100 долларын нефть муугаар нөлөөлөхгүй

Хуучирсан мэдээ: 2010.12.27-нд нийтлэгдсэн

100 долларын нефть муугаар нөлөөлөхгүй

Бямба гаригт Кувейтийн Газрын тосны сайд Шейх Ахмад ал-Абдулла ал-Сабах мэдэгдэл хийж, нефтийн үнэ 100 ам.доллар байхад дэлхийн эдийн засаг ажрахгүй гэж хэлжээ. Өөрөөр хэлбэл Шатахуун экспортлогч орнуудын нийгэмлэг болох ОПЕК 2011 онд зах зээл дэх нефтийн хангамжийг нэмэгдүүлэх байх гэсэн хөрөнгө оруулагчдын хүлээлт бараг талаар болох шинжтэй болж байгаа юм. Нэгэнт газрын тосны үнэ тавдугаар сараас хойш 30 гаруй хувиар нэмэгдээд байгаа төдийгүй хэрэгцээ нэмэгдэж буйгаас болж импортлогч орнуудын эдийн засагт өндөр үнэтэй нефть бүтээгдэхүүн хохирол учруулах магадлал өндөр байгаа тул шинжээчдийн зүгээс тус нийгэмлэгийг олборлолтоо нэмэгдүүлж, экспортыг өсгөх байх гэж таамаглаж байсан юм. Сонирхуулахад ОПЕК нь дэлхийн газрын тосны нийлүүлэлтийн 40 гаруй хувийг эзэлдэг юм.

Баасан гаригт Лондоны бирж дээр Брент маркийн нефтийн үнэ арилжаа дуусах мөчид 93,46 ам.доллар болсон байна. Харин өдрийн арилжаанд 94,74 ам.доллар болсон нь 2008 оны аравдугаар сараас хойшхи хамгийн өндөр хэмжээ болжээ. Арабын нефть экспортлогч орнуудын тус салбарын удирдагчид Каир хотод амралтын өдрүүдэд уулзалт хийсэн юм. Харин энэ хурлын үр дүнд Газрын тосны сайд нар нефтийн хангамж хангалттай байгаа бөгөөд Европ дахь хүйтрэлээс болж л үнэ өсч байна гэсэн шийдвэрт хүрсэн байна.

Иракийн Газрын тосны сайд болон Ливийн Үндэсний нефтийн корпорацийн тэргүүн ч мөн адил 100 ам.долларын үнэтэй нефть дэлхийн эдийн засагт “боломжийн” гэдгийг хүлээн зөвшөөрсөн аж. Харин Катарын сайд Абдулла ал-Аттияа ОПЕК-ийг 2011 онд хангамжийг нэмэгдүүлэхгүй байх гэсэн мэдэгдэл хийсэн байна.

“ОПЕК 2011 оны зургадугаар сараас нааш нефтийн экспортыг нэмэгдүүлэхгүй байх. Үнэ тогтвортой байна шүү дээ” гэж тэрбээр хэлжээ.
Арабын экспортлогч орнуудын байгууллагын Каир хотод болсон уулзалтад ОПЕК-ийн гишүүн Арабын орнуудын сайд нар оролцсон аж. Тэдний дунд нефтийн үнийг тодорхойлогч гэгддэг Саудын Араб төдийгүй Тунис, Египет, Сири, Бахрайн зэрэг ОПЕК-ийн бус орнууд одоогийн үнийг хангалттай гэж үзэж байгаа гэдгээ мэдэгдсэн юм.

Гэвч одоогийн үнийн өсөлт дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн хямралыг дахин үүсгэж болзошгүй гэж зарим эдийн засагч үзэж байна. Хамгийн сүүлд нефтийн үнэ 100 ам.доллараас давахад дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн хямрал үүссэн. “Wall Street” дээрх хахууль, моргэжийн зах зээл дэх асуудал, тэр бүү хэл удирдлагаас гарсан өр ч энэ хямралд газрын тос шиг их нөлөөлөөгүй гэдэг. 2008 оны долдугаар сард нэг баррель нефтийн үнэ 147 ам.доллараас давсан. Хэдхэн сарын дотор дэлхийн хөрөнгийн зах зээл там болон хувирч, хөрөнгө оруулагчид асар их алдагдал хүлээж эхэлжээ. Олон улсын зах зээлд 147 ам.доллар болж өссөнийхөө дараа удалгүй 30-40 ам.доллар болж хямдарсан газрын тос санхүүгийн тэнцвэрт байдлыг алдагдуулсан.

Хэрэв нефтийн үнэ цаашид өссөөр байвал дэлхийн эдийн засагт улам л их нөлөөлөх болно. Харин нефть экспортлогчид үүнээс асар их ашиг олох юм. Харин шатахууны үнэ өсөхөөс эхлээд дэлгүүрт зарагдаж буй өдөр тутмын бараа бүтээгдэхүүний ч үнэ нэмэгдэхийн хэрээр ажилгүй иргэдийн тоо ч ихсэнэ. Нефтийн борлуулалт болон худалдан авалтын харьцаа хэдийнээ 2008 оны санхүүгийн хямралын өмнөх үетэй ижилхэн болоод байгаа гэж зарим эдийн засагч сануулж байгаа юм. Газрын тосны эрэлт 2010 онд тогтвортой өссөн бөгөөд ирэх онд ч энэ байдал үргэлжлэхээр байгаа. Харин баррель нефтийн үнэ 150 ам.доллар хүрэхээс өмнө ОПЕК хангамжаа нэмэгдүүлэх эсэх нь маргаантай. ОПЕК-ийн дараагийн хурал ирэх оны зургадугаар сард болох юм.

Саудын Арабын Газрын тосны сайд Али ал-Наим баасан гаригт одоогийн 70-80 ам.долларын үнэд сэтгэл хангалуун байгаа бөгөөд хуваариас өмнө дахин уулзалт хийх шаардлагагүй байгаа тухай хэлсэн. Мөн Египетийн сайд Самех Фахми одоогийн үнийн өсөлт нь Европ дахь хүйтрэлээс болж халаалтын тосны хэрэгцээ их буйтай холбоотой гэсэн байна.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж