Б.Хурцын эхнэр өнөөдөр Лондонг зорино

Хуучирсан мэдээ: 2010.12.27-нд нийтлэгдсэн

Б.Хурцын эхнэр өнөөдөр Лондонг зорино

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга Б.Хурцын эхнэр өнөөдөр Лондон хотыг зорих юм байна. Тэрбээр  нөхрийнхөө 2011 оны нэгдүгээр сарын 5-ны өдөр болох шүүх хуралд оролцохоор тус улсыг зорьж буй юм. Харин  өнгөрсөн сард  манай улсад уг асуудалтай  холбогдуулан байгуулсан ажлын хэсгийн ахлагч ГХЯ-ны дэд сайд Б.Болорын тайлбараар “Удахгүй болох Б.Хурцын шүүх хуралд  Монгол Улсыг төлөөлж Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан, Тусгай үүрэг гүйцэтгэгч элчин сайд Ц.Болор нар оролцоно” гэв. Дээрх албан тушаалтнууд өмнө нь болсон шүүх хуралд  ч мөн оролцож байсан билээ. Сануулахад Б.Хурцыг өнгөрсөн аравдугаар сарын 17-ны өдөр  Лондонгийн  “Хитроу” нисэх онгоцны буудлаас Их Британийн  эрх бүхий байгууллагынхан баривчилсаныг уншигчид мэдэх биз ээ. Түүнд холбогдох шүүх хурал өнгөрсөн хугацаанд таван удаа болсон юм. Түүнийг баривчлах болсон үндэслэл нь  2003 онд С.Зоригийн хэрэгт холбогдуулан Д.Энхбатыг баривчилж Францаас Белги, Германы хилээр тээвэрлэсэн хууль бус ажиллагаанд буруутай гэж үзсэн байна. Үүний дагуу саатуулсан гэх тайлбарыг Их Британийн эрх бүхий албаныхан  манай улсад ирүүлсэн билээ. Харин манай төрийн өндөрлөгүүд тус улсын нутаг дэвсгэрт хууль бус үйл ажиллагаа явуулсандаа уучлалт гуйх эсэх нь одоогоор тодорхойгүй хэвээр байна. Албаны хүмүүсийн хэлснээр энэ талаар ярилцаагүй гэнэ.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж