Шүтлэгтэн олондоо зул сарын мэндчилгээ дэвшүүлэв

Хуучирсан мэдээ: 2010.12.27-нд нийтлэгдсэн

Шүтлэгтэн олондоо зул сарын мэндчилгээ дэвшүүлэв

Ватиканы тэргүүн Бенедикт XVI зул сарын баяр эхэлж байгааг тохиолдуулан  Ойрхи Дорнодод оршин суугаа христос шүтлэгтнүүдэд дэмжлэг үзүүлэхийг улс төрийн хариуцлагатнуудаас хүсч, Латин Америкийн олон оронд нүүрлэсэн байгалийн гамшигт  олон мянган хүн өртөж буйг сануулан өнгөрөгч бямба гаригт уламжлалт зул сарын мэндчилгээгээ дэвшүүлсэн байна.

Католик сүмийн тэргүүн уламжлалынхаа дагуу Ром хот дахь Сан Педрогийн сүмийн тагт  дээрээс хуран цугласан олон мянган сүсэгтэнд хандан үг хэлж, бүх дэлхийн улстөрчдөд хандан Ирак болон Ойрхи Дорнодод оршин суугаа христос шүтлэгтнүүдэд “идэвхтэй эв санааны нэгдэл” үзүүлэхийг уриалжээ.

Үүний дараа “Urbi et Orbi” буюу “Хот болон дэлхий дахинд” хэмээх номнолоо айлдасныг дэлхийн 65 хэлээр дамжуулжээ. Бенедикт XVI христийн шүтэн бишрэгчдэд хандан “уй гашуу”, “зовлон бэрхшээл”-ийг тэвчиж, “энх амгалан итгэлээр дүүрэн ирээдүйтэй учран золгохыг” тэд нарт хүссэн байна.

Пап лам энэ оны 10 дугаар сарын 31-нд Багдад дахь католик шашинтны сүм Аль Каидагийн дайралтад өртөж, 44 сүсэгтэн, 2 санваартан амь насаа алдасныг онцлон дурджээ. 2003 онд Иракт 800 000-1,2 сая христос шүтлэгтэн амьдарч байсан бол олон иргэд өөр орон руу дүрвэн гарсны улмаас одоо 500000 хүртэл цөөрсөн байна.

Мөн израиль, палестинчуудыг хоорондоо учир зүйгээ ололцон тайван амьдрахыг уриалжээ.

Байгалийн гамшигт ноцтой нэрвүүлж буй Колумби, Венесуэл, Гватемал, Коста Рикагийн ард иргэдийг мартахгүй байхыг хүсчээ. Хүчтэй аадар борооны улмаас Венесуэлд 120000, Колумби улсад 1,9 сая хүн үер усны гамшигт нэрвэгдсэн байна.

Католик сүмийн тэргүүн айлтгалынхаа төгсгөлд “Аврагчийн төрсөн өдрийг тэмдэглэж буй энэ үе мөчид эх газрын Хятадын христос сүсэгтнүүд шашин шүтлэгийн эрх чөлөө, ухамсар мэдрэмж нь хязгаарлагдмал байгаагаас болж сэтгэл санааны гутралд орохоос сэрэмжлэн тэд нарын төлөө итгэл үнэмшил, тайван байдал, тэвчээр хатуужлаа улам нэмэгдүүлэхийг”  сүсэгтэн олон түмнээс хүссэн аж.

Эх сурвалж: AFP
Бэлтгэсэн Д.Пунцаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж