
Энэхүү үйл явдлын дараа Цагаан Ордонд болсон хэвлэлийн бага хурал дээр ерөнхийлөгч Барак Обама “Энэхүү гэрээг баталсан нь сүүлийн 20-иод жилд цөмийн зэвсгийг хорогдуулах талаар гарсан хамгийн чухал үйл явдал боллоо” гэж мэдэгджээ.
Бүгд найрамдах болон Ардчилсан намын гишүүд хүч хавсран энэхүү гэрээг батлах санал хураалтаар амжилтад хүрсэн нь хоёр нам үндэсний аюулгүй байдлын асуудлаар санал нэгдэж чаддагаа дэлхий дахинд харуулж чадлаа гэж ярисан байна.
Энэхүү гэрээний заалтаар АНУ болон ОХУ тус бүрт байгаа 2200 цөмийн цэнэгт хошууны тоог 1550 хүртэл хорогдуулах бөгөөд цөмийн цэнэгт хошуу хөөргөх суурийн тоог 800-аас дээшгүй, тив хоорондын баллистик пуужин, мөн шумбагч онгоц болон сөнөөгч пуужин зөөвөрлөгчийн тоог 700-гаас ихгүй байлгахаар тохиролцсон ажээ. Мөн гэрээний хэрэгжилтийг илүү үр дүнтэй болгох зорилгоор гэрээтэй холбоотой үүсэх аливаа ойлгомжгүй асуудлыг Хоёр талын зөвлөлдөх комисс шийдвэрлэх юм. Энэ зөвлөлийг ОХУ болон АНУ тэгш оролцоотойгоор байгуулна.
АНУ-ын Сенатын танхим цөмийн зэвсэглэлийг хорогдуулах тухай гэрээг бүгд найрамдах намын 13 гишүүний дэмжлэгийг авч баталсан нь ерөнхийлөгч Барак Оыг бамагийн гадаад бодлого нэн ялангуяа ОХУ-тай харилцаагаа сайжруулах гэсэн хүчин чармайлтын хувьд чухал ялалт болов гэж улс төрийн хүрээнийхэн үнэлж байгаа аж.
START-ийн шинэ гэрээнд энэ оны дөрөвдүгээр сард Прага хотод ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведев болон АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама нар гарын үсэг зурсан бөгөөд АНУ-ын Сенатын танхим энэхүү гэрээг эхэлж баталсан тохиолдолд ОХУ-ын Дум “гэрээг саадгүй батална” гэж мэдэгдээд байсан билээ.
ОХУ-ын Думын 350 гишүүний 292 нь гэрээг батлахын төлөө баасан гаригт саналаа өгсөн байна.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун “цөмийн зэвсгийг хорогдуулах чиглэлд хийж байгаа маш тодорхой дохио юм, одоо харин бид гэрээний хэрэгжих хугацааг сэтгэл догдлон хүлээж байна” хэмээсэн байна.
ОХУ болон АНУ нийлээд дэлхийн цөмийн зэвсгийн 95 хувийг эзэмшдэг учраас энэхүү гэрээг харилцан баталсан явдал дэлхийн хүн бүрийн хувь заяатай холбоотой маш ач холбогдол бүхий улс төрийн үйл явдал боллоо.
Хоёр улс 1991 онд Цөмийн зэвсгийг хорогдуулах анхны гэрээг байгуулсан бөгөөд энэ гэрээ 2009 оны дөрөвдүгээр сард үйлчилж дууссан юм. Анхны гэрээгээр хоёр тал тус бүр 6000-гаас илүүгүй цөмийн цэнэг бүхий хошуутай байж, цөмийн зэвсэг үйлдвэрлэх, туршихыг хориглосон билээ. 2001 онд ОХУ болон АНУ гэрээгээ биелүүлсэнээс харилцан зарласан. Тухайн үед зарласнаар ОХУ-д 5518, АНУ-д 5948 цөмийн цэнэгт хошуу үлдсэн юм. 2001 оноос хойш хоёр тал цөмийн цэнэгт хошууны тоог шат дараалалтай хорогдуулсаар тус бүр 2200-д хүрээд байгаа юм.
Тэгвэл шинэ гэрээгээр энэ тоо 1550 болох ёстой.
А.Чандмань