Хуучирсан мэдээ: 2010.12.27-нд нийтлэгдсэн

Дурлал

Петр Ильич Чайковский…Оро­сын ард түмний ба­хархал… Дэлхийн хөгжмийн
суут бүтээлд хайрлан дур­лагч хэн бүхний мөнхийн шүтээн. Аялгуут бүтээл
нь зүрх сэтгэл рүү хэзээ ч эм­нүүлэхийг хүсэхгүйгээр шигдсэн тийм агуу
мөнхийн со­ронзон сум мэт. Тэр хэ­зээ ч урвахгүй хөгжмийн төлөөх хайр
дурлалын эзэн. Тө­гөлдөр хуурын симфониуд, хийлийн концерт, “Фатум”,
“Ромео Жулетта”, “Шуурга”, “Франческа да Римини”, “Ев­гени Онегин”,
“Хунт нуур”, “Шелкунчик”…Ямар хүний зүрх сэтгэлд, гарт, толгойд,
мэдрэмжид ийм гайхамшигтай бүтээлүүд ганцаар бус олноороо бий цогцлон
бүтснийг бодохоос нууцыг нь олмоор. Тэртээ 1840 онд Петр Ильич
Чайковский хорвоод мэндэлж, 1893 онд таалал төгссөн ч энэ богинхон
хугацааг мөнхийн амьдрал болгон бүтээж чадсан нь гайхалтай. Түүний
гайхамшигт бүтээлийг хүн төрөлхтөн бүхий л цаг үеийнхээ турш хойморьтоо
залж, хөгжмийн бүтээлийн оргилд мөнхлөх нь гарцаагүй. Учир нь тэр мөнх
орших урлагийн бүтээлийг бүтээж чадсан сонгодог урлагийн нэр хүндтэй
төлөөлөгчдийн нэг юм.

Тэр дундаа Чайковский баяр баясгалан, эрч хүч, ер бусын цагаан энергийг
бэлэглэгч байдгаараа бүтээлд нь дурлахгүй байхын аргагүй үнэ цэнэтэй
шалгааныг та бидэнд үлдээж чадсанаараа хамгийн агуу нь байх. Дурлал
хайр, хүсэл тэмүүлэл, эрч хүч, урам зориг, инээмсэглэл, сэтгэл хөдлөл…Би
энэ бүх мэдрэмжийг мэдрэхийн тулд Чайковскийн бүтээлийг сонсдог.
Сонсохгүй байхын аргагүй шалтгааныг  олж мэдрэхгүй өнгөрөх бий гэдгээс
айдаг.

Өдөр бүрийн ажлын ачаа­лал хийгээд улс төр, эдийн засгийн тухай тогтонги
бичлэгийн орон зайнаас өөрийгөө чөлөөлж, эрх чөлөөт хувь хүнийхээ үнэ
цэнийг өргөхийг хүсдэг. Тэр тусам Чайковскийн бүтээлд дурладаг. Энэ
дурлалаа бас хамгаас илүү үнэ цэнэтэйд тооцдог. Нүдээ аниж, зүрхээ
чагнаж, амьдралын элдэв асуудлыг мартаж, мөрөөдөлд хөтлөгдөж…Энэ үед
амьдрал тэр чигтээ гэрэл гэгээтэй, сайн сайхнаар дүрслэгдэж, яг л миний
төлөө нар мандаж байгаа мэт тийм сэтгэгдэл төрдөг. Тэр бүрт амьдралд
хайртайгаа, амьдралын төлөө тэмцэх эрч хүчтэйгээ, амьдралд дурлахгүй
байхын аргагүй мянга, мянган шалтгаан бий гэдгийг олж хардаг…Сонгодог
бүтээлүүд хүн бүрийг ийм гайхамшигтай мэдрэмжийг хөглөхийн төлөө
бүтээгдсэн гэдэгт би огтхон ч эргэлздэггүй. Тийм ч учраас өнгөрсөн
амралтын өдрүүдэд Дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа тавигдсан Петр
Ильич Чайковскийн “Шелкунчик” бүжгийн жүжгээс авч үлдсэн гэрэл гэгээт
сэтгэгдлээ дэлгэхийн тулд энэ урт өмнөтгөлийг бичиж байна. Учир нь,
миний хувьд “Шелкунчик” бол дэлхийн сонгодог урлагийг үзэгч олонд,
сонсогч олонд танилцуулах, дурлуулах сурах бичиг нь юм. Энэ бүтээлийг
балчир насны хүүхдүүдэд сонсгосон тохиолдолд, үзүүлсэн тохиолдолд тэд
сонгодог бүтээлд бүхий л насаараа шунан дурласаар байх тийм ер бусын
илбэ шидийн гэмээр соронздох чадвар “Шелкунчик”-ийн аялгуунд оршдог
санагддаг. Тиймээс ч Дуурь, бүжгийн эрдмийн театрын хамт олон шинэ
жилийн өмнө хүүхдүүдэд зориулж “Шелкунчик”-ийг амилуулдаг байж болох юм.

XVIII зууны Немцийн жижиг тосгон. Бяцхан охин Машагийн гэрт шинэ жилийн
баяр тэмдэглэхээр тосгоны айлууд хүүхдүүдээ дагуулан ирнэ. Хүүхдүүдийн
хамгийн их хүсэн хүлээж байгаа зочин нь хүүхэлдэй урлаач Дроссельмейр.
Их удалгүй Дроссельмейр ирж, багачуудад гоёмсог хүүхэлдэйг бэлэглэнэ.
Тэр дундаас Шелкунчик хэмээх самар цөмдөг хүүхэлдэйг хэн ч авсангүй.
Бүгд л голж гоочилно. Харин Маша охинд л мөнөөх эв дүйгүй хэмээн
гологдсон Шелкунчик хамгийн энхрий өхөөрдөм санагдсанаар тэрбээр
энгэртээ тэвэрч зогсоно. Харин Маша охины Шелкунчикийг дүрсгүй ах булааж
аван толгойг нь таслах ч хүүхэлдэй урлаач Дроссельмейр тэр даруйд нь
засч өгнө.

Энэ мэтээр Машагийн сонгосон Шелкунчикийг элдэвлэсэн хүүхдүүд аав,
ээжийн хамт гэр, гэр рүүгээ буцахад жаахан охин цөмөөхэйгээ тэврэн
нойрсоно. Тэр орой ах нь хүүхэлдэйнх нь толгойг таслаад зогсохгүй,
хулганы баг зүүж айлгасан болохоор ч тэр үү Маша охин аймшигтай хэрнээ
эцэстээ сайхнаар төгсөж буй зүүд зүүдлэх ажээ. Зүүд нь анхандаа
хулганууд сүлд модыг нь хулгайлахыг завдахад мөнөөх Шелкунчик цэргүүдээ
удирдан тэдэнтэй тулалдаж ялалт байгуулснаар эхэлнэ. Тэр үед бэртэж
гэмтсэн Шелкунчик эрүүл болж, хорон санаат хулганууд түүнийг гэмтээсэн
байсан нь илэрдэг юм. Ийнхүү мөнөөх багачуудын адалж, шоглоод байсан
Шелкунчик тэр даруй хан хүү болж, Маша охин ч үлгэрийн ертөнцийн гоо
үзэсгэлэн төгөлдөр гүнж болно. Хан хүү өөрийг нь гололгүй авч, бусдаас
хамгаалж байсан Маша охинд талархал илэрхийлэхээр өөрийн хаант улс болох
цасан ширхэгийн оронд авчирснаар “Шелкунчик” бүжгийн жүжгийн тансаг
ертөнц та бидний өмнө дэлгэгдэнэ.

Энэ хооронд нь мөнөөх хорон санаатай хулганууд саад хийхийг оролдох ч
тэд хүчин мөхөсдөж, ялагдал хүлээн улмаар цасан ширхэгийн оронд бүжиг
наадам болно. Бямба гарагт тоглосон “Шелкунчик”  бүжгэн жүжгийн үзэгч
хүүхдүүд хэзээний л сонгодог урлагийн шүтэн бишрэгч мэт тэрхүү бүжиг
наадмын үеэр тоглосон гоцлол бүжиг бүрт алга ташилтыг харамгүй бэлэглэж
байлаа. Их удалгүй нарны туяа  туяарч Маша охин үлгэрийн зүүдээ манан
сэрж ядан нойрноосоо сэрснээр “Шелкунчик” бүжгэн жүжиг өндөрлөнө. Асрагч
эх алгаараа хацрыг нь илэхтэй зэрэгцээд л…Петр Ильич Чайковскийн
амьдралынхаа сүүлчийн дөрвөн жилд бичсэн “Гилберийн хатан”, “Иолонта”,
“Нойрсож буй гоо бүсгүй”, VI симфони хийгээд “Шелкунчик” бүжгэн жүжиг
өндөрлөнө.

Энэхүү гайхалтай бүтээлийг Монголын хүүхэд багачуудад хүргэсэн эрхэм
уран бүтээлчид бол Ардын жүжигчин О.Ганбаатар, Гавьяат жүжигчин
Х.Баярманлай, Соёлын тэргүүний ажилтан Г.Цолмон, Н.Баяраа,
Х.Мөнгөнхөлөг, Х.Чойжилсүрэн, Г.Батчимэг болон Б.Пүрэв-Очир,
Ц.Хонгорзул, Б.Туул, Б.Саруул болоод Дуурь, бүжгийн эрдмийн театрын
балетын хамт олон. Мөн өхөөрдөм жаахан Маша охины дүрийг бүтээсэн
Б.Мөнхжин. Тэр эгдүүтэй, эвлэгхэн жүжигчин бас бүжигчин…

Маша гүнжийн дүрийг бүтээсэн Г.Цолмон хатагтайн тухайн энд дурсахгүй
өнгөрч боломгүй санагдана. Өнгөрсөн 20 орчим жилийн турш Монголын
эмэгтэй балетчдын дунд од болон гялалзаж яваа тэрбээр саяхан “…Балет
шунал хөдөлгөсөн тэнгэрлэг урлаг. Уран бүтээлч хүн нэг л дурлаад зүтгэх
юм бол илүү ихийг хийх гэж зүтгэдэг, тэмүүлдэг тийм сайхан урлаг” хэмээн
нэгэн ярилцлагадаа хэлсэн байсан. Үнэхээр л ирэх жилээс Дуурь, бүжгийн
эрдмийн театрын бүжгэн жүжигт гоцлол бүжигчний албанд 20 жил
зүтгэснийхээ хаалтыг хийхэд бэлтгэж буй түүний гал цогтой эргэлт, гал
цогтой инээмсэглэл, уян налархай хөдөлгөөн…гээд бүх дүрслэл нь яг л
жаахан охин шиг, үлгэрийн гүнж шиг сэтгэгдлийг үзэгч олонд төрүүлсээр л
байгааг харах таатай байлаа. Урлаг, тэр дундаа балетын урлаг хүн
төрөлхтөнд гоо сайхны, урлагийн хамгийн дээд таашаалыг бэлэглэгч байсаар
ирсэн. Тэр бэлгэ тэмдгийг илэрхийлэгч нь балетчид байдаг. Энэ ч
утгаараа олон зуун багачууд энэ өдөр Г.Цолмон хатагтай хийгээд
“Шелкунчик”-ийг бүтээсэн бүх балетчдын гоо сайхнаас үлгэрлэж, сонгодог
урлаг хэмээгч агуу ертөнцийн хаалгыг баяр хөөртэйгээр татсан гэдэгт
итгэлтэй байна.

Анх энэ бүтээлийг П.И.Чай­ковский 1892 онд Германы зу­раач, хөгжмийн
зохиолч Е.Т.А.Хоффманнын 1815 онд бүтээсэн “Самар цөмөгч” хэмээх
үлгэрээс сэдэвлэж бичсэн түүх байдаг. Улмаар 1892 оны арванхоёрдугаар
сарын 6-нд Петербургийн Марийнский теарт анх тоглосноор үзэгч багачуудыг
бүхий л амьдралынхаа турш сонгодог урлагт дурлах хамгийн анхны, хамгийн
том шалтгаан нь болсоор ирсэн юм. Хэрэв Чайковский Хууль зүйн яамны
зөвлөхийн ажлаа орхиж, 21 насандаа хөгжмийн зохиолч болохын тулд ядуу
амьдралыг сонгоогүй бол…Түүний бүтээл та бидэнд үлдэхгүй байсан
бол…Бодохоос эмгэнэлтэй. Гэхдээ хүн төрөлхтний азаар тэрбээр Моцарт
болоод Глинкийг шүтсэн сэтгэлдээ үнэнч байж, “Уйтгарлах үед минь
баясгадаг төгөлдөр хуураа би хэзээ ч орхихгүй. Хувь заяа намайг хүүхэд
насанд минь Моцарттай учруулж, хөгжим гээч эцэс төгсгөлгүй сайхан ертөнц
болохыг хэлж өгсөн юм” хэмээн нэгэнтээ дурссан өөрийн хүсэл
мөрөөдлийнхөө төлөө, үнэ цэнэтэй ур чадварынхаа төлөө явснаараа сонгодог
урлагийн үнэ цэнийг өргөж чадсан юм. Ийм ч учраас “Шелкунчик”-ийг
сонгодог урлагийг уйтгартай, хүнд, төвөгтэй гэж үздэг олон мянган үл
таашаагчдыг урвуулахын тулд, бяцхан жаалуудыг дурлуулахын тулд бичсэн
байх гэдэгт би улам бүр итгэж байна.

Бас энэ бүхний араас Хятадын нэрт төгөлдөр хуурч Lang Lang-ийн тоглосон
Петр Ильич Чайковскийн төгөлдөр хуурын I симфонийг сонсохоор улам бүр
суут хөгжмийн зохиолчид дурлаж байна. Төгөлдөр хуурын гоцлол хийгээд
бүхэл бүтэн симфонийн хослолыг яаж нийлүүлэхээр ийм  гайхамшигтай цогц
төгс эгшилэдэг юм бэ гэж бодохоор, хүн яагаад ийм гайхалтай бүтээлийг
урладаг юм бол гэж бодохоос атаархах ч шиг. Гэхдээ энэ бүх гайхамшгийг
сонсох бас үзэх хувьтай байгаадаа сонгодог урлагт дурласан шиг дурлахыг
хүснэм. Бас “Шелкунчик” бүжгэн жүжгийн өмсгөлийг бүрэн шинэчилсэн
хатагтай Х.Отгонтуяагийн тэргүүлдэг “Төгөлдөр” сангийн хамт олонд
талархал илэрхийлье. “Нойрссон гүнж”-ийг өнгөрсөн намар ивээн тэтгэсэн
тэд энэ удаад ч Монголын сонгодог урлагийг тод өнгөтэй, гоёмсог
өмсгөлтэй, тансаг байлгахын тулд хөрөнгө оруулалт хийжээ. “Би нэр төр
олохын тулд бус сонгодог урлагт, тэр дундаа балетад хайртайдаа энэ
бүхнийг хийхгүй байж чадахгүй ээ” гэж хэлсэн Х.Отгонтуяа хатагтайн чин
сэтгэл бүх монголчуудынх байг. Ирэх он жилүүд сонгодог урлагт дурласан
мянга, мянган үзэгчдийн жигүүрээ дэлгэж, Дуурь, бүжгийн эрдмийн театрын
зүг цаг заваа зориулж, ажил амьдралаа хөглөх их хүслийн түүчээ нь байх
болтугай. Дурласан шиг дурласан сонгодог урлагийн шүтэн бишрэгч та
бүхэнд шинэ оны баярын мэнд хүргэе. Мөрөөдөл тань цагаан байж, хүсэл
тань жигүүртэй байж, хүрч чадах оргил тань тэнгэрлэг байх болтугай.

Г.ОТГОНЖАРГАЛ

Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж