Нийслэлийн мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 2010 онд нийслэлийн нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулж буй барилга угсралтын 169, барилгын материалын үйлдвэр 110, барилгын засал чимэглэлийн 23, сантехникийн үйл ажиллагаа явуулдаг найм, нийт 321 аж ахуйн нэгж, байгууллагын стандарт, чанар аюулгүй ажилгааны байдлыг шалгасан байна. Тухайлбал, Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль, “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хууль, Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай” хууль, Нийгмийн даатгалын тухай багц хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан бусад хууль эрх зүйн акт, стандартын хэрэгжилтийг хэрхэн байгааг шалгажээ. Шалгалтаар илэрсэн нийтлэг зөрчил дутагдал гэвэл барилгын тусгай зөвшөөрөл авсан аж ахуйн нэгж, байгууллагууд барилга угсралт, засал, өрлөг, шавардлага, гадна фасадны ажлуудыг өөрсдийн мэргэжлийн ажилтнаар гүйцэтгүүлдэггүй, туслан гүйцэтгэгч хувь хүн, иргэнээр хийлгэдэг. Энэ нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны хууль, дүрэм, стандартын шаардлагыг хангаж түүнд хөрөнгө зарцуулан ажиллаж чадахгүй иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд барилгын ажлыг гүйцэтгэж улмаар хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм зөрчигдөж осол гарах боломжийг бүрдүүлдэг байна. Мөн техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг техникийн паспорт, дүрэм, стандартад заагдсан нөхцөлөөр ашигладаггүй, техник тоног төхөөрөмжийн засвар, үйлчилгээг бүрэн зогсоосны дараа хийдэггүй. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэмд заасны дагуу хяналт, шалгалтыг хийж, эрсдэлийг үнэлдэггүй, ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг авдаггүй зэрэг зөрчлүүд түгээмэл гарсан байна.
Ж.ГЭГЭЭ
Ж.ГЭГЭЭ