Төрийн өндөр албан тушаалд хуурамч нэрээр 30 жил ажилласан нэгэн эр өчигдөр сэтгүүлчийн асуултад “Би хөдөөнөөс хот руу шилжин ирээд ахынхаа нэрээр сургуульд орсон хүн. Ер нь нэрээ өөрчлөе гэж бодож байсангүй шүү” гэж хээв нэг хариулж зогсохтой таарлаа би. Уг этгээд Хотын Авто замын газрын даргаар олон жил ажилласан басхүү хариуцлага, нэр хүнэй итгэл даах цөөн албан хаагчдын нэг гэдгээр хүмүүс андахгүй. Харин тэрбээр хуурамч нэр, хуурамч дипломоор халхавч хийж өнө удаан жил хэрхэн амьдарсан эсэхээ тайлбарлаж чадсангүй сэтгүүлчийн асуултад бүдрэв. Угтаа бол тэр хүнд эцэг эхээс оноосон нэр Д.Батмөнх харин Д.Бат-Эрдэнэ гэх багийг удаан жил зүүсэн гэнэ билээ. Төр, түмэн олонд “молги” өмхүүлж чадсан нэгэн. Нэг л өдөр Мэргэжлийн хяналтынхан шалгаж , хуурамч багийг нь хуулах цагт Д.Батмөнх эрхэм дарга сэнтийгээ олбогоор сольж дөнгөсөн сүйхэйтэй эр. Өөрөөр хэлбэл Хотын Авто замын газрын даргын ажлаас Улаанбаатар зам засвар арчилт компанийн суудалд зүүгдэж үлдсэн гэсэн үг. Ер нь сүүлийн үед Монгол Улсад хуурамч нэр хаяг диплом өвөртөлсөн гадаад дотоодын иргэд цөөнгүй бий. Өвөрлөгч эр Насанбат гэхэд л Улаанбаатар хотын харьяат гэсэн Иргэний үнэмлэх үзүүлж байх жишээтэй. Яагаад хуурамч нэр зүс ашигласан этгээд олширч байна. Цаана нь чухам ямар зорилго агуулсан эсэх талаар хийсэн нарийвчилсан судалгаа одоогоор алга. Хууль хяналтын байгуулагынхан эрүүгийн хэрэг үүсгэсэн цөөн тохиолдлыг нэрлэхгүй бол шүү дээ. Монголчуудын хувьд хуурамч нэрээр, бичиг баримт гаргаж буй тохиолдлыг дүгнэхэд ихэвчлэн хил нэвтрэх хэрэгсэл болгож ашиглаж байх шиг. Үүнийг захын чавгамц хэлээд өгөх биз” Монголчуудын амьдрал ядуу учраас гэж эхэлнэ. Гадаадын аль нэг улс руу хөлсний ажил хийхээр явна. Тэндээ хугацаа дуусч харлана. Төд удалгүй баригдаж ирнэ. Мэдээж тухайн улсын өөрийнх нь нутаг дэвсгэрт мөрдөх хууль дүрмийг сахиагүй гэх үндэслэлээр хар дарна. Хэдэн сараас хэдэн жил хүртэл. Ингээд л манайхан буцахдаа хэн нэгний нэр усыг ашиглаж гадаадын улс руу зорчих болдог.Тэгэхдээ хуурамч нэрээр паспорт авч хил нэвтрэнэ. Хилийн дээс алхсан хүмүүс нэг хэсэгтээ сураг тасардаг гэсэн үг. Үүнд хуулийнхан хэрхэн хариуцлага тооцдог эсэх нь тодорхойгүй. Харин тэдэнд хил нэвтрэх, албан тушаалд ажиллах нөхцлийг хэн бүрдүүлж өгч байна вэ гэсэн асуулт гарч ирж байгаа биз. Мэдээж төрийн албаны эрх мэдэлтнүүд хуурамч паспорт гаргана. Саяхан даа нэг хэсэг дуулианы эзнээр тодорч хуурамч нэр зүсээр гадаад паспорт бөөндсөн 13 байцаагчид төр төмөр нударгаа үзүүлснийг уншигч та санах буй за. Баримт сөхвөл Иргэний бүртгэл мэдээллийн төвийн /хуучин нэрээр/ дарга асан А.Энхжав, Гадаад паспортын хэлтсийн даргаар ажиллаж байсан Н.Энхцогт, нарын 10 байцаагчийн хэргийг Сүхбаатар дүүргийн шүүх хэлэлцэж улсын яллагчаар Ё.Сагсай оролцож байв. Байцаагч нар 50 гаруй хүнд хэд хэдэн удаагийн үйлдлээр хуурамч паспорт гаргаж өгсөн нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон байдаг. Тухайлбал байцаагч А.Дүүрэнжаргал нэг удаагийн үйлдлээр бусдад хуурамч нэрээр гадаад паспорт олгосон ч энэ нь хуулиар хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр ял завшсан байдаг. Тэднийг эрүүгийн хуулийн 233.2 гэсэн зүйчлэлээр ялласан тодруулбал “хууль бусаар Монгол Улсын нутаг дэвсгэрт нэвтрэх хуурамч баримт бичиг тамга тэмдэг, хэвлэмэл маягт үйлдэх, ашиглах гэсэн зүйчлэл дотор “Хуурамч бичиг баримт ашиглаж аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд үлэмж хэмжээний хохирол учруулсан гэдгээр эсхүл энэ хэргийг давтан үйлдсэн бол гурваас дээш зургаан сар хүртэл эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэнэ” гэсэн заалтын дагуу шийтгэжээ Хэргийг шалгах явцад тус хэлтсийн хянал¬тын байцаагч Т.Эрдэнэбаяр хуурамчаар гаргасан гадаад паспорт 14, Н.Энхтуяа 19 ширхэгийг хянаж олгосон аж. Байцаагч Г.Баттогоо хуурамч гадаад паспорт гарган, хууль бусаар улсын хил удаа дараа нэвтэрсэн хэрэгт буруутгагджээ. Түүнийг Эрүүгийн хуулийн 233 дугаар зүйлийн 233.2 гэсэн зүйлээс гадна энэ хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2-оор ялласан байна. Дээрх баримтаас харахад Монгол Улсад хуурамч нэртэй хуурамч баримт бичиг үйлдвэрлэж байгаа хүмүүс бол төрийн албаны зарим нөхөд болж таарч байна. Хэн нэгний овог нэрийг ашиглаж эрдэнийн хувь хишиг хүртэж, эх орныхоо хилийн дээсийг алхаж, тэр ч бүү хэл төрийн өндөр албанд морилсон хүмүүсийн баримтыг тоочвол энэ өдрийг цаг хугацаа хүрэлцэхгүй биз. Юутай ч хуурамч хүнс, хуурамч бараа гэдэгт санаа зовниж байсан бол өдгөө хуурамч нэртэй хүмүүс олширлоо та минь.
Н.Түвшин