төрөлхтний хамгийн агуу бүтээлүүдийн нэг Людвиг Ван Бетховений IX
Симфони Монгол улсын тайзнаа 30 жилийн дараа дахин амилсан билээ.
Арванхоёрдугаар сарын 16-ны үдэш хөгжмийн зохиолч Ц.Намсрайжавын
нэрэмжит улсын филармонийн хамт олны эгшиглүүлсэн IX симфонийг Монголын
үзэгчид ч нижигнэсэн алга ташилтаар хүлээн авсан. Гайхалтай нь хөгжмийн
удирдаач нь энэ л симфонийг Азид анх удаагаа эгшиглүүлсэн Ц.Намсрайжав
агсны хүү Н.Бүтэнбаяр байсан юм. Улсын филармонийн ерөнхий удирдаач
Н.Бүтэнбаярын гэрт зочиллоо. Гэрт нь ороход л төгөлдөр хуурын ая
эгшиглэж, түүний гэр бүл бараг бүгдээрээ урлагийн хүмүүс болохоор тэр үү
цаанаа л нэг өөр орчин.
-Баяр хүргэе, танд. Монгол улсын алтан
тайзнаа Бетховены агуу бүтээл IX Симфонийг 30 жилийн дараа амилуулсан
явдалд. Сэтгэгдлээсээ хуваалцаач?
-Баярлалаа. Энэ бүтээлийг гаргахад
үнэхээр сайхан байна. Гучин жилийн дараа энэ том бүтээлийг түмэн олондоо
сонсгох хүсэл маань биелж байгаад баяртай байна. Аав маань энэ
симфонийг 1980 онд удирдаж байсан. Том юм руу зоригтой орж байж.
Монголын симфони оркестрын уран бүтээлчид бүхий л хүчээ гаргасан.
Үнэхээр сайхан.
-IX Симфонийн талаар уншигчиддаа танилцуулвал?
-IX
Симфони бол алдартай симфони. Юугаараа алдартай гэхээр дэлхий ертөнцийн
гайхамшгийг харуулсан мөнхийн бөгөөд дахин давтагдашгүй бүтээл гэж
яригддаг байхгүй юу. Энэ симфонийг Бетховен 12 жилийн турш бичсэн гэдэг.
Наймдугаар симфонийнхоо дараа бүтэн 12 жил бодож байгаад 1824 онд бичиж
дуусгасан байдаг юм. Агуу хөгжмийн зохиолч өөрөө таг дүлийрсэн байсан ч
симфонио удирдсан. Буруу харж зогсож байгаад концертмэйстерт темпүүдээ
өгч, тухайн жилдээ анх удаа үзэгчдийн хүртээл болгосон юм. Харин
хэвлэлтээр 1826 онд гарсан. Приусын Уилгельм-III Хаанд зориулан хаяглаж
энэ симфонио дурсгасан байдаг. Симфонийн гол утга найруулга нь юундаа
оршиж байна гэхээр маш гайхамшигтай бичигдсэн төдийгүй симфонийн
ангиудын зүйлийг өөрчилж өгсөн явдал. Нэгдүгээр анги алегро, валегро
байдаг ч юм уу. Хоёрдугаар анги нь удаан байдаг байсан бол скерцо
хийсэн. Харин гуравдугаар ангийг нь удаан болгосон. Тэгээд дөрөвдүгээр
ангид нь дөрвөн солистын хоолой оруулсан байгаа юм. Тэгээд хойно нь
найрал дуучидтай. Өмнө нь симфонид тийм зүйл байдаггүй байсан байхгүй
юу. Үүгээрээ их онцлог. Мөн бичлэгийнхээ хувьд маш өвөрмөц, шинэ
хэлбэрийн юм бичигдсэн. Энэ симфонийн гол утга юунд оршиж байна вэ
гэхээр Фридрих Шиллерийн “Аз жаргалын магтуу дуу”. Симфонийн амин зүрх
гэхэд болно л доо. Энэ дууны үг нь хүн төрөлхтөн дарангуйлал,
хүчирхийлэл зэрэг муу муухай зүйлээс салаад, сая сая хүн бие биенээ
тэвэрч, ойлголцож, ирээдүйдээ гар гараасаа хөтөлж явах ийм сайхан
утгатай. Хүн дэлхий дээр яах гэж амьдарч байгаа юм? Яагаад дайсагнаж
хорсож байдаг вэ? Бие биенээ дэмжиж ийм сайхан байвал энэ дэлхий чинь
болно шүү дээ гэсэн утгатай. Тийм сайхан утгыг найрал дуучид гол
аялгуугаа болгосон. Одоо энэ нь Европын холбооны сүлд дуу. Үүгээрээ
онцлог.
Дэлхийн гайхамшигтай бүтээлүүдийг сансар руу илгээсэн. Түүн
дунд Есдүгээр симфони багтсан байдаг. IX симфонийг хүн төрөлхтөний
дуулал гэж нэрлэдэг шүү дээ. Ийм болохоор гайхамшигтай, давтагдашгүй
гэдэг утгаараа илгээгдэж байсан. Оросын агуу хөгжим судлаач С.И.Танеев
“Хэрэв өөр ертөнцөөс харь гаригийнхан ирээд нэг цагийн дотор манай хүн
төрөлхтөнийг ойлгохыг хүсвэл Бетховены IX симфонийг сонсоход л
хангалттай” гэж хэлсэн байдаг. Энэ бол маш их утга илэрхийлж байгаа л
даа. Хүн төрөлхтөний тэмцэл, зөрчил дээрээс нь ангиуддаа гаргаж байгаа
бүх л утга агуулга нь нэгдмэл. Урлагаар ярихын бол нэг том бөөрөнхий
бөмбөрцөг– бүгдийг нь агуулсан зохиол болсон юм. Хаана ч бичигдээгүй,
давтагдашгүй мөнхийн бүтээл гэдэг утгаараа гайхалтай. Сонирхуулахад
Бетховены үед тронбон хөгжим дөнгөж л гарч ирж байсан. Есдүгээр симфонид
шинээр гарч ирж байсан энэ хөгжмийг бүр гурвыг оруулж ирсэн байхгүй юу.
Тронбоныг сайн судлаагүй байсан. Нэгдүгээр тронбоны өнгийг маш өндөр
өгсөн байгаа юм. Дөрөвдүгээр ангид гарч байгаа тэр өнгө бол маш өндөр.
Нэгдүгээр тронбоныг тоглож байгаа хөгжимчид нь ч гайхдаг. Тэр өндөр
өнгийг гаргахад маш хэцүү л дээ. Дээд талын гурав, дөрвөн нотыг гаргахын
төлөө тэр хөгжимчин бараг л амиа тавьж байгаа байхгүй юу. Гэхдээ тэр нь
өнөөдөр гайхамшиг болсон. Яг дуугаралтынхаа хувьд бол маш гайхалтай.
Өөрөөр хэлбэл, IX симфони бол өөрөө удирдаач, хөгжимчдийн ур чадварыг
сорьсон бүтээл.
-Жишээ
татаад үзье. Японд сонгодог урлаг сүүлд хөгжиж байна. Бетховены ойг
тохиодуулан 10 жилд нэг л удаа IX симфонийг тоглодог юм. Гэхдээ миний
бодлоор япон хүн европ зохиолыг тоглох, монгол хүн европ зохиолыг тоглох
маш ялгаатай байдаг. Яагаад гэвэл монгол хүн ямар ч хэлийг амархан
сурдаг. Тэрэнтэйгээ адилхан монгол хүний бололцоо их байдаг. Яагаад
энийг яриад байна гэхээр Чайковскийг тоглож байгаа япон оркестр
тухайлбал яг тэрийг нь тоглож байгаа өөр орны оркестр шал өөр. Япон хэл
өөрөө их нам тайван хэл шүү дээ. Тэрэнтэйгээ адилхан дөлгөөнөөр авч
үздэг юм шиг байгаа юм. Манай нэг багш хэлж байсан юм. Японы оркестр
ирээд Чайковскийг тоглоход би ойлгосонгүй ээ гэж. Энэ бол муу тоглож
байгаа гэсэн үг биш. Хөгжмийн хэллэг нь хэлнийхээ онцлогоос хамаарч өөр
байгаа байхгүй юу. Энэ бол улс улсын онцлог.
Моцарт, Бетховены
хийсэн бүтээлүүд маш өөр. Би хэд хэдэн орны оркестр IX симфонийг тоглож
байгааг сонссон л доо. Харин тэднээс хамгийн мундаг тоглож байгаа нь
Германы оркестр байдаг. Дамдинсүрэн гуайн “Учиртай гурван толгой”-г
монголчууд л тоглож чадна шүү дээ. Үүнтэй л адилхан.
Швейцарийн
оркестр Бетховеныг тоглож байна. Техник талаас нь хөгжүүлчихсэн. Ёстой
гоё тоглоно л доо. Бүх юм нь адилхан дуугарч байгаа юм. Чанга сул,
динамик, нюанс гээд л. Гэтэл зовлон үзээгүй Швейцарь яаж зовлонг гаргах
вэ? Дайн үзээгүй хүн дайны талаар ярьж байгаатай адил. Германых бол
үнэхээр агуу. Тэр тэмцэл, дээрээс нь хоёрдугаар ангид гарч байгаа скерцо
юунд ингээд ороод ирэв гэдгийг нь харуулж байгаа юм. Гуравдугаар ангийн
удаан хэмнэл, дэг бол дээд зэргийнх. Герман бол Герман л байдаг.
Зохиогчийн үнэн сэтгэлийг гаргаж чадна. Дунд престог биччихэж байгаа
юм. Хамгийн хурдан темп шүү дээ, гэтэл энэ нь өмнөхөөсөө удаан темптэй
байдаг. Би энэ талаар их бодсон л доо. Тэгэхэд энэ яг тухайн үеийн
Германы тариачдын бүжгийн хэмнэл байсан юм шиг байгаа юм. Гэхдээ миний
анализ бол минийх л шүү дээ. Хүн хүнд өөрийн гэсэн бодол байна.
“Тунгалаг тамир”-ыг нэг хүн нэг талаас нь тайлбарлах бол нөгөө нь нөгөө
талаас нь тайлбарлана. Зураг ч мөн адил шүү дээ. Яаж хүлээж авахаасаа л
болно.
-Гучин жилийн өмнө Ц.Намсрайжав гуайг энэ агуу бүтээлийг Монголд тавьж байх үеийн талаар хуваалцаач?
-Мэргэжлийн
төвшинд авч үзвэл 1980 онд Монголд тоглогдсон. Ази тивдээ анх удаагаа
аав маань энэ гайхамшигтай бүтээлийг удирдсан. Тухайн үед их том маргаан
гарч байсан юм байна лээ. Аав маань А.Филатова хатагтайтай зөрж байж
хийсэн. Тухайн үед Зөвлөлт Монголын найрамдлын сарын аян гэж нүсэр арга
хэмжээ болдог байж. Сарын ажлын хүндэтгэлийн концерт давхцаад байхад тэр
олон хөгжимчин, дуучинг урьж, хөрөнгөтний Германы аяыг тоглох гэлээ
гэсэн саад ч бас байж. Аав маань тэр үед хөгжмийн ертөнц дэх нэр нөлөө,
сүр хүчээрээ далайлган, байр суурин дээрээ бат зогсч байж, IX симфонийг
аялгуулах боломжийг арайхийн бүрдүүлж. Монголын симфони найрал хөгжмийн
төвшин асар өндөр болсон. Үүнийг танд заавал үзүүлнэ гэж зөрж байгаад
хийсэн. Бүх давааг давахад Филатова чимээгүй болсон. Манай аав амаараа
маргалдаж, өөрийнхөө зөв гэдгийг батлах гэж хичээхийн оронд бүтээлээрээ
түүний амыг тагласан. Манай аав бол маш холын хараатай хүн байсан. Над
шиг уурлаж бухимдахгүй л дээ. Хошин мөртөө ажил хэрэгч хүн байсан гэж
мэддэг хүмүүс нь ярьдаг юм. Тэр зан чанар нь надад ирээгүй юм шиг байгаа
юм. /инээв/
Онцолж хэлэх юм бол манай аавыг 30 жилийн өмнө удирдаж
байхад юм хялбар байжээ. Соёлын яамтай байж. Соёлын яам гэдэг чинь
дээрээс нь даалгавар тушаал гаргаад, ямар нэг том бүтээл гаргахад хялбар
байсан байна. Улсын төлөвлөгөөнд орчихсон, дээрээс нь цэргийн дуу
бүжгийн хор, дуулаачийн ангийн оюутнууд, дуурийн театрын хор гээд нийт
150-аад хүн байсан бол би өнөөдөр 50 хүнтэй хортой л байна. Хоёрдугаар
тэр том бүтээлийг хийхэд их хугацаа өгдөг байсан. Хугацаанд их аажуу
бэлддэг. Хөрөнгө мөнгөний асуудлаас болж би арваннэгдүгээр сарын 11-нээс
л хийсэн дээ. Нэг өдөр манай маркетингийн алба нэг билетийг нь 30
мянган төгрөгөөр зарахад зардлаа яг нөхөөд, баланс тэг гарах юм байна
гэсэн санал хэлсэн. Би үүнийг эрс эсэргүүцсэн байхгүй юу. Гучин мянгын
билетийг тэтгэвэрт гарсан ч юм уу, оюутнууд яаж үзэх болж байна вэ?
Сардаа 90, 100 мянгыг авдаг хүн тэтгэврийнхээ гуравны нэгийг төлөөд IX
симфонийг сонсоно гэвэл хэцүү шүү дээ. Би тэгээд 30 жилийн дараа Монголд
амьдаараа тоглогдох гэж байгаа энэ бүтээлийг үнэгүй тоглоно гэж зөрсөн
юм. Гэтэл гадаадын маш олон хүн ирж, билет авья гэсэн. Байхгүй юм чинь
яах билээ. Бетховены 200 жилийн ойгоор аав маань Германд очиж л дээ.
Тэгээд өөртөө зориулж том есдүгээр симфонийн партитурыг авчирсан.
“Ц.Намсрайжав 1980 он” гээд биччихсэн дэвтэр байгаа юм. Аав гэхдээ
үүнийгээ өөрөө дохиогүй байгаа юм. Хайрлаад тэр шүү дээ. Харин өөрийнх
нь ашигласан нь халаасны дэвтэр шиг л хэмжээтэй. Ажилласаар байгаад бүр
элэгдчихсэн. Улаан, хараар бүх юм аа бичиж тэмдэглэсэн. Одоо би тэрийг
нь ашиглан дохиж байгаан. Гурван жилийн өмнө би юм ухаж байгаад
Германаас авчирсан партитурыг нь олсон. Тэр бүр цоо шинээрээ байсан гээд
боддоо. Гурав дөрөв эргүүлсэн үү үгүй юу гэлтэй. Намайг л дохь гээд
үлдээсэн юм шиг л байсан. Би л энийг өөрөө аягүй уран сэтгэмж гаргаад
янз бүрээр төсөөлж байж магадгүй л дээ. Яг тулаад очихоор үнэхээр сайхан
санагдсан. Тэгээд би энэ дэвтэр дээр “Би энэ симфонийг дохихоор энэ
партитурыг 2010 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдөр авлаа. Н.Бүтэнбаяр”
гээд бичиж үлдээсэн. Гарын үсгээ зурсан. Энэ бол хэдэн жилийн дараа
түүх болж үлдэнэ гэж бодож байгаа.
-Төрийн соёрхолт, Ардын
жүжигчин, удирдаач Ц.Намсрайжав гуайг бид “Халуун элгэн нутаг” дуугаар
сайн мэднэ. Үнэхээр агуу хүн байжээ.
-Гэр бүлийн хоёр хоёулаа
агуу хүмүүс байсан даа. Ээж маань ч тэр давтагдашгүй сайхан авьяастай
хүн байсан. Богино насалсан ч гэсэн тэр сайхан Хос эрвээхэй, Хэнтий
өндөр уул, хуучирын серенада дахин дуугарсангүй Би энэ хоёр хүний
урлагийг залгамжилж яваадаа баярладаг. Үүндээ хүрэхийн тулд маш их
хичээж явдаг. Аавынхаа хийж байсан юмыг хийхээр ямар хүнд зүйл хийж
байсныг өөрийн биеэр мэдэрч байна. Тэр үедээ л аавыгаа ойлгож, улам л
хайрладаг. Тэр хүний зовлон, баяр баясгаланг мэдэрч байна. Аав маань
ямар их зүйлийг бүтээсэн юм бэ? Тухайн үеийн Соёлын яамны дэд сайд
н.Баатарцогт сайд “Ц.Намсрайжав гуай үнэхээр мэдлэг боловсролтой мундаг
хүн байсан” гэж хэлдэг юм. Үнэхээр ч тийм. Би бурхан шүтдэггүй ч ижий,
аавыгаа шүтдэг. Ер нь IX симфонийг би олон жилийн өмнөөс бодож байсан.
Одоо аавынхаа хийсэн бүтээсэнд хүрч байгаад баяртай байна.
Нээрээ
“Халуун элгэн нутаг”-ийн талаар сонирхолтой түүх хуваалцая л даа. Аав
маань дуугаа заавал залуухан дуучнаар дуулуулаад өгөөч гэсэн байгаа юм.
Залуу хүнээр яах нь вэ гэхэд аав хариуд нь “Энэ чинь ард түмний дуулах
дуу шүү дээ” гэж хэлсэн байгаа юм. Тэгээд Эрдэнэбулганыг дөнгөж
хөдөөнөөс ирээд байхад нь энэ дууг дуулуулсан. Дараад нь “Түмний нэг
кино” кинонд энэ дуу хасагдсан. Хамгийн муу дуу гэгдээд, огт
авцалдаагүй, кинонд таарахгүй гээд хасч байсан. Кино үйлдвэрийн нэг
дууны найруулагч энэ дууг оруулчихвал яасан юм гэж байгаад оруулсан
байгаа. Одоо хардаа, зууны манлай дуу болчихлоо. Худалч хүнд энэ дуу
сүлд дуу болох дөхлөө шүү дээ. Яагаад энэ дууг том мундаг дуучнаар
дуулуулаагүй гэхээр манай аав ард түмэн бүгдээрээ дуулна гэдгийг мэдэж
байсан байгаа байхгүй юу. Ж.Бадраа гуай үгээ өгсөнөөс хойш бодож
бодож 20 минутын дотор л бичсэн дуу л даа. Энэ бол энгийн үг биш. Бодож
бодож л 20 минут л бичсэн. Зарим нь буруу ойлгодог. Бетховены симфони 12
жилийн турш бичсэн л гэдэг. Гэтэл яг бичихдээ бол сүүлийн хоёр жилийн
дотор л биччихсэн байхгүй юу. Бүтэн 10 жил бодсоны эцэст. Хоёрхон
минутад зурсан зураг 20 жил зурсан зургаас илүү гарахыг хэн байг гэх вэ.
Тийм биз дээ?
Тэхээр урлаг тэрүүгээрээ их сонин. Хорин жил бодлоо
гээд үнэтэй болохгүй. Харин гучин секундэд зурж байгаа тэр хэсгийг хэдэн
жил бодсон ч юм билээ, тийм ээ? Тэрнээс биш өнөөдөр нэг гурвалжин
зурчихаад л, маргааш нь хараад л бодож байгаад дахиж нэг дүрс нэмээд ч
юм уу биш байхгүй юу. Аргаа барсан зураач л тийм байна байх. Хөгжим дээр
бас ижилхэн. Өнөөдөр нэг “До” биччихээд л маргааш нь энэ чинь “Ми” байх
байсан юм байна гээд л байвал юу ч нийлэхгүй. Урлаг яг ийм.
-Танд баярлалаа. Таны уран бүтээлд амжилт хүсье.
Э.Очирт