Хятад, Өмнөд Солонгосын сайдууд уулзана

Хуучирсан мэдээ: 2010.12.27-нд нийтлэгдсэн

Хятад, Өмнөд Солонгосын сайдууд уулзана

Өмнөд Солонгос, БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд нар ирэх хоёрдугаар сард Бээжинд уулзах гэж байгаа тухай Өмнөд Солонгосын албаны эх сурвалж мэдээлсэн байна.

Өмнөд Солонгосын Батлан хамгаалахын сайд Kim Kwan-jin, Хятадын сайд Liang Guanglie нар уулзах гэж буйг Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яам нотолсон бөгөөд ирэх нэгдүгээр сард хоёр орны батлан хамгаалах яамныхан уулзалдаж, айлчлалын тов, уулзалтын үеэр ярилцах сэдвийг нарийвчлан тохиролцоно гэж Ёнхап агентлаг мэдээлжээ.

Өмнөд Солонгос АНУ болон Японтай хамтран Хойд Солонгосын гол холбоотон, ивээн тэтгэгч БНХАУ-д хандан Хойд Солонгосын зүгээс цаашид “өдөөн хатгалаг” гаргуулахгүй байх талаар тус улсад даралт шахалт үзүүлэхийг хүссэн ажээ. 

Тус хоёр орны батлан хамгаалахын сайд нар энэ оны эцсээр уулзалт хийхээр ярилцаж байсан боловч Хойд Солонгос өнгөрөгч арваннэгдүгээр сард Ёонпьёнг арал руу их буугаар буудсны улмаас тасалдсан ажээ. Тус арал руу хойд солонгосын дайралт болсны дараа Өмнөд Солонгосын Батлан хамгаалахын сайд огцорч, чөлөөнд байсан генерал Kim Kwan-jin-ийг сайдаар томилсон байна.

Ёнхап агентлагийн мэдээлснээр хоёр сайдын уулзалтын үеэр ирээдүйд Хойд Солонгосын зүгээс дахин дайралт довтолгоо гаргуулахгүй байх талаар Хятадын тал “хариуцлагатай ажиллахыг” Өмнөд Солонгосын сайд хүсэлт болгон тавих юм байна.

Эх сурвалж: EFE
Бэлтгэсэн Д.Пунцаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж