Малын индексжүүлсэн даатгал төслийн санхүүжилтийг нэмлээ

Хуучирсан мэдээ: 2010.02.27-нд нийтлэгдсэн

Малын индексжүүлсэн даатгал төслийн санхүүжилтийг нэмлээ

Монголд хэрэгжиж байгаа Малын индексжүүлсэн даатгал төсөл (МИДТ)-ийн хүрээг нэмэгдүүлэх зорилгоор Дэлхийн банкны Захирлуудын зөвлөл 10,0 сая ам.долларын санхүүжилтийг нэмж баталжээ. 2006 онд анх хэрэгжиж эхэлсэн дээрх төсөл нь орон нутгийн даатгалын компаниудтай хамтран цаг агаарын эрсдлийн улмаас малд учрах хохирлоос малчдыг хамгаалах зорилгоор малчдыг даатгалд хамруулдаг юм.
Дэлхийн банкны захирлуудын зөвлөлөөр баталсан 10 сая ам долларын нэмэлт санхүүжилтийг одоогоор дөрвөн аймагт амжилттай хэрэгжүүлж байгаа туршилтын төслийн дараагийн үе шатыг хэрэгжүүлэхэд ашиглах юм. Төслийн үйл ажиллагааг цаашид тэлж, 2012 он гэхэд бүх 21 аймагт хүргэх аж. Энэхүү төсөл хэрэгжиж эхэлснээс хойш техникийн чадамжийн хувьд тус даатгалын хүрээг үе шаттайгаар нэмэгдүүлэх ихээхэн боломжтой болох нь харагджээ. Даатгалд хамрагдсан малчдын тоо жил бүр өсч ирсний дээр орон нутаг дахь даатгалын компаниуд уг бүтээгдэхүүнийг борлуулах улам итгэлтэй болж, 2009 онд даатгалд хамрагдсан малчдаас мал хорогдсоны нөхөн төлбөрийг нийт 2117 малчин авчээ.
Даатгалын хөтөлбөр нь малчдын өөрийн даатгал, зах зээлд үндэслэсэн даатгал, нийгмийн халамжийн системийн нэгдэл юм. Бизнесийнх нь амьдрах чадварт ноцтойгоор нөлөөлөөгүй, бага хэмжээний хохирлын зардлыг малчид өөрсдөө даах, харин хохирол ихээхэн хэмжээтэй болбол тухайн орон нутаг дахь хувийн хэвшлийн даатгалын салбар руу шилжүүлнэ. Бүр сүйрлийн эцсийн үед хүрсэн байвал Засгийн газар хохирлыг барагдуулна. Төслийн хүрээг тэлснээр Засгийн газар зах зээлийн аргаар малчдыг дэмжих боломжтой болох юм. Нөгөөтэйгүүр малчдад хохирол учирсан ч цаана нь хэдэн малтай үлдэнэ гэсэн санаатайгаар малын тоо толгойг өсгөхийг эрмэлзэхээ больж малын чанарыг сайжруулахад илүү анхаарал хандуулдаг болно гэж Дэлхийн банк үзэж байна.
МИДТ нь Дэлхийн банк болон Японы засгийн газар, Швейцарын засгийн газрын хөгжил, хамтын ажиллагааны агентлагын хамтарсан санхүүжилттэй төсөл юм.
П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж