Монголын сонгодог урлагийн ноён оргил “Ламбугайн нулимс” дуурийг үзэж, оюунаа баясгах сайхан боломж өчигдөр олдов. Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Х.Билэгжаргал агсны амьд ахуйдаа туурвисан хоёр дуурийн эхнийх нь “Ламбугайн нулимс”. Анхлан 1986 оны тавдугаар сард Л.Эрдэнэбулганы найруулгаар амилж байсан энэхүү дуурийг хөгжмийн экспертүүд дэлхийн сонгодгийн төвшинд очсон цорын ганц монгол дуурь гэх нь бий.
Гурван бүлэг, зургаан үзэгдэлт энэ дуурьт ардын хувьсгалын дараах 1930-аад оны хүрээний амьдрал ахуйг харуулдаг. Хүний мөс чанаргүй, заль мэхтэй Цэрэнлхам бүсгүйн гоо үзэсгэлэнд хууртан сэтгэл алдарсан гэнэн цайлган Лодон гэвшийн бүтэлгүй хайр дурлал эцэстээ түүнийг өөрийнх нь бодит амьдрал, сурч мэдсэн эрдэм мэдлэгтэй нь зөрчилдүүлнэ. Номхон даруу зантай баян гэвшийн эд хөрөнгөн дунд дураараа тарвалзаж, хүссэнээ нэгэнт авч чадсан Цэрэнлхам хүүхэн нэг л өдөр нүүрээ буруулж, өөр эртэй амьдарч эхэлнэ. Бусдаас энэ тухай сонссон гэвш Лодон үл итгэн, өөрийн биеэр бүсгүйн гэрт үнэнийг олж мэдэхээр очиход Цэрэнлхам хүүхэн, санаа муутай ээжтэйгээ нийлэн түүнийг хөөн гаргадаг. Хөөрхий гэвш
“Єєр хүнтэй ханилах хамаагүй
Гагцхүү намайг бүү орхи” хэмээн хашгиран уйлсаар хөшиг хаагддаг.
Дэлхийн сонгодог дууриуд ерөнхийдөө хөгжимлөг, дуулаг гэсэн хоёр хэлбэртэй байдаг гэдэг. Харин “Ламбугайн нулимс” дуурь илүү хөгжимлөг тал руугаа давамгайлсан аж. Хөгжим нь тэр чигээрээ гайхамшиг.
Тайзны засал, чимэглэл анхаарал татахуйц. Эхний үзэгдэл харанхуй бараан дүрслэлтэй. Тайзны хоёр талын хаалгыг сүм хийдийн дээвэртэй эртний хүрээний хэв маягтай хаалгаар орлуулжээ. Хоёр дахь үзэгдэл Хүрээний Буянтын пүүст үргэлжилнэ. Энэ үзэгдлийн тайз засал, жүжигчдийн хувцас хэрэглэл маш өнгөлөг. Зээл дээр энгийн ард иргэд худалдаа наймаа хийж, сүм хийдийн томоогүй банди нар хоорондоо ноцолдоцгоон, данжаадууд холхилдоно. Энэ үзэгдлийн тайз засал гойд сонирхол татам. Дараагийн үзэгдлийн тайз засал хийсвэр агаад хөдөлгөөнт дүрслэлтэй. Дүүжигнэн хөдлөх сүм хийдийн баганагүй дээврүүд нь зүүдний ертөнцийн хийсвэр, хөдөлгөөнтэй байдлыг илтгэж байв. Энэ үзэгдэл дээр Лодон гэвш хуврагын ёсоо алдаж, Цэрэнлхам бүсгүйтэй хамт нойрссондоо сэтгэл ихэд зовинож байгаа утга санаа гардаг бөгөөд шөнө нь зүүдэндээ тамд очиж үүнийхээ шанг хүртдэг.
Лодон гэвшид СТА Ц.Баттөр, Цэрэнлхам бүсгүйд шинэхэн СТА Ш.Наранчимэг, түүний эхэд АЖ А.Долгор нар тоглож, туслах дүрүүд болох хүрээний худалдаачид, банди, энгийн ард, зүүдний бүжиг зэрэгт ДБЭТеатрын бүжигчид, найрал дуучид оролцон симфони найрал хөгжимчид хөгжимдөж, удирдаач УГЗ Ж. Бүрэнбэх удирдсан.
Нэрт хөгжмийн зохиолч Х.Билэгжаргал агсны дотны анд Төрийн шагналт урлагийн гавъяат зүтгэлтэн Б.Шарав нэгэн ярилцлагадаа “Ламбугайн нулимс дуурь Монголын сонгодог урлагийг дэлхийн хэмжээнд гаргасан маш гайхалтай бүтээл. Ламбугайн иулимсаас өмнө манай үндэсний хэмжээний дуурь жалгандаа л үлдчих гээд байсан. Энэ дуурь бичигдсэнээр монгол дуурийг олон улсын тавцанд гаргаж өгсөн юм. Монголд Дуурийн театр байгаа нөхцөлд энэ бүтээл тоглогдсоор л байх ёстой. Үүнийг тоглохгүйгээр Дуурийн театр оршин тогтноно гэж ойлгоход хэцүү” хэмээн ярьж байсан удаатай.
Ийнхүү “Ламбугайн нулимс” дуурь 92 дахь удаагаа сонгодог МОНГОЛ таашаалыг үзэгчдэд мэдрүүлэв. Гэхдээ чамламаар цөөхөн үзэгчид тэнд цугласан байлаа. Театраас гарч ирэхэд зэргэлдээх Соёлын төв өргөө рүү өч төчнөөн хүн дугаарлан орцгооно. Тэнд хошин тоглолт болж байна.
Харин хажууханд нь суут “Ламбугайн нулимс” үзэгчдээр, нижигнэсэн алга ташилтаар дутаж байна.
Ж.Индра