Улсын төсвийн орлогын 70-80 хувийг дотоодын 1000 хүрэхгүй аж ахуйн нэгж татвараасаа бүрдүүлдэг байна. Энэхүү 1000 дотор үндэсний хэмжээний томоохон компаниудаасаа жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид илүү олон тоотой юм. Харин нэг сонирхолтой зүйл гэвэл тэдгээр жижиг, дунд үйлдвэрлэгчдэд шаардлагатай байгаа буюу бизнесээ өргөжүүлэхийн тулд хүсч буй зээл нь нийтдээ 800 орчим тэрбум төгрөг гэсэн судалгаа байх аж. Гайхалтай нь, энэ бол ирэх онд иргэдийн гар дээр хэсэгчлэн тараах гэж байгаа 805 тэрбум төгрөгийн хавьгүй үнэ цэнтэй, утга учиртай зүйл юм.
Энэ улс оронд төрийн алба хашихаас өөр байдлаар хүмүүс ажил эрхэлдэг нь үнэн л юм бол тэд нь бүгд хувийн хэвшилд, өөрөөр хэлбэл бор зүрхээрээ яваа жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарт ажиллаж байна. Гэтэл олон мянган хүнд ажлын байр, цалин хөлс олгож, түүгээрээ дамжуулан хэдэн зуун мянган хүнд байнгын орлого хуваарилж яваа хувийн хэвшлийнхэнд дэмжлэг алга. Ирэх оны төсвийн үрэлгэн зарлагатай холбогдуулан Төвбанк нь мөнгөний хатуу бодлогоо зөөлрүүлэх боломж алга гэж мэдэгдсэн энэ үед цагаа олсон үгсийн нэг нь энэ байж таарна.
Гэхдээ мөнгөний бодлогыг боловсруулагчид, хэрэгжүүлэгчдийг зэмлэхээс өмнө улс төрийн хүрээнийхний популист амлалт, харалган шийдвэрүүд улс орны хөгжлийг хэрхэн боомилж буйг шүүмжлэхийг зорьсон юм.
Мөнгөний бодлогын хатуу буулт
Мөнгөний бодлогын хэрэгслүүдээ өнөөгийнхөөс өөрчлөхгүй гэж Монголбанк төлөвлөж байна. Үүнд бодлогын хүү өнөөдрийн 11 хувиас өсөхгүй гэсэн сайн мэдээ, бас түүнээсээ буурахгүй гэсэн тааруу мэдээ хамтдаа багтаж байгаа хэрэг юм.
Төвбанкны бодлогын хүү инфляцийг барих арга хэрэгсэл гэж бодлого тодорхойлогчид үздэг. Өөрөөр хэлбэл, тэдний баримталж буй онолоор бол Монголбанк бодлогын хүүгээ нэмэхэд инфляци буурах сайн талтай, харин хүүг багасахад инфляци өсөх сөрөг талтай. Гэхдээ онолын энэ загвар Монголын нөхцөлд шууд тохирдоггүй гэж зарим мэргэжилтнүүд үздэг аж. Нэг үгээр бол Төвбанкны бодлогын хүү нь инфляцид үзүүлэх шууд нөлөө багатай гэж үздэг. Гэхдээ л жилийн жилд Төвбанк төрөөс баримтлах мөнгөний бодлогыг тодорхойлохдоо инфляциас сэргийлэх арга хэрэгсэл болгон бодлогын хүүгээ ашигласаар ирсэн юм.
Монголбанкны бодлогын хүү өндөр байхын хэрээр бизнес эрхлэгчдэд олгох арилжааны банкуудын зээл ховорддог, тэр хэрээр хүү нь өндөрсдөг зүйл тогтол бий. Энэ бол мэргэжлийн бус энгийн тайлбар бөгөөд Төвбанкны бодлогын хүү бизнес эрхлэгчдийг буюу эдийн засгаа боомилдог гэдэг дүгнэлтийн учир шалтгаан нь энэ юм.
Өнөөдөр Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн эргэлтийн нийт зээл 30 орчим тэрбум төгрөг байна. Энэ бол жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд шаардлагатай зээлийн дэргэд өчүүхэн бага бөгөөд амь залгуулах төдий арга хэмжээ юм. Гэхдээ уг сангаас авдаг зээл нь арилжааны банкуудын зээлтэй харьцуулахад хугацаа урттай, хүү багатай гэдгээрээ таатай нөхцөл. Мэдээж, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд арилжааны банкны зээл авах боломж бий ч барьцаа нөхцөл нь хатуу. Хугацаа богино, хүү нь өндөр. Харин Монголын нөхцөлд бизнес эрхлэхэд хүү бага, хугацаа урт зээл шаардлагатай байгаад байдаг. Үүнийг ч арилжааны банкууд хүлээн зөвшөөрч, “Бид бизнесийнхний хэрэгцээ, шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн гаргаж чадахгүй байна” гэж хэлдэг.
Эргэлтийн хөрөнгийн хомсдол, татварын дарамт, авлига… гээд хүндхэн нөхцөлд бизнес эрхэлж байгаа жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд ирэх онд Мөнгөний хатуу бодлого бас л үйлчлэх нь. Тэдэнд үүнээс гадна бас нэг айдас байна. Тэд иргэдийн гар дээр тараагдах бэлэн мөнгө инфляцийг хөөрөгдөж, үүнийг дагаад хүмүүсийн дунд цалин хөлс өснө гэдэг хүлээлт үүсэхээс айж байна. Төрийн албан хаагчдын цалин өсөх тоолонд хувийн хэвшилд ажиллагсдад цалингаа нэмүүлэх хүлээлт угаасаа үүсч байдаг. Үүн дээр мөнгөний үнэгүйдэл давхар хүлээлт үүсгэж, хувийн хэвшлийнхэн цалингаа нэмүүлэхийг шаардаж болзошгүй гэх таамаглал байгаа нь үнэн. Жижиг, дунд бизнес эрхлэгчид өнгөрсөн хорин жилд алдаа оноон дээрээсээ суралцаж, ажилтнууддаа хийж буйд нь таарсан цалин хөлс өгөхийг нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа гэж ухамсарладаг болсон байна. Харин тэдэнд өнөөдөр дэмжлэг үгүйлэгдэж байх шиг.
З.БОРГИЛМАА