Интернэт зах зээлийн мангасуудын нэг Google компани 2000 гаруй ажилчдаа нэг дор төвлөрүүлэхээр Нью-Йорк хотын төвд 18 давхар оффисын байр худалдан авчээ. New York Post сонинд мэдээлснээр уг байшин 1,77 тэрбум ам.долларын үнэтэй бөгөөд элдэв татвар, хураамжны үнийг оруулаад 1,9 тэрбум болсон гэнэ. Дэлхийн хамгийн хөл хөдөлгөөн ихтэй хот Нью-Йоркийн хамгийн том бөгөөд түүхэн дурсгалтай барилгуудын нэг болох тус барилгын зураг төслийг Люсби Симпсон хийж, 1932 онд ашиглалтад оржээ. Google анх 2006 онд тус байшинд нүүж очсон боловч тухайн үед барилгын өчүүхэн төдий зайнд үйл ажиллагаагаа явуулж байсан аж. Харин өдгөө барилгыг бүхэлд нь өөрийн болгожээ. Нью-Йорк дахь Google-ийн салбар анх 2000 онд ердөө ганцхан хүнтэй, тэр нь 86 дугаар гудамжинд байрлах Starbucks-т сууж, ажлаа эхлүүлж байсан бол өдгөө 2000 ажилтан, албан хаагчтай болж, өргөжсөн байна.
С.Цэлмэг