, мэргэшүүлэх үйл ажиллагааг дэмжихээр болжээ.

Мөн Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудыг нийтэллээ. Мотоцикл, суудлын автомашин, автобус, ачааны автомашин, тусгай зориулалтын болоод трактор, өөрөө авагч бусад хэрэгсэлд жилд ногдуулах албан татварын хэмжээтэй “Төрийн мэдээлэл” эмхтгэлээс танилцах боломжтой.

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг нийтэллээ. Зэс, алт, цайр, молибдени, төмөр, гянт болд, хайлуур жонш, жоншны баяжмал, цагаан тугалга, хар тугалга, боловсруулаагүй нүүрс, мөнгө, фосфорит, газрын ховор элемент зэрэг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тонн тутамд ногдуулах хувь хэмжээний талаархи мэдээллийг эмхтгэл өгөх болно.

Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг нийтэллээ. Монгол Улсын нутаг дэвсгэрт хүч хэрэглэн, санаатай үйлдэгдсэн, Эрүүгийн хуульд заасан зарим төрлийн хүнд, онц хүнд гэмт хэргийн улмаас хүнд гэмтэл учирсан, амь насаа алдсан хохирогч, түүний гэр бүлийн гишүүнд төрөөс нөхөн төлбөр олгох зориулалт бүхий мөнгөн хөрөнгийн сан байгуулах зорилгоор Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд “Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сан” гэсэн зүйл нэмсэн юм.

Сангийн хөрөнгийг Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдэгдсэн Эрүүгийн хуулийн Төр, нийгмийн зүтгэлтний амь биед халдах, хүнийг санаатай алах, бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах, хүн хулгайлах, хүнийг хууль бусаар хорих, хүнийг барьцаалах, хүн худалдаалах, хүчиндэх, бусдын эд хөрөнгийг дээрэмдэх, зандалчлах, эрүү шүүлт тулгах зэрэг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлын зарим хэсгийг барагдуулахад зориулж  олгох  “нөхөн төлбөр”-т зарцуулах юм байна.

    Хохирогч, түүний гэр бүлийн гишүүнд  олгосон нөхөн төлбөрийг гэм буруутай этгээдээр санд буцаан төлүүлэх эрх зүйн зохицуулалтыг бий болгох үүднээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг баталсан бөгөөд дээрх хуулиудыг мөн “Төрийн мэдээлэл” нийтэллээ.

Барилгын зураг төсөл боловсруулах, түүнд магадлал хийх, барилгын үе шатны ажилд хяналт тавих, ашиглалтад оруулах хүрээнд зөвлөх үйлчилгээ үзүүлэх дүрмийг баталсан Засгийн газрын тогтоолыг нийтлэв. Түүнчлэн Талбайг нөөцөд авах тухай Засгийн газрын тогтоолтой эмхтгэлээс танилцах боломжтой  юм байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж