багт наадмын тансаг үдшийн цэнгүүнд хамгийн сүүлд, хүүхэд бүхний
хүндэтгэн хайрладаг Дроссельмейер нүүр дүүрэн инээмсэглэл тодруулан бөөн
бөөн бэлэгтэй орж ирнэ. Түүнийг ирүүт цугларсан хүүхдүүдийг зочдын
өрөөнд оруулна. Хүүхдүүд түүнийг бүчин бэлгээ задлахыг хүсэн шуугилдан
байлаа. Хүүхэлдэйн алдарт мастер өөрийн урласан гайхамшигт
хүүхэлдэйнүүдээ дэлгэн үзүүлнэ. Алаг хувцастай алиа салбадай, улаахан
даашинштай хайр татам хүүхэлдэй, өргөн өмдтэй өхөөрдөм бүжигчинг танхимд
нэг нэгээр нь оруулж ирэн Дроссельмейер үлгэрийн ид шидтэн мэт,
хүүхэлдэйнүүдээ амилуулан бүжиглүүлнэ. Хөөрөн баясах хүүхдүүд тоглоом
бүрийг их л сонирхон ажиглана. Алдарт хүүхэлдэй урлаач маань бэлэг
болгохоор бяцхан модон самар цөмөгч хүүхэлдэйг авчирдаг. Даанч
“Цөмөөхэй” хүүгийн зэрэмдэг дүр төрх хүүхдүүдэд огтхон ч таалагдахгүй
бүгд л үл тоон тойрон хөгжилдөнө. Харин энэхүү хүүхэлдэй бяцхан Машад
их л энхрий дотно санагдан авдаг. Маша сэтгэл хангалуунаар тоглоомоо
эхрийлэн байлаа. Гэтэл түүний ах, дүрсгүй хүү “Цөмөөхөй”-д их л
дургүйцэн Машатай булаацалдан толгойг нь салгаж орхино. Модон
хүүхэлдэйгээ эвдүүлсэн Маша гуинглан уйлах ч Дроссельмейер хүүхэлдэйг
засч өгнө.
Орой болж зочид гэр гэрийн зүг явцгаана…
Маша орондоо орон модон хүүхэлдэйгээ хөл доороо тавин зүүдний ертөнцөөр аялна.
Түүнийг унтсан хойно өрөөнд нь сэм хэсэг хулганууд орж ирэн хайртай модон хүүхэлдэй “Цөмөөхэй”-г нь авч одно. Маша сэрэн нойрмогхон гэгч нь суниан гэнэт хүүхэлдэйгээ санан эргэн хартал үлдээсэн газар нь байдаггүй. Яахаа мэдэхгүй хий л сандран байтал гэнэт хулганууд хаанаас ч юм бөөн бөөнөөрөө гарч ирэн тойрон бүжнэ. Тэдний дунд хулганын хаан өөрийн биеээр гарч ирэн их л омголон бусдыгаа захиран байлаа. Маша айсандаа нүдээ ч нээж чадахгүй сандал дээр шигдэн суусан байв. Харин энэ үед гэнэт түүний хайртай тоглоом болох “Цөмөөхэй” амь орчихсон гарч ирэн хулгануудын хаантай тулалдан дийлж, Машаг авардаг. Дайснаа дарсан “Цөмөөхэй” бусад хүүхэлдэйнүүдээ дуудан шинэ жилийн цэнгүүндээ Машаг урина. Орон орны модон хүүхэлдэйнүүд амилан бүжиж, Маша гайхамшгийн ертөнцөд “Цөмөөхэй”-тэй хөгжилдөн бүжиглэж, шинэ жилээ тэмдэглэдэг.
Үүр цайж, бяцхан Маша зүүднээсээ сэрнэ. Тэрбээр нойрмоглон суниан гэнэт модон хүүхэлдэй “Цөмөөхэй”-гэ санан сандарсаар эргэн хартал хайртай тоглоом нь байрандаа эзнээ хүлээнхэн байдаг. Маша сая л урьд шөнө болж өнгөрсөн бүхэн зүүдний ертөнцөд өрнөснийг ойлгон “Цөмөөхэй”-г тэврэн баярлана.
Зул сарын шөнө Машагийн зүүдэнд хүүхэлдэйн баатрууд ийнхүү амилсан байлаа.
Дэлхийд данстай бүхий л театрууд Зул сарын баяраар “Щелкунчик” бүжгэн жүжгийг тоглодог уламжлалтай. Манай Дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид ч мөн адил шинэ оны өмнө П.И.Чайковскийн алдарт “Щелкунчик” бүжгэн жүжгээр бяцхан үзэгчдэдээ бэлэг барьдаг билээ. Энэ уламжлалын дагуу өнгөрсөн амралтын өдрүүдэд Дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа алдарт “Щелкунчик” балет амиллаа.
Германы зохиолч, зураач, хөгжмийн зохиолч Е.Т.А.Хоффманны 1815 онд туурвисан "Цөмөөхэй ба хулганын хаан” шидэт үлгэр нь дэлхийн шилдэг үлгэрийн тоонд зүй ёсоор багтдаг. 1890 онд "Нойрсч буй гоо бүсгүй" балет нь амжилт арвинтай байсны дараа театрын найруулагч Иван Всеволожский их хөгжмийн зохиолч П.И.Чайковскийд энэхүү үлгэрийг дуурь, балет болгон бичих үүрэг өгчээ. Үүний дагуу П.И.Чайковский “Иоланта” дууриа бичжээ. Харин балетаа бичихдээ "Нойрсч буй гоо бүсгүй" балет дээр хамтран ажилласан нэрт балетмейстер Мариус Иванович Петипатай дахин хамтарсан байна. Тэд нэрт зохиолч Александр Дюмагийн эх хэлнээ орчуулсан Германы зохиолч Е.Т.А.Хоффманны “Цөмөөхэй ба хулганын хаан” хэмээх үлгэрээр сэдэвлэн балетаа тууривхаар сонгожээ. Александр Дюмагийн орчуулсан хувилбар нь эх зохиолоосоо харьцангуй гэгээлэг, муу муухайг сайн сайхан дийлнэ гэсэн санааг түлхүүг оруулж өгсөн байдаг аж. Эхэндээ П.И.Чайковский энэхүү зохиолд төдийлөн сэтгэл хангалуун байгаагүй ч түүний хамтрагч Мариус Петипа ихээхэн хүчин чармайлт гаргасны эцэст тус зохиолын зарим хэсгийг засварлан балетаа хийхээр болжээ. Ийнхүү тун богино хугацаанд алдарт “Шелкунчик”-ээ бичиж дуусгасан ба 1892 оны арванхоёрдугаар сарын 17-нд Санкт-Петербургийн Марийнский театрт анх үзэгчдийн хүртээл болсон юм. Анхны тоглолт тооцоолж байгаагүй их амжилт дагуулж, шүүмжлэгчид амаа олохгүй магтацгааж байжээ.
1934 оны нэгдүгээр сарын 30-нд Лондонгийн Садлер-Уэллс театрт тавигдсан ба энэ нь гадаадад тоглогдсон хамгийн анхны тоглолт нь юм. Харин АНУ-д хамгийн анх 1940 онд уг балетыг нэг үзэгдэлтэйгээр Нью-Йорк хотын театрт тоглож байсан бөгөөд 1944 онд бүрэн эхээр нь Сан-Францискогийн дуурийн театрын тайзнаа тогложээ.
“Цөмөөхэй” балетыг 1892 оноос өнөөг хүртэл Орос, Европ, Америкийн бараг бүх театрууд жил бүрийн Зул сарын баяраар тоглож, хүүхэд багачууддаа бэлэг барьдаг уламжлал тогтоод удаж байна. Харин 1982 оноос Монголын Дуурь, бүжгийн эрдмийн театрт уг балетыг шинэ жилийн баярт зориулан тоглож байгаа билээ.
Энэ жил тус бүтээлд оролцох жүжигчдийн хувцсыг Монгол Улсын Ерөнхий сайдын гэргий Х.Отгонтуяагийн тэргүүлдэг “Төгөлдөр” сангаас хөрөнгө гарган бүрэн шинэчилж өгч байгаад сонгодог театрын уран бүтээлчид төдийгүй энэ урлагийг шимтэн үздэг олон түмэн талархаж байна. Ийнхүү “Цөмөөхөй” балет шинэхэн гоёлтойгоо Монголын бяцхан үзэгчидтэй мэндчиллээ.
Хоёр үзэгдэлтэй тус балетын Маша охины бага насны дүрд н.Мөнхжин, Маша гүнжид Б.Саруул, ханхүүд О.Ганцоож, Дроссельмейрт Н.Баяраа, хулганын хаанд Х.Мөнгөнхөлөг, аавын дүрд Х.Чойжилсүрэн, ээжид Х.Баярманлай, эмээд Б.Алтаннамар, өвөөгийн дүрд Ардын жүжигчин О.Ганбаатар, асрагч эхэд Б.Цэцэгдарь, хоёр цасан охинд Г.Цолмон, Г.Батчимэг нар болон Дуурь, бүжгийн эрдмийн театрын балетийн жүжигчид оролцон тоглолоо.
Г.Даша