Осакагийн Их сургуулийн эрдэмтэн судлаачийн баг “Аажмаар хувьсан өөрчлөгдөх хулганы төсөл”-ийн хүрээнд туршилтаа явуулж уг хулганыг бий болгожээ. Туршилтад генетикийн хувьд хувьсалд оруулан шинэ төрөл бий болгохоор ажиллаж ирсэн хулгануудыг ашигласан байна.
Туршилтын тэргүүлэх эрдэмтэн Арикуни Учимура “Мутаци буюу хромосын өөрчлөлт нь аажмаар өөрчлөгдөн шинэ төрөл бий болохын эх үндэс нь юм. Шинээр төрсөн хулганы гөлчгийг нэг нэгээр нь өөрчлөн хувьсгах туршилтад оруулж эхэлсэн юм…. Тэгээд л нэг өдөр нэг хулгана маань шувуу шиг жиргэж байхыг харсан даа. Энэ нь тохиолдлын чанартай гэж хэлж болох боловч хулгана өөрийн энэ онцлог чадвараа дараа дараагийн үр удамдаа дамжуулан үлдээх болно” гэж AFP агентлагийн сурвалжлагчид ярьсан аж.
Профессор Такеши Яги-ийн удирдлагын дор ажилладаг Осакагийн их сургуулийн Биошинжлэх ухааны дээд Сургуулийн лаборатори нь ирээдүйн эрдэмтэн судлаачдад зориулсан 100 гаруй “жиргэдэг хулгана”-тай болоод байгаа ажээ.
Японы эрдэмтдийн баг нь эдгээр хувьсан өөрчлөгдсөн жиргэдэг хулганууд нь хүн төрөлхтний хэл яриа хэрхэн үүсэн бий болсныг нээн олох замд хөтлөн оруулна гэж найдаж байгаа юм байна. Бусад орны эрдэмтэд ч гэсэн хүний хэл яриа хэрхэн үүсэн бий болсныг тогтоохоор туршилт хийхээр шийдвэрлэж, баруун европт оршдог дууч Зана бялзуухайг сонгон авч, туршилтаа эхэлжээ.
Эрдэмтэн Учимура “Шувууг бодвол хулганууд нь хөхтөн амьтны хувьд уураг тархины зохион байгуулалт, биологийн бүтэцийн хувьд хүнтэй илүү ойр дөт учир давуу талтай юм” гэж хэлсэн аж. Тэрээр хүмүүс намайг “хэтэрхий утга учиргүй юм хийж байна” гэж зэмлэн буруушаах тохиолдол гарах боловч ирээдүйд үр дүн нь гарна гэдэгт бат итгэлтэй байна” гэж ярисан байна.
Эх сурвалж: AFP
Бэлтгэсэн Д.Пунцаг