Даамын өлгий нутаг гэгддэг Голландын Делфзейл хотноо энэ сарын 18-26-ны өдрүүдэд дэлхийн шилдгийн шилдэг 12 их мастерийн халз тулаан болж өнгөрлөө. Тус тэмцээнд Азийн дөрвөн удаагийн аварга, их мастер Д.Эрдэнэбилэг Монголын төдийгүй Ази тивийн цорын ганц төлөөлөл болон оролцсон юм. Шилдгүүдийн халз тулаанд манай тамирчнаас гадна ОХУ-ын их мастер, дэлхийн зургаан удаагийн аварга Александр Шварцман, их мастер Алексей Чижов, Голландаас Кеес Тейссен, Мартин Дольфинг, Александр Балжакин, Сенегалын Н’Диага Самб, Суринамын Уильям Ори, Италийн Лука Лоруссо, Латвийн Зояа Голубева, Гунтис Валнерис болон Тринидад ба Тобаго улсын Руфус Фостер нарын даамчид оюун ухаанаа уралдууллаа. Өчигдөр тэмцээний сүүлийн өргийн тоглолтууд болж, Д.Эрдэнэбилэг Тринидад ба Тобагогийн даамчин Руфус Фостертай цагаанаар тоглож, тэнцсэн байна. Ингэснээр Д.Эрдэнэбилэг есөн оноотой болж, дэлхийн топ 12 даамчны халз тулаанд наймдугаар байрт шалгарлаа. Харин Голландын их мастер Кеес Тейссен 17 оноотой тэргүүлж, ОХУ-ын даамчин Александр Шварцман мөн адил 17 оноотой хоёрдугаар байрт, харин Алексей Чижов 14 оноотой удаахь байрт шалгарсан байна.
С.Цэлмэг