Өмнө нь уг хэргийн шүүх хурал өмгөөлөгч ирээгүй, улсын яллагчийн ар гэрт гачигдал гарсан гэх шалтгаанаар гурван удаа хойшилж байсан юм. Энэ хугацаанд Л.Гантуулын эгч Л.Гантуяа хэвлэлийнхэнд хандаж дүүгээ ямар ч буруугүй хэмээн мэдэгдэж байв. Тухайлбал “миний дүүг хар тамхи зөөвөрлөсөн гэх нэг ч нотлох баримт байхгүй. Хэргийг мөрдөн байцаах явцад хэрэгтнүүдийг таниулах ажиллагаа, нотлох баримт цуглуулахдаа хууль зөрчсөн. Бүлэг байгуулан толгойлж, хар тамхи зөөвөрлөсөн гэдгээр миний дүү Л.Гантуулыг буруутгаж байгаа. Гэтэл өмнө нь шүүхээс энэ хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй хэмээн гурван ч удаа буцааж байсан” гэсэн юм. Гэвч шүүх бүрэлдэхүүн Л.Гантуул, Ё.Оюунбилэг, Ц.Оюун-Эрдэнэ, П.Алтансүх нарыг яллах хангалттай нотлох баримт бий гэж үзжээ. Уг хэргийн талаар эргэн сөхвөл Л.Гантуул, Ё.Оюунилэг нар нь 2008 оны зургадугаар сараас 2009 оны наймдугаар сарын хооронд Л.Байгальмаа, Ц.Оюун-Эрдэнэ, П.Алтансүх, Р.Оюун-Эрдэнэ, Б.Нандинцэцэг гэх эмэгтэйчүүдийг хууран мэхэлж, 2000 гаруй капсул мансууруулах бодисыг Вьетнам, Малайз, Лаос, Бангладеш улс руу тээвэрлүүлсэн хэрэгт буруутгагдсан юм. Түүнчлэн БНХАУ-ын Ардын шүүхээс бүх насаараа хорих ялаар шийтгүүлсэн Л.Байгальмааг золиосолж хар тамхи тээвэрлэгчээр ашиглаж байсан гэх үйлдлээр эрүүгийн хэрэг үүсгэн ял төлөвлөсөн. Мөн Л.Гантуул нь ажлаа хийж байсан төрийн албан тушаалтныг эсэргүүцэж биед нь гэмтэл учруулсан гэх зүйл заалт ч нэмэгдэж байгаа аж.
Төрсөн дүү Л.Гантуулыг хар тамхины бүлгийн толгойлогч хэмээн ял төлөвлөж буйг эсэргүүцэж байсан түүний төрсөн эгч Л.Гантуяатай холбогдлоо.
-Та дүү Л.Гантуулыг хэрэгт холбогдолгүй хэмээн хэвлэлд хандаж байсан. Харин шүүхээс түүнд 12 жилийн хорих ял оноолоо. Шүүхийн шийдвэрт ямар бодолтой байна?
-Би ийм шийдвэр гарна гэж бодоогүй. Дараа дараагийн шатны шүүхэд хандах болно. Шүүхийн шийдвэрт гомдолтой байна. Миний дүү Л.Гандавааг хэрэгт холбогдолгүй гээд хэрэгсэхгүй болгосон.
-Таныг бас энэ хэрэгт сэжигтнээр татан шалгаж байсан. Ямар үндэслэлээр сэжигтнээр татсан юм бэ?
-Манай гэр бүлийн гурван хүнийг энэ хэрэгт холбогдуулан хорьж цагдсан. Би Ганцхудагт нэг сар хоригдсон. Мэдээж төрсөн эгч дүү нар хоорондоо холбоотой байдаг. Тэгээд л сэжигтнээр татсан байх. Харин манай эрэгтэй дүү Л.Гандавааг Л.Байгальмаад 1000 доллар аваачиж өгснийхөө төлөө эрүүгийн хэрэг үүсгээд байсан ч хэрэгсэхгүй болголоо. Би өөр зүйл яримааргүй байна.Сэтгэл тавгүй байна. /уйлав/
С.Отгон