Бразилийн Леонардо “Интер”-ийг удирдана

Хуучирсан мэдээ: 2010.12.27-нд нийтлэгдсэн

Бразилийн Леонардо “Интер”-ийг удирдана

Дасгалжуулагч Рафаэль Бенитезийг ажлаас нь чөлөөлсөн Италийн “Интер Милан” клуб шинэ дасгалжуулагчаа албан ёсоор зарлалаа. 1994 оны дэлхийн аваргад Бразилийн шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж, дэлхийн аваргын цом өргөж байсан 41 настай Леонардо 2012 оны зургадугаар сарын 30 хүртэл буюу 2011/12 оны улирал дуустал “Интер”-ийг удирдахаар шинэхэн гэрээг үзэглэжээ. Тэрбээр 29-нд ажлаа хүлээж авах аж.

Леонардогийн хувьд өнгөрсөн улиралд “Интер”-ийн гол өрсөлдөгч “АС Милан”-ыг удирдаж, Сери А лигийн гуравдугаар байрт шалгарсан ч клубын эзэн Силвио Берлускони түүнийг ажлаас нь чөлөөлсөн билээ. Тэрбээр Миланд тоглогчийн хувиар дөрвөн жилийг үдсэн бөгөөд хожим нь дасгалжуулагчийн багт ажиллаж, улмаар долоон жилийн дараа Карло Анчелоттигийн ажлыг хүлээж авсан юм. Харамсалтай нь, ердөө ганцхан улирал “АС Милан”-ыг удирдсанаар дөнгөж эхлүүлсэн дасгалжуулагчийн карьераа дуусгасан билээ.

Харин “Интер”-ийн тухайд “Ливерпуль”-ийн экс-босс Рафаэль Бенитезтэй ердөө зургаахан сар хамтран ажилласан. Рафа Бенитез тэдэнд Клубуудын дэлхийн аварга болон Италийн супер цомыг авчирсан ч Сери А лигт үзүүлж буй тааруу амжилт нь түүнийг ажлын байраа алдахад хүргэсэн юм. Бенитез өнгөрөгч пүрэв гаригт Сан Сирог орхих нь тодорхой болсон бөгөөд “Интер Милан”-ы ерөнхийлөгч Массимо Моратти Зул сарын баярын дараа шинэ дасгалжуулагчийг зарлана гэж байсан юм.

Харин Леонардо Италийн лигийн тэргүүн байр болоод Аваргуудын лигийн аварга цолоо хамгаалах даалгавартай.

Сонирхуулахад, Европын тавцанд данстай Миланы хоёр клубыг хоёуланг нь дасгалжуулсан тав дахь хүн нь Леонардо болж байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж