Зөвхөн 2011 он ч биш, энэ оны сүүлчийн улирлыг мөнгөний хатуу бодлогын хүлээсэнд үдэж байгаа, бид. Оны эхэнд тараасан эх орны хувь хишиг нэртэй 70 мянган төгрөгийн балгаар инфляци өсөхөд Төв банк бодлогын хүүгээ 11 хувь болгосон. Бодлогын хүү өндөр байх нь бизнесийн орчин болон эх орны бүтээн байгуулалтад сөрөг нөлөө үзүүлдэг. Тэгэхээр ирэх жил бизнес, бүтээн байгуулалтын ажил мөн л мөнгөний хатуу бодлогын дор байх нь ээ.
Уул уурхайг дагаад Монголыг чиглэсэн хөрөнгө оруулалт жил ирэх бүр нэмэгдэх болсон. Ялангуяа энэ жил дотоодод ам.долларын урсгал нэмэгдэж, төгрөгийн өмнө үнэгүйдэж байгаа. Харин манай эдийн засагт гадаад валютын орох урсгалыг шингээх чадавх сул байгаагаас Монголбанк төгрөгийн ханшийг тогтвортой байлгах бодлогын хүрээнд зах зээл дэх илүүдэл валютыг татаж байгаа. Долоо хоногт хоёр удаа зохион байгуулдаг дуудлага худалдаагаар дамжуулан дээрх арга хэмжээг авдаг болсоор багагүй хугацаа өнгөрчээ. Ингэснээр өнгөрсөн аравдугаар сарын 30-ны байдлаар 1.8 тэрбум ам.доллар байсан Монголбанкны валютын нөөц хоёр тэрбум ам.долларт хүрчээ. Монголбанкнаас зарласан албан ханш оны эхнээс 14 орчим хувиар чангарсан байна. Харин бодит үйлчилж буй ханш аравдугаар сарын байдлаар 18.5 хувиар өсчээ. Ханшийн чангаралтыг судалж үзвэл, 67 хувь нь нэрлэсэн ханшийн чангаралтаас, 33 хувь нь инфляцаас хамаарчээ.
Монголбанк сард нэг удаа хэвлэлийн бага хурал зохион байгуулдаг уламжлалтай. Энэ оны хамгийн сүүлчийн мэдээлэл өнгөрсөн баасан гаригт болж, мөнгөний бодлогын цаг үеийн болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулсан нь энэ.
Б.БЯМБАА